Яамдууд Шилэн дансны хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ
Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй мэдээлж байгаа сайн талтай. Гэвч зарим байгууллагуудад Шилэн дансны шивэлтээ мартаад байна уу, аль эсвэл 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэхгүй байна уу гэдэг эргэлзээг төрүүлээд байгаа юм. Үнэндээ том төрөөс ухаалаг төрд шилжих анхны алхам Шилэн дансны тухай хууль болж байна. Яамдын хувьд энэ хуулийг тун сайн гэхгүй ч дундаж хэмжээгээр хэрэгжүүлж байна. 

Өмнө нь яамдууд Шилэн дансны хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хүргэсэн. Харин одоо үргэлжлүүлэн хүргэж байна. Яамдын олонх нь шилэн данс гэх цэсийг өөрийн байгууллагын цахим хуудастаа нээжээ.

Зам тээврийн яам- Тус яамны хувьд Шилэн дансны хуулиа боломжийн хэрэгжүүлж байна. Тус яамны хувьд нэгдүгээр сард Сангийн яамнаас 279 сая 756 мянга 200 төгрөгийн санхүүжилтийн орлого орж ирсэн байна. Харин байрны ашиглалтын төлбөр гэж 68 сая 689 мянган төгрөгийн зарлага гарчээ. Байр ашиглалтын төлбөр гэдэг нь өөрийн гэсэн байргүй төрийн байгууллагууд түрээсийн мөнгө төлдөг. Тиймээс түрээс, дулаан, усны төлбөрийг байр ашиглалт гэдэг нэрээр гаргадаг байна. Хоёрдугаар сард ихэвчлэн бүтцийн өөрчлөлт, байр ашиглалтын зардал, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж их гарчээ. Гэхдээ эдгээр нь аймгуудын Тээвэр авто замын газар луу шилжүүлжээ. Мэдээж бүтээн байгуулалт хариуцсан тус яамны хувьд авто зам засвар, гүүр засагдсаны гүйлгээнүүд гарсан байна. 

Уул уурхайн яам-Тус яамны хувьд нэгдүгээр сард Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй юу, таван сая төгрөгөөс дээш гүйлгээ гараагүй юу гэмээр тодорхой бус байна. Ямартай ч ямар ч гүйлгээ шивэгдээгүй байна. Харин хоёрдугаар сард хоёр удаагийн гүйлгээ шивэгдсэн байгаа бөгөөд эхнийх нь байр ашиглалтын буюу түрээс, гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр усны мөнгө болох 76 сая 976 мянга 600 төгрөгийн зарлага гарчээ. Мөн ЭШС-ны ажлын урьдчилгаа цалин гэрээ гэсэн утгатай 9 сая 900 мянгын гүйлгээг хувь хүний данс руу шилжүүлсэн байна. Харин гуравдугаар сард нэгдүгээр сарын санхүүжилт гэсэн нэртэй гүйлгээг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд руу шилжүүлсэн байх юм. 

Хөдөлмөрийн яам-Тус яам нэг болон гуравдугаар сард ямар ч гүйлгээ шивэгдээгүй байна. Харин хоёрдугаар сард дөрвөн гүйлгээ хийгдсэний гурав нь олон улсын гишүүнчлэлийн татвар гэж нийт 63 сая 225 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ хийгджээ. Үнэндээ ингэж олон улсын байгууллагын гишүүн байсны ач холбогдол, үр дүнгийн талаар иргэддээ тайлбарламаар юм. Тэгэхгүй бол улсын төсвөөс ийм их хэмжээний мөнгийг олон улсын байгууллагууд руу шилжүүлсний ач холбогдлыг олон хүн мэдэхийг хүсэж байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам-Нэг болон гуравдугаар сард ямар ч гүйлгээ шивэгдээгүй байна. Харин хоёрдугаар сард ихэвчлэн гурван сая дахь иргэнийг алдаршуулах, сурталчлах, гарын бэлэг өгөх зэрэгт нэлээдгүй зардал гарчээ. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн Х.Монголжин охин тодорсон. Мөн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнчлэн гурван сая дахь иргэний чацуутнаар нийслэл, дүүрэг, 21 аймгаас нийт 181 хүүхдийг шалгаруулсан билээ. 

Тэгвэл тус яамнаас гурван сая дахь иргэн болон тэдгээрийг алдаршуулахад нийт 178 сая 197 мянга 100 төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын 2014 оны 12-р сарын 22-ны 400 тоот тогтоолын дагуу 3 сая дахь иргэн болон чацуутнуудад олгох дурсамжийн гэрчилгээний үнэ 9 сая төгрөгийг Оргинал дизайн ХХК-д, 3 сая иргэнийг алдаршуулах арга хэмжээний ТВ-ийн сурталчилгаа, лед дэлгэц түрээсийн төлбөр 9 сая 984 мянган төгрөгийг Сипи медиа ХХК-д, 3 сая дахь иргэнийг алдаршуулах арга хэмжээний хулдаасан хэвлэл, слайд хэвлэлийн төлбөр 9 сая 392 мянган төгрөгийг Энхцэлмүүн Эмү ХХК-д, 3 сая дахь иргэн болон чацуутнуудын эхэд олгох батламжийн төлбөрт 7 сая 250 мянган төгрөгийг Ейс ХХК-д, 3 сая дахь иргэн болон чацуутнуудад олгох медалийн үнэ 6 сая төгрөгийг Сэлба сервис ХХК-д, 3 сая дахь иргэнийг алдаршуулах арга хэмжээний лого, шторк эх бэлтгэх, дүрсжүүлэх төлбөрт 5 сая төгрөгийг Креатив имидж ХХК-д 3 сая дахь иргэнд олгох тэтгэмж 70 сая төгрөгийг Монголжин Хатанболдод, 3 сая дахь иргэнийг алдаршуулахад зориулсан баримтат киноны зураг авах, архивлах үйлчилгээний төлбөрт 6 сая төгрөгийг Урбан Сити ХХК-д, 3 сая дахь иргэнийг алдаршуулах үйл ажиллагааны самбарын түрээсийн төлбөр 8 сая 871 мянган төгрөгийг Женерал медиа холдинг ХХК-д, 3 сая дахь иргэний чацуутан 181 хүүхдүүдэд олгох тэтгэмжид 40 сая төгрөг, 3 сая дахь иргэн болон чацуутанд олгох гарын бэлэгний үнэ 6 сая 500 мянган төгрөгийг Номин тав трейд ХХК-д Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас тус тус шилжүүлсэн байна.

Эрүүл мэнд, спортын яам- Тус яамны хувьд Шилэн дансны хуулийг тун муу хэрэгжүүлжээ. Аль эсвэл таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй юу тодорхойгүй байна. Гурван сарын хугацаанд ердөө хоёрдугаар сард мөнхийн тун ХХК руу гэрээний урьдчилгаа төлбөр гэж 106 сая 997 мянга 936 төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгөн дүн бол зөвхөн урьдчилгаа төлбөрийн өртөг. 

Хүнс хөдөө аж ахуйн яам-Тус яамны хувьд нэг ч удаа 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй бололтой. Учир нь гурван сарын хугацаанд нэг ч гүйлгээ шивэгдээгүй байна. Уг нь сар шинийн баяраар тодруулдаг сайн малчин, тэргүүний тариаланчдын шагнал энэ яаманд хамаатай баймаар. Тиймээс өөрийн яамны сайтаар нь дамжуулан Шилэн дансыг сонирхвол нэлээд олон орлого, зарлагын гүйлгээ хийгджээ. Харин shilendans.gov.mn сайтад ямар ч мэдээлэл шивэгдээгүй байна.

Эрчим хүчний яам-Тус яамны хувьд нэг, хоёрдугаар сард ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэл, бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмжийн дүнг шивжээ. Тухайлбал бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст гэж 16 сая 698 мянга 780 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин гуравдугаар сард алдагдлын татаас нэртэй гүйлгээг нэлээд хийсэн байна. Нийтдээ 4 тэрбум 603 сая 100 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ хийгджээ.

Ямартай ч Шилэн дансны албан ёсны сайт болох http://shilendans.gov.mn-ээс харахад ийм байна. Харин яам бүр өөрийн сайтдаа Шилэн данс гэсэн тусгайлсан буланг нээсэн байна. Ямартай ч албан ёсны вэб сайтад санхүүгийн гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан яам “Өдрийн од шиг” цөөхөн байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ewffw 2015-03-30 13:32:30
    nobshuud hulgaigaa baga nuugaaraa neg udur l shalgaj shorond hadaah bolno.
    112.72.13.157
    Мэдэгдсэн Хариулах