Монгол Улс Халамжийн төрөөс Хөгжүүлэгч төр рүү шилжих цаг болсон
Өчигдөр Хууль зүйн vндэсний хүрээлэнд “Төрөө урлахуй” эрдэм шинжилгээний хурал-хэлэцүүлэг болов. МҮАН, ШУА-ийн санаачилга, зохион байгуулалтаар болсон хуралд тус намын дарга М.Энхсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Академич Т.Дорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Уянга, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян, ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, Софиологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг гээд төрийн байгуулалтаар дагнан мэргэшсэн улстєрчид, эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Танхим дүүрэн энэ талын мэргэжлийн хүмүүс цугласныг харахад энэхvv хурал-хэлэлцүүлэг цагаа олсон, энэ хүрээний хүмүүсийн хүсэн хүлээж байсан арга хэмжээ гэдэг нь мэдрэгдэж байсан юм. Хурлын өмнөхөн МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Өнөөдрийн хурал- хэлэлцүүлгийн нэр нь “Төрөө урлахуй” гэж байна. Энэ нэрийг зүгээр ч нэг өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр энэ нэрийг бодож олсон тухайгаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Нэр томьёоны хувьд Монголчуудад жаахан шинэлэг сонсогдож байж магадгүй. Гэхдээ “Төрийг урлахуй” гэдэг нэр томьёо бол баруунд дэлгэрээд удаж байгаа л даа. Дэлхий дахинд энэ талаар хэлэлцэгдээд явдаг л асуудал юм. Английн Ерөнхий сайд байсан, ХХ зууны хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг Маргарет Тетчерийн “STATECRAFT” гэдэг төрийн бүтэц, онолын талаарх томоохон суурь судалгааны бүтээл байдаг юм. Товчхондоо энэ зохиолын нэрийг “Төрийг урлахуй” гэж буулгаж байгаа юм. Ер нь орчин үеийн төр яаж бий болсон юм, ямар хувьслын замаар явж ирсэн юм гэдгийг бид маш нарийвчлан судлах шаардлагатай. Тэгээд ч эдгээрийг танин мэдэх явдал нь өнөөдрийн Олон улсын харилцааг ойлгох суурь ойлголт юм. Дээр нь дэлхийн бүх улс орнууд өөрсдийн төрийг урлах асуудлаар, боловсронгуй болгох асуудлаар хоорондоо маш их өрсөлдөж байна.

Хэн энэ түвэгтэй өрсөлдөөний урд нь гарч чадна тэр улс илүү эдийн засгийн хүчин чадлыг олж авч чадна. Тийм учраас бид бүхэн эдийн засгийнхаа хөгжлийн талаар санаа зовж л байгаа бол төрийг урлах асуудлыг давхар бодож, эн тэргүүнд тавихаас єєр арга байхгүй. Явж явж бүх л асуудал төрөөс хамаарч байна шүү дээ. Өнөөдөр амин чухал болоод байгаа энэ асуудалд улстөрийн намууд, улстөрчид, эрдэмтэн мэргэд, судлаачдын анхаарлыг хандуулахын тулд өнөөдрийн хурал-хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

-Яг өнөөдөр яагаад “Төрийг урлах” шаардлага урган гарч ирлээ гэж үзэж байна вэ. Төрийг урласнаар Монгол Улсад ямар үр дүн авч ирэх юм бол?

-Товчхон хэлэхэд өнөөдөр дэлхий даяар тогтчихсон байгаа төрийн хэв шинжийг ерөнхийд нь “Халамжийн төр” гэж байгаа юм. Халамжийн төр гэдэг нь тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн үдийн хоол, тахир дутуу хүмүүсээ хамгаалах, цэрэг, эмнэлэг гээд бүх төрлийн халамжийн системийг хэлж байгаа юм. Үндсэндээ улс орон болгон халамжийн төртэй хэрнээ яг яаж халамжлах вэ гэдэг асуудал байнга үүсдэг.

Түүнээс гадна төрийг боловсронгуй болох асуудал юутай тулгарчихаад байгаа вэ гэвэл иргэддээ халамж үзүүлж чадах эдийн засгийн хүчин чадлаа бие даагаад бий болгож чадаж байна уу гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр дэлхийн олон оронд эдийн засгийн дээрх хүчин чадлаа бий болгож чадахгүй байгаагаас шалтгаалан янз бүрийн хүндрэл үүсч, ерөнхийдөө халамжийн төрүүд эдийн засаг, санхүүгийн хувьд дампуурах чиглэлд хурдацтай шилжиж байна. Тэрний тоонд Монгол багтах байх. Тэгэхээр бидэнд туйлын зохистойгоор төрөө урлах асуудал зүй ёсоор босч ирчихээд байна. Байдал ийм байгаа тул энэ талаар нухацтай ярилцах, зохих гарцаа олж шийдвэрүүдээ гаргаад явахын тулд л маш сайн нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгаа юм.

өрийг зохистойгоор урлана гэдэг нь чухам яахыг хэлээд байна?

-Эрдэмтэн, мэргэд, мэргэжлийн хүмүүс энэ талаар дагнан мэргэшсэн улстөрчидтэйгөө суугаад харилцан ярилцахаар ямар ч гэсэн зохих дүгнэлт, шинэ санаа бодлууд гарч ирэх нь дамжиггүй. Энэ нь өөрөө их өргөн утгатай асуудал юм л даа. Ойлгоход арай дөхмийг нь бодож тайлбарлавал өнөөгийн ертөнцөд тогтсон орчин үеийн төрийн үүсэл, төрлийг гурван ангилалд оруулан ойлгож байгаа юм. Орчин үеийн төрийн анхдагч нь Үндэстэн төр байсан бол тэр нь яваандаа Либерал төр болж, өнөөдөр Халамжийн төр болон хувирсан. Гэхдээ энэ бүгд өөр хоорондоо уялдаатай, нэг нь нөгөөгөөсөө урган гарсан байгаа юм. Гол нь төр өөрөө амьд организм юм. Өсдөг, бождог, томордог, хөгждөг, эцэс сүүлд нь унадаг амьд организм гэж ойлгож болно. Хөгжлийн дотоод эх шалтгаантай. Хэн нэгний хүсэл зоригоос үл хамаарна гэж ойлгох нь их чухал юм.

Монголын тухайд бид өнөөдөр ямар төртэй вэ гэдгээ онолын хувьд зөв харж, таньж мэдрэх нь маш чухал байгаа юм. Монгол Улсын нэн орчин үеийн түүхийг эргэн харвал бид социалист халамжийн төртэй байсан бол өнөөдөр Ардчилсан халамжийн төртэй болсон байна. Тухайлбал 1990 оноос өмнөх болон өнөөдөртэйгөө жишээд маш олон харьцуулалт хийж болно. Нөгөө талаар бүх төрлийн халамж хамгийн том улстөр байснаас биш эдийн засгийн хөгжлийн асуудал хэзээ ч том улстөр байсангүй өнөөдрийг хүрээд байгаа. Энэ нь улстөрийн тогтолцоотой холбоотой бөгөөд тэр нь эргээд төрийн бодлого популизмд автах нөхцлийг бий болгоод байгаа юм.

-Одоо тэгээд энэ буруу, гаж тогтолцооноосоо яаж хамгийн хурдан, хохирол багатай гарах вэ?

-Төр нь иргэншлийн хэрэгсэл болдог. Энэ талаас нь харвал Монгол төр их амжилттай яваад байгаа мэт харагддаг. Сум болгон руу цахилгааны шугам татаж, аймаг болгоноо Улаанбаатар хоттойгоо засмал замаар холбоод, сум бүрт суварга босгож, газар бүрт тахилгатай уул овоо бий болгож, сайд дарга нар нь очиж наадам, найр үүсгээд л. 6000 бөх барилдуулж, 4000 морь уралдуулан Гиннесийн номд бүртгүүлээд ханахгүй 1000 морин хуурч тоглуулж, дэлхийд хамгийн том морин хуур бүтээхээр шамдаад л. Гэтэл хөгжлийн талаас нь харвал чадамж нь үлэмж доройдсон байдалтай байгаа. Тийм болохоор л төрөө шинээр урлах зорилгыг “Халамжийн төрөөс Хөгжлийн төр өөд” гэж томьёолох цаг болоод байна.

Төрийг шинээр урлах асуудлын цөм нь хөгжил байх хэрэгтэй юм. Төрд хамаарахгүй асуудал гэж байхгүй. Гэвч тэр олон асуудлаас үндсэн асуудалдаа тэргүүн зэргийн ач холбогдол өгөх хэрэгтэй болоод байна.

-Монгол Улсад эдийн засгийн хямрал нь улстєрийн хямралтай хос­ломол шинжтэй болчихоод даамжирсаар байна. Үүнээс гарах гарцыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэх зэргээг олон янзаар харж, тайлбарлаж байгаа. УИХ-д суудалтай намын даргын хувьд энэ асуудлыг аль талаас нь харж байгаа вэ?

-Ер нь хамгийн гол асуудал нь төрийг шинээр урлах асуудал л байгаа юм. Харин төрийг дахин урлах нь Үндсэн хууль, бас бус зүйлтэй холбоотой. Энд би УИХ-ын гишүүдийн “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн тангаргын үгийг давтахыг хvсч байна. Өөрөөр хэлбэл улстөрийн бүх л асуудлын гол цөм нь төрийн тухай асуудал юм. Тийм учраас улстөрчид хэзээ алжаадаг юм, хэзээ төр нь алдардаг юм гэдгийг онолын хувьд маш зөв ойлгох нь л хамгийн чухал болоод байна.

-Тэгвэл өнгөрсөн 25 жилд төрөө урлаж чадаагvй л яваад байсан хэрэг болж байна уу?

-Арай ч бас тийм биш юм. Алдаж, оносон ч бидэнд хүрсэн зохих түвшин бий. Харин цаашдаа улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Би сая хэлсэн шүү дээ. Төр гэдэг бол амьд организм аа гэж. Тийм болохоор өсдөг, хөгждөг бойждог. Хэрэв буруу яваад байвал унадаг, мөхдөг. Хамгийн гол нь бид амьд организм талаас нь харж шинэ үзэл баримтлал, онолоор асуудалд хандах шаардлага урган гарч ирчихээд байна. Дэлхий дээр байгаа 200 гаруй орон ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, улс орноо өөд татахын тулд төрийг урлах уралдаанд оролцож байгаа. Энэ бол эцсийн эцэст аливаа төрүүдийн чадавхи, чадамжийн талын уралдаан, тэмцэлдээн юм. Өнөөдрийн технологийн дэвшил, даяарчлал нь хүн бүрийг илүү бие даасан, хэнээс ч хамааралгvй болгож байна. Хүмүүсийн төрөөс хамааралгүй хийж байгаа үйлдлүүдэд хил хязгаар байхгүй боллоо.

Энэ үйл явц нь аливаа тусгаар төрүүдийн бат бэх байдал, дангаарчлалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг дэлхий дахины судлаачид тэмдэглэн хэлсээр байна. Ялангуяа эдийн засаг нь уул уурхайд суурилсан, уул уурхайн үндэстэн дам­насан кор­порациуд, дэлхийн томоохон син­дикатууд, глобал тоглогчид, томоохон төрүүд, хөрш орнууд, гуравдагч хөршүүдээс хамааралтай Монгол Ул­сын хувьд илүү томоохон сорилтууд бидний өмнө тулгараад байгааг сайтар анхаарах цаг болжээ. Энэ бүгд нь Монгол төрийг улам цэгцтэй, чанд бодлоготой, ухаалаг,чадварлаг, залгамж чанартай байхыг шаардаж байна. Чухамдаа төрийг урлах, Монгол төрийг чадавхижуулах талаар олон талаас нь нухацтай хэлэлцэх, улстөрийн намууд, улстөрчид, эрдэмтэн мэргэдийнхээ санаа бодлыг сонсохоор өнөөдрийн хурал- хэлэл­цүүлгийг зохион байгуулж байгаа нь ийм учиртай. Товчхондоо “Хөг­жүүлэгч төр”-тэй болоход юунд илүүтэй анхаарах ёстой юм гэдэгт энэ хэлэлцүүлгийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүгээрээ Монгол Улс “Халамжийн төр”-өөс “Хөгжvvлэгч төр” рүү шилжих цаг болсныг ч давхар сануулж байгаа хэрэг юм.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irbes 2015-03-26 16:33:32
    tord maani mongol xvn bna uu chalgaad ogooch
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • irbes 2015-03-26 16:25:52
    chi er ni xen be enxsaixan bi chamaig oilgoxgvi bna
    112.167.38.116
    Мэдэгдсэн Хариулах
  • 3333 2015-03-26 09:07:09
    үхсэн хатсаны чинь халамжийн төр
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • mglchuud 2015-03-26 07:46:27
    HUGJUULEGCH ENE TER NI YAAHWEEE ARD IRGED NI HUNII UG SONSOOD AJIL HIIJ SURAASAI, DUUNAAR BOSOOL SUUGAAL
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах