Ширээний теннис тоглож эхлэх үед Монголд надаас өөр солгой тамирчин байгаагүй
Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор ширээний теннисний ОУХМ Э.Лхагвасvрэнг урьлаа. Тэрбээр ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа аваргалсан нэгэн юм.
 
 -Ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа тэргvvлсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хvргэе. Энэ амжилтад хvрэхийн тулд анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн юм бол?
 
 -“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт уригдсандаа маш их баярлалаа. Миний хувьд анх 11 настайгаасаа өмнөд Солонгосын тамирчин, Азийн аварга Пак Чен Хог Монголд ирсэн байх vед нь багш, шавийн барилдлагатай болж, ширээний теннис сонирхож, тоглож эхэлсэн. Vндсэндээ 1999 оноос гэсэн vг. Тэгээд 2002 онд 14 настайдаа дэд мастер, 2005 онд анх улсын аварга болж, болж, спортын мастер цол хvртэж байсан. Дараа нь 2013 онд дахин улсын аваргад тvрvvлж, энэ жил гуравдахиа тvрvvлж байгаа нь энэ.
 
Одоо бол Галбадрах багшийн удирдлагад байдаг. Багш маань өмнө нь улсын аваргын тэмцээнд гурван удаа тэргvvлж байсан хvн. Би энэ амжилттай нь зэрэгцэж ирсэндээ маш их баяртай байгаа. Ер нь аливаа амжилт хэзээ ч ганц хvнээс шалтгаалдаггvй. Өнөөдөр аварга болсон маань манай гэр бvлийнхэн, тэр дундаа аав маань, багш, найз нарын маань хичээл зvтгэл тус дэм. Тиймээс та бvхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна.
 
-Энэ жилийн тэмцээн өмнөхvvдээс нэлээд онцлог болсон гэж сонссон юм байна?
 
 -Ерөнхий шvvгчээр олон улсын шvvгч Э.Мөнхбилэг ажилласан. Дэлхийн цомын аваргын финалын тоглолтыг шvvж байсан хvн. Мөнхбилэг маань бvх зvйлийг олон улсын стандартын дагуу зохион байгуулсанд, vзэгчид хэдэн өдөр заал дvvрэн ирж биднийг дэмжиж байсан зэрэгт баярлалаа гэж хэлмээр байна. Энэ болгон энэ удаагийн тэмцээний онцлог. Мөн залуучууд их оролцсон. 14 настай Эрдэнэбаяр маань рекорд тогтоолоо. Ингээд тоочвол их зvйл бий.
 
-Эрэгтэй хvvхэд бөх, бокс гээд өөр спортын төрлийг сонирхож болох л байсан байх. Яагаад заавал ширээний теннисийг онцолсон юм бэ?
 
 -Аав маань ширээний теннис их сонирходог учраас гэрт ракет, бөмбөг зөндөө байдаг байсан. Би тvvгээр нь байнга л оролдож байдаг. Магадгvй аавд миний тэгж байгаа нь мэдрэмжтэй санагдсан юм болов уу даа. Анх энэ спортод хөтөлж байлаа. Ширээний теннис бол бусад спортыг бодвол мэдрэмж маш их шаарддаг.
 
 -Мэдээж теннисчин хvний хамгийн чухал зvйл ракет. Өөрийн тань хувьд анхны ракет гэдэг нэлээд дурсамжтай байдаг байх гэж бодогдож байна?
 
-Миний анхны ракет одоо ч байгаа. Анх Л.Баярмагнай ахын хуучин ракетыг худалдаж авч, тоглож байсан.
 
-Сонирхогчдын хувьд таарсан ракетаараа л тог­лочихдог. Харин мэргэжлийн тамирчид ямар ракетыг онцолдог юм бол?
 
 -Тамирчид тоглолтын арга барилаасаа шалтгаалан ракет, резинээ сонгодог. Ерөнхийдөө ракетыг Ази, Европ барилт, резинийг нь гөлгөр, барзгар гэж ангилдаг. Харин тоглолтын арга барилыг довтолдог, хамгаалдаг гэж хуваадаг. Нарийвчлан тайлбарлавал маш олон ангилж болдог. Миний хувьд Европоор барьдаг, хоёр талдаа гөлгөр резин ашигладаг. Хурдан хугацаанд довтолж оноо авдаг арга барилтай. Одоо Японы “Butterfly” фирмийн “Viscaria” гэдэг мод, “Tenergy 05 FX” резинтэй. Хvмvvс энэ модыг тэр бvр барьдаггvй.
 
-Цохиур болон резиний сонголт тухайн тамирчны арга барилтай холбоотой байх нь ээ?
 
 -Тийм ээ, би 2005 онд улсын аварга болсноос хойш хэсэг хугацаанд сургууль, номын мөр гээд спортоо тvр орхиж, завсарласан. Эргээд 2011 оноос тоглох vед Олон улсын ширээний теннисний дvрэм vзэгчдэд сонирхолтой болгох vvднээс өөрчлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл хэт хурдан харилцаж байгаа нь vзэгчдэд ямар ч сонирхолгvй байна гэж vзсэн. Тэгээд цавуу, резин, мод гээд ихэнхийг нь өөрчилчихсөн. Гэтэл би энэ талын ойлголт байдаггvй. Тэр vед багш болон найзуудынхаа санал болгосон мод, резинийг бариад ер дасан зохицохгvй байсан. 2012 онд Дэлхийн аваргын багийн тэмцээнд оролцсон. Бид тавдугаар тvвшинд аваргын төлөө тоглох vед ракетны маань резин урагдчихсан байсан.
 
Олон улсын тэмцээнд жаахан л сэтэрсэн байвал тоглуулахгvй шvv дээ. Тэр vед манай багийн, миний багын найз Алтантулга “Viscaria”-гаар тоглож байсан. Тvvнийг нь бариад тоглосон чинь тун дажгvй санагдаж байсан. Тэгээд эргэж ирээд энэ их тохиромжтой гэж vзсэн л дээ.
 
-Өөрийн тань хувьд солгой барьдаг. Ер нь аль гараараа тоглож байгаа хvнтэй өрсөлдөхөд амар байдаг вэ?
 
-Миний хувьд баруун нь арай амар байдаг. Намайг анх ширээний теннис тоглож эхэлж байхад Монголд надаас өөр солгой хvн байгаагvй.
 
 -Тэгвэл солгой хvнтэй тоглож байгаагvй гэсэн vг vv?
 
 -Хэсэг хугацаанд тэгсэн шvv. 2002 онд Азийн наадамд очоод хойд Солонгосын тамирчтай таарсан. Яг тоглох гээд гараад ирсэн чинь өнөөх маань солгой байдаг байгаа. Би ч багшид хэлсэн. Тухайн vед зоригжуулаад л гаргасан байх. Одоо бодоход их инээдтай байдаг юм.
 
 -Спортын тоног төхөөрөмж, хэрэгсэл чамгvй vнэтэй байдаг. Ширээний теннисний хувьд хэр вэ?
 
 -Манайх бусад спортынхтой харьцуулвал гайгvй ээ. Ракет 200 гаруй мянга орчим, резин нь 50 ам.доллар.
 
-Зарим хvний хувьд спор­тын төрлvvдээс шалтгаалаад бэлтгэл нь өөр гэж боддог л доо. Та нарын хувьд хэр их бэлтгэл хийдэг вэ?
 
 -Тамирчид өдөрт 20-30 км гvйнэ. Ялангуяа ойрын зайнд хурдтай гvйнэ. Яг тэмцээний өмнөх бэлтгэлийн vеэр маш их ядардаг. Ерөнхийдөө хурдны буюу биеийн хvчний, сэтгэл зvйн, тоглолтын тактик буюу арга барилын дасгалууд хийдэг. Эдгээрийг нэгэн зэрэг эзэмшиж чадвал нэг л өдөр амжилтад хvрнэ. Багш нар маань ч тэгж сургасан. Vндсэндээ салюттай зvйрлэж болно л доо. Гурван талаас явж байгаа нэг цэгт уулзаад гэнэтийн тэсрэлт хийдэг гэсэн vг.
 
 -Клубvvд өөрийн гэсэн болом­жоороо vйл ажил­лагаагаа явуулсаар ирсэн. Тамирчны хувьд олон улстай харьцуулахад манай улсад энэ спорт хэр хөгжиж байна гэж харж байгаа вэ?
 
 -Өмнөх vеvдийг бодвол хөгжиж байгаа шvv. Бид анх 2006 онд Дэлхийн аваргын багийн дөрөвдvгээр тvвшинд гуравдугаар байранд орж байсан. Тvvнээс хойш бусад багуудын хувьд сайжирсан. Харин манай тамирчдын ур чадвар бага зэрэг зогсонги байдалд орчихоод байгаа. Улам бvр хөгжvvлэхийн тулд боловсон хvчнээ бэлтгээд, санхvvжилтийг нь шийдвэрлээд өгчихвөл манай тамирчид олон улсад гараад л ирнэ.
 
Манай улсад энэ спортыг хөгжvvлвэл их vр дvн гарах байх шvv. Социализмын vед хvн бvр ширээний теннис тоглодог байсан гэдэг шvv дээ. Тэгвэл одоо ч аль нэг байгууллага спортын арга хэмжээ зохион байгуулахдаа ширээний теннисний төрлийг заавал оруулсан байдаг. Олон улстай харьцуулахад бараг хvн бvр тоглож чадах байх гэж боддог юм.
 
 -Өөрийн тань хувьд дэлхийд чансаагаараа 453-т бичигддэг. Энэ амжилтыг урагшлуулахсан гэсэн бодол байдаг биз?
 
 -Тэгэлгvй яах вэ. Одоогоор дэлхийд 1200 орчим тамирчин данстай байдаг. Тэдгээр тамирчин шиг бvх зvйлээ орхиод зөвхөн энэ спортын төлөө хичээвэл илvv амжилт гаргах боломж бий. Миний хувьд л гэхэд хичээл, ажлынхаа завсраар л бэлтгэл сургуулилт хийгээд, тэмцээнvvддээ оролцож байна. Дэлхийн тамирчид 10 цаг тоглох ёстой байдаг бол манайхан 3-4 цаг л тоглож байх жишээтэй. Хэрвээ бvр багаас нь бэлтгээд, бvх асуудлыг нь шийдвэрлээд явбал хэсэг хугацааны дараа эхний 100-д багтах, цаашлаад медаль авах боломжтой нь харагдаад байгаа юм.
 
-Тамирчин бvрийн хамгийн хэцvv асуудал нь олон улсын тэмцээний зардал байдаг. Ширээний тен­ниснийхэн хэр­хэн шийд­вэрлэж байгаа вэ?
 
-Нэг vеэ бодвол харьцангуй гайгvй болсон шvv. Чухал тэмцээнvvдэд оролцох тамирчдын зардлыг аж ахуйн нэгжvvдээс даагаад байдаг болсон. Холбооны зvгээс зөв менежментээр явбал илvv амжилттай болох байх. Мэдээж бvхнийг нэг дор шийдвэрлэнэ гэдэг хэцvv байх л даа. Холбооны хувьд маш их ажил хийж байгаа. Тэрний хvчинд манай баш нар болон ах нарын vеийг бодвол заалтай болчихоод бэлтгэлээ хангах боломжтой болчихсон л явж байна.
 
-Анх ширээний теннис рvv уруу татсан аавтайгаа одоо хэр тоглож байна?
 
-Миний хувьд одоо мэргэжлийн тамирчин. Аав маань сонирхогч. Тийм болохоор аавтай тоглохдоо би 6 оноо өгч эхэлдэг. Ерөнхийдөө 2004 оноос эхлээд аавд оноо өгч тоглодог болчихсон. Тэрнээс өмнө нь ана мана л тоглодог байсан.
 
-Сая Монгол Улсын ширээний теннисний 49 дэх удаагийн аварга тодорсон. Ирэх жил 50 дахь удаагийн аваргаа шалгаруулна. Тэгэхээр бэлтгэл нэлээд хангах vvрэгтэй байгаа байх. Завсар нь олон улсын тэмцээнvvд хэр олон байгаа вэ?
 
 -Дөрөвдvгээр сарын сvvлээр Дэлхийн аварга болно. Дэлхийн аваргын тэмцээн нэг жилд нь ганцаарчилсан, дараагийн жилд багийн гээд явчихдаг. Манай улсын хувьд ганцаарчилсан төрлөөр гарч ирнэ гэдэг жаахан хэцvv. Тиймээс бид багийн тэмцээнд нэлээд ач холбогдол өгч оролцдог. Энэ жил Азийн аварга болохгvй учраас зарим орны нээлттэй тэмцээнvvдэд оролцох байх.
 
-Ширээний теннисээр хичээллэхийн тулд хамгийн тvрvvнд ямар шалгуур давах хэрэгтэй вэ?
 
 -Намайг анх клубт ороход шалгаж авч байсан. Хамгийн тvрvvнд огцом хурдтай, хараа сайн, авахаалж, самбаатай, хурдан сэтгэдэг байх хэрэгтэй байдаг. Багш нар бусад тамирчнаас илvv байлгахын тулд эдгээрийг маш их анхаардаг.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.