Хөдөө аж ахуйн салбарт үгүйлэгдсэн “барьцаа хөрөнгө”
Өнгөрсөн долоо хоногт “Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт” зөвлөгөөн болж олон улсын санхүггийн болон салбарын төлөөлөгчид оролцсон. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын ДНБ-ний 13 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэвч илүү их хөгжихийн тулд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай төдийгүй санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа аж.

Зөвлөгөөнд оролцогчдын хувьд энэ удаагийн үйл ажиллагаа нь салбарын ирээдүйд чухал шаардлагатай жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон банк, санхүүгийн байгууллагынханд чамгүй шинэлэг ололтой талыг бий болгох боломжтой гэж үзэж байлаа. Тэр ч утгаараа зөвлөгөөнд ирсэн зочид ХАА-н салбарын санхүүжилт болон хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн харилцааг зохицуулах талаар илтгэл тавьсан юм.

Эдгээрээс Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн дарга С.Батмөнхийн илтгэл олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Зөвлөгөөний үеэр түүнтэй уулзаж ярилцсан юм.

С.Батмөнх: ХАА-н салбар банк болон барьцаа хөрөнгийн шаардлага хангах аж ахуйннэгж маш ховор

-ХАА-н салбарт санхүүгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх гэдэг итгэл ирсэн оролцогчдын анхаарлыг нэлээд татаж байна.

-Бид зөвхөн ХАА ч биш, ер нь санхүүгийн салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг бий болгохыг зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл ХАА-н салбарт байгаа их хэмжээний хөдлөх хөрөнгийг санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авдаг болох арга замыг шийдвэрлэх байх гэж харж байгаа юм. Ингэснээр газар тариалан эрхлэгчид болон фермерүүд өөрт байгаа хөдлөх хөрөнгөө барьцаалаад санхүүгийн байгуулагаас зээл, санхүүжилт авах боломж бүрдэнэ.

-Энэ талын хууль эрх зүйн орчин нь сул учраас санхүүгийн байгууллагуудад итгэл үнэмшил төрдөггүй байх л даа?

-Мэдээж энэ чиглэлээр ажилласан. Хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлага эхний ээлжинд тулгарсан. Тиймээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийн тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулагдаад УИХ-ын түвшинд өргөн барьсан. УИХ-аас ажлын хэсэг гаргаад хуулийн төслийг эцэслэн, хаврын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа.

-Хууль батлагдсан ч хэрэгжүүлэх явцад нэлээд асуудал, хүндрэлүүд гардаг. Тэгэхээр танилцуулахаас эхлүүлээд багагүй ажил ундрах нь ээ?

-Бидний харж буйгаар хаврын чуулган эхлэхээс өмнө санал асуулга, хэлэлцүүлгийг нэг, хоёр удаа зохион байгуулах, хууль батлагдсан ч сурталчлахын тулд олон нийтийн ажлууд нэлээд хийгдэнэ. Яагаад гэхээр хэдий хууль батлагдсан ч барьцааны хөрөнгийг бүртгэдэг онлайнд суурилсан систем бий болгох юм. Мэдээж шинэ ажил эхлүүлж байгаа учраас оролцогч талууд буюу санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж өргөн хэмжээний мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх талын бэлтгэлийг хангаж, саадгүй ашиглахад бэлэн болгох учиртай. Тэгэхээр хууль батлагдахаас эхлээд багагүй цаг хугацаа шаардагдах байх.

-Нэгэнт өнөөдөр ХАА-н салбарын санхүүжилтийг хэрхэн зохицуулах асуудлыг хэлэлцэж байгаа болохоор одоогийн нөхцөл байдалд дүгнэлт хийсэн байгаа байх?

-Энэ талын мэдээлэл банк, санхүүгийн байгууллагад илүү дэлгэрэнгүй байгаа болов уу. Бидний дүгнэснээр санхүүгийн байгууллагынхан ХАА-н салбарынханд өөрсдийнхөө эх үүсвэрээс тэр бүр зээл олгох сонирхолгүй байдаг. Банк болон барьцаа хөрөнгийн шаардлага хангах аж ахуйн нэгж маш ховор бөгөөд энэ салбар өөрөө маш эрсдэлтэй. Өнөөгийн байдлаар ХАА-н салбарын санхүүжилт нь Засгийн газар болон бусад байгууллагын төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлүүд байдаг.

-Олон улсын түвшинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

-Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ХАА-н нийлүүлтийн сүлжээг төгс утгаар нь нь ашигладаг. Тэр нь гол оролцогчид нь санхүүжилтээ өгөөд явчихдаг систем. Бидний энэ ажил ч гэсэн мөн Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээг ашиглахыг хичээж байгаа. Хамгийн түрүүнд хуулиа батлуулах шаардлагатай.
Бид мөн ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болгож Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэлтэй ярилцсан.

О.Амарцэнгэл: Ямар ч эх үүсвэрийг банкуудад байршуулахаар жижиг, дунд фермерүүдэд хүртээлгүй болчихдог

-Энэхүү зөвлөгөөний эцэст ХАА-н салбарын ирээдүй улам бүр хурдацтай хөгжих боломж нээгдэх байх гэж бодож байна. Энэ “тогоонд” чанагдаж байгаа хүний хувьд зөвлөгөөний үр дүнг хэрхэн харж байна вэ?

-ХАА-н салбарт ихэвчлэн жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ийм жижиг байгууллагуудад хамгийн нэн тэргүүнд тулгамддаг асуудал бол санхүүжилт. Мэдээж томоохон аж ахунй нэгжүүд бол үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад дуртай газраасаа, хүссэн хэмжээний зээлээ аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Төр засгаас ч гэсэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршууллаа гэхэд жижиг дунд цермерүүд очоод зээл авах гэхээр үл хөдлөх хөрөнгийн барьцаа нэхээд суучихдаг. Ийм байдлаас л болж энэ салбарт хөгжихгүй гацчихаад байгаа юм. Сүүлийн үед энэ гацааг гаргахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэлээд хүчин чармайлт тавьж байна.
Өнөөдрийн энэ зөвлөгөөнийг Голомт банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд салбарт үйл ажиллагаа явуулдаг оролцогч талууд бүгд оролцож байгаагаараа давуу байдалтай байна. Ингэснээр дээр хэлсэн гацаанаас гарах арга замыг боловсруулахад нэг алхам урагшлах нь гэж дүгнэж байгаа.

-Танай холбоонд бүртгэлтэй хэдэн аж ахуйн нэгж байдаг вэ. Тэд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг бол?

-Манай холбоо бол нийслэл болон Дархан, Эрдэнэт орчмын иргэдийг сүүгээр хангадаг фермерүүдийг нэгтгэж, зохион байгуулалттай болгосон холбоо. Бид холбоогоо байгуулснаас хойш маш эрчимтэй хөөцөлдөж байгаа. Бид хуучин ҮХААЯ-тай хамтарч “Чингис” бондын эх үүсвэрээр фермийн аж ахуйг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр шийдүүлж байсан. Анх энэ бол амжилт гэж бодож байсан ч одоо эргэлзэхэд хүрсэн. Яагаад гэвэл тэрхүү эх үүсвэрийг мөн л банкуудад байршуулсан учраас жижиг, дунд фермерүүдэд хүртээлгүй болчихож байгаа юм.

-Тэднийг санхүүжилттэй болгохын тулд хэрхэх нь хамгийн зөв, зүйтэй алхам хийх?

-Жижиг, дундынхандаа санхүүжилтийг хүртээмжтэй олгох, зээлийн барьцааны дарамтгүйгээр бага хэмжээний зээл олдоод, түүгээрээ аж ахуйнхаа эдийн засгийн үр ашиг, өгөөжийг эрс дээшлүүлэх боломжийг хайн төсөл боловсруулж, бодлого гаргачихсан. Түүндээ эх үүсвэр эрэлхийлсээр байгаа. Зөвлөгөөнд оролцогчидтой уулзаж, санал солилцлоо. Зарчмын хувьд бүгд дэмжиж байна.

Илтгэлүүд дээр олны анхаарлыг татаж буй хөдлөх хөрөнгийн барьцааны тухай асуудал бол бидний бэрхшээл болчихоод байгаа. Дээрх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх гэж яриад байна. Уг нь хоёр жилийн өмнө бэлэн болчихсон гэж байсан. Тэгэхээр нэлээд удаашралтай явагдаад байна уу гэсэн бодол төрж байна. Энэ салбарын жижиг, дундынханы санхүүжилт авах, хөл дээрээ босох ганц арга нь л хөдлөх хөрөнгө гэдгийг олон улсад баталчихсаныг шийдвэр гаргах түвшнийхэн мэдэж л байгаа. Бидний хувьд банкны зээлээс өөр санхүүжилт авах боломж байхгүй шүү дээ. Өнгөрсөн жил ХАА-н салбарын нэг зөвлөгөөний үеэр тоног төхөөрөмжийн түрээсийн талаар яригдаж байсан. Тэр бол их боломжийн санал. Өөрөөр хэлбэл худалдаж авч буй хөдлөх хөрөнгөө барьцаалаад эргэлтэд оруулж байгаа болохоор банкны зээлийн хатуу шаардлагаас тойрох боломжтой юм билээ.

Одоо жижиг, дунд фермерүүдийг хөгжүүлье гэвэл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой хулиа яаравчлуулж, банкууд тэрхүү эрх зүйн орчны хүрээнд зээл өгдөг болоосой, санхүүгийн түрээсийн асуудлыг ХАА-н салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг гэдгийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрөөд, гадаадын зээл тусламжийн үлэмж хэсгийг энэ бизнес рүү оруулж өгөөсэй гэдэг хүлээлт бий болчихоод байна.

-ХАА-н салбарыг маш эрсдэлтэй гэж тооцоолдог шүү дээ?

-Бусдыг орхиод зөвхөн манай сүүний салбарыг харъя л даа. Монгол Улсын зах зээлийн 80 хувь нь импортын хуурай сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ердөө л 20-хон хувь нь үлдэж байна. Энэ нь ямар эрэлттэй зах зээл байгааг харуулж байна шүү дээ. Түүнчлэн манай хоёр хөрш дэлхийд сүүний импортоороо тэргүүлдэг улс. Гэтэл бид энэ зах зээлийг ашиглая гэхээр дээр ярьсан барьцаа хөрөнгийн асуудлаас болоод л таг суучихаж байгаа юм. Тэгэхээр эрсдэлийг хэрхэн харах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалж байна.

Манай холбооныхон ҮХААЯ-ныхантай ярилцаж байгаад 25 сая ам.долларын хөрөнгө шийдвэрлүүлээд Голомт банкин дээр тавьсан. Гэтэл түүнийг 30-хан хувийн ашиглалттай явж байх жишээтэй. Тэр нь 2-3 томоохон аж ахуйн нэгж л авсан. Тиймээс энэ тал дээр Голомт банк нааштай алхам хийх гэж байна гэж миний хувьд ойлгож байгаа. Угаасаа банкны зүгээс боломж нээж өгөх гэхээр хууль эрх зүйн орчин нь ийм байхад өөр арга байхгүй шүү дээ. Ядаж л хөдлөх хөрөнгө барьцаалах гэхээр нэгдсэн бүртгэл ер байхгүй нь үнэн шүү дээ.

Зээлийн эцсийн хариуцлагыг санхүүжүүлэгчийн өмнө банк хүлээдэг

Ийнхүү “Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт” зөвлөгөөнд оролцсон ХАА-н салбарынхан ч өөрсдөдөө тулгардаг бэрхшээлийн талаар ярьж байсан юм. Гэхдээ санхүүгийн байгууллагууд тодорхой хэмжээгээр зээл олгодог. Тэр нь маш бага гэдэгтэй салбарынхан ч санал нийлж байгаа юм. Мэдээж арилжааны банкууд өөрсдөө зээлийн эрсдлийг хариуцдаг учраас хэдий ашигтай төсөл байсан ч өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй юм.

Энэ үеэр төр, засгийн зүгээс ХАА-н салбарт тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр хуувирладаг тухайгаа холбогдох мэргэжилтэн нь дурьдаж байсан. Гэхдээ тэдгээрийг ихэнх нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүртээмжгүй байдаг аж. Түүнчлэн энэ салбарт хөрөнгийн эх үүсвэр олгох санхүүгийн байгууллага маш ховор байдаг гэдгийг салбар яамныхан үндсэндээ өнгөрсөн жилүүдэд маш сайн мэдэрсэн бололтой. Учир нь Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг зөвхөн Голомт банкаар дамжуулан олгосон байна. Уг нь яамны зүгээс анх арилжааны бүх банкнаас төслийн зээл олгох хүүгийн талаар санал авчээ. Тэгэхэд жилийн 12 ба түүнээс дээш санал өгсөн байна. Бондын жилийн хүү нь 5.125 хувийн хүүтэй байсан. Тиймээс тухайн үеийн ҮХААЯ Голомт банктай ярилцаж, зээлийн жилийн хүүг 8 хувиар тохирч тус банкаар дамжуулан өгсөн ажээ.

Зөвлөгөөнийг зохион байгуулагч “Голомт” банкны хийсэн судалгаагаар банкуудын нийт зээлийн 288 тэрбум төгрөгбуюу 2.3 хувь нь л ХАА-н салбарт гаргасан зээл байгаа  юм. Энэ нь өнөөгийн нөхцөлд ХАА-н салбарын хөгжилд дээр дурьдсан асуудал ямархан чөдөр тушаа болж буйг харуулах биз ээ. Түүнчлэн “Чингис” бондын хөтөлбөрийн хүрээнд батлагдсан нийт зээлийн  22.8 хувь буюу 42.8 тэрбум төгрөгний санхүүжилт Монгол орны 17 аймагтноос, ноолуур, хүлэмж, оёдол, сүүний салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа нь мөн л өнгөрсөн хугацааны хувьд чамлагдахаар үзүүлэлт гэдэг нь илэрхий. Гэвч зээлийн эцсийн хариуцлагыг санхүүжүүлэгчийн өмнө банк хүлээдэг учраас шаардлагадаа нийцүүлэн зээл гаргахаас аргагүйд хүрдэг аж.

Олон жилийн туршлагатай ХАА-н салбарыг хөгжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэн, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэж, өрөөлд экспортлохын тулд санхүүгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулах боломжит хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Тиймээс нэгэнт боловсруулагдаж бэлэн болсон хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн дэмжээд өгвөл энэ салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм байна гэдэг нь зөвлөгөөний төгсгөлд мэдрэгдэж байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus