Өнөөдөр-Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг манай улс энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчлье, эдгэрүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн  нас баржээ. “Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлж, энэ зорилтыг биелүүлэх Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олжээ. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээрт ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байгаа юм. 2012 оны байдлаар 450 мянган хүн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-гээр өвчилсөн байна. Дэлхийн 92 оронд Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ.

2013 оны байдлаар сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад байна. Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол аажуухнаар буурч байгаа аж. 2000-2013 онд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилжээ.

Манай улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос ОЭТС-г оношилж эмчилж иржээ. 2006-2010 онд жилд дунджаар 70-80 хүн, 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болсон байна. Төслийн хүрээнд ХӨСҮТ-д ОЭТС-гийн иж бүрэн тоноглосон 60 ортой тасгийг ашиглалтад оруулжээ. Мөн хөдөө орон нутгаар ОЭТС-ийн тохиолдол нэмэгдэж байсан тул Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул зэрэг найман аймагт ОЭТС-ийн тасгийг нээжээ.

Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй нэг өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин ОЭТС-тэй нэг өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.