Улстөрчдийн урамгүй үгс
Өнгөрсөн  амралтын өдрүүдэд Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ой, Казак түмний уламжлалт Нарны баяр буюу Наурызын баяр тохиож, улс даяараа баярлан ёслон тэмдэглэж өнгөрүүллээ. Аргагүй л Нарны баяр тохиож байгааг бэлгэдсэн нарлаг, дулаахан сайхан өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн байгаа ч ард олон бэрхшээл, зовлон тоочилгүй дор бүрнээ амьдралаа зохицуулчих санаатай хөдөлмөрлөж, зүтгэцгээж л байна.
 
 
Харин Монголын улстөр, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн эрхэм төрийн түшээд, сайд дарга нарын амнаас олигтой үг унахаа болиод удаж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдоод      удаагүй байхдаа “Монгол Улс “defolt” буюу дампуурлаа зарлахад бэлэн байгаа”-г УИХ-ын индэр дээрээс зарласан бол түүний араас Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, за тэгээд нийтлэгч Баабар гээд олон эрхмийн амнаас тун ч ёозгүй, бэлгэ дэмбэрэлгүй үгс хөврөх болов. Эрхэм Ерөнхий сайдын хэлсэн үгэн дээр дөрөөлөн Хятадын Синьхуа агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” хэмээн Монголын баялагт шүлсээ гоожуулагсдын бах тавыг хангасан мэдээлэл цацсан. Хятад, Америк, Канад, Австралын үндэстэн дамнасан корпораци, бусдын баялгийг барьцаалан      хөлжигсөд Монгол Улс хэзээ хоёр гараа өргөн дампуурлаа зарлах нь вэ хэмээн өдөр бүрийн мэдээллийг нягтлан шүүрдэж, шүлсээ залгин сууцгааж байгаа.
 
Ч.Сайханбилэг сайдын анхааруулгын ард бодит нөхцөл байдлаа хатуухан хэлээд даруйхан “Стэндбай" хөтөлбөрт хамрагдах гэсэн зорилго байсан нь илэрхий болсон. Түүнийгээ ч батлан Олон улсын валютын сан руу захидал явуулсан. Ерөнхий сайдынх нь гуйлтын дагуу Олон улсын валютын сан, Дэлхийн банкны мэргэжилтнүүд аль хэдийн Монголд ирчихээд эдийн засгийн тооцоо судалгаан дээр ажиллаж эхэлчихээд байгаа. Энэ байдалтай бүрэн эвлэрсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Монгол Улсын эдийн засаг хүндэрч, баталгаат нөөц улам бүр багассаар байгаа учир “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй” хэмээн бас л базаахгүй хар амлав. Монголын эрх баригчид, улстөрчдийн харж байгаагаар Монголын эдийн засгийг аврах “сүүлчийн найдлага” нь “Стэнд бай” хөтөлбөр болчихоод байгаа юм байна.
 
Ж.Батсуурь дарга “Нөхцөл байдал улам хүндэрч байгааг Монгол банк, Сангийн яаманд байнгын хорооны зүгээс байнга сануулж байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө гарган ажиллах ёстой. Би Засгийн хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх, cap бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон зүйл шалтгаална. Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна” гэсэн нь Засгийн газрыг хамтран байгуулалцсан УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ч Монгол Улс дампуурлаа зарлахад тун ойртож байгааг хүлээн зөвшөөрсний нотолгоо юм. Хамтарч Засгийн газар байгуулсан МАН-ын дарга М.Энхболд ч Засгийн газар тун тааруухан ажиллаж байгааг анхааруулаад “Хэзээ л бол хэзээ хатуухан шаардлага хүргүүлэх” тухайгаа илэрхийлээд авлаа. Хэдийгээр шийдлийн Засгийн газар цаг урагшлуулах гэх мэт шийдвэр гаргасаар байгаа ч эдийн засгийн хямралыг зогсоох эрч, далайцтай шийдэл одоогоор олж дөнгөөгүй л явна.

Энэ нь Засгийн газар, Монголбанк гагцхүү “Стэнд бай” хөтөлбөрт найдаад Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээнийхээ хүрээнд олигтойхон ажил барьж авч хийхгүй байгаагаар тайлбарлавал үнэнд илүү ойртоно. Гэхдээ Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь маш олон төрлийн сөрөг нөлөөтэйг эдийн засагчид анхааруулсаар л байгаа. Түүнээс гадна УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ биш гэхэд олонх нь энэ хөтөлбөрийн уршгийг сайн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол Улс хоёр гараа өргөн дампуурлаа зарлахын өмнөхөн тулж ирээд байгаа учир уршиг ихтэй энэ аргыг сонгохоос өөр замгүй гэдэгтэй санал нийлээд байгаа дуулдсан. “Стэнд бай” хөтөлбөр гэгч ОУВС-аас эдийн засгийн хямралд орсон Африкийн голдуу орнуудад зориулан хэрэгжүүлдэг төсөл бөгөөд богино хугацааны гал унтраах зориулалттай зээлүүдийн нэг гэдэг. Бид тус хөтөлбөрт хамрагдвал төсөв, мөнгөний бодлогоо ОУВС- ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхэлнэ.
 
Жишээлбэл иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд бидний сайн мэдэх хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд хамгийн эхэнд хамрагдана. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого явуулахыг тушааж, хаашаа ч бултах газаргүй болтол нь шахалт үзүүлэх болно. Энэ бол нөгөө л газрын доорх баялаг руу шунахай сувдаг сэтгэлтэй гадны хомхой сэтгэлтнүүдийг ямар ч хараа хяналтгүй, ар араас нь цувуулан , оруулж ирэх далд санаархал юм. Энэ бол улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд ч хамгийн аюултай, нэг ёсны эдийн засгийн боолчлолын шалгарсан арга гэгддэг. Түүнээс гадна тухайн улсын төрийн мэдлийн бүхий л онцгой обьект, барилга байгууламж, дэд бүтцийн чухал салбаруудийг ганцыг ч үлдээлгүй хувьчлахыг шаардахдаа гадаадын хөрөнгө оруулагч нэртэй тонуулчдад  давуу эрх олгож, бүх баялагт нь эзэн суулгадаг шалгарсан луйврын аргаар ажилладаг нь одоо нэгэнт тодорхой болсон зүйл.
 
Товчхондоо аль нэг улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаад тулган хүлээлгэдэг “Стэнд бай” хөтөлбөрийн ард дэлхий даяар аалзны тор шиг хэрсэн, үндэстэн дамнасан томоохон корпорациуд зогсож, эдийн засгийн алуурчдын түрүүвчийг түнтийлгэдэг XXI зууны боолчлол зогсож байдаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болсон.
 
Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хүсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр өгүүлсэнчлэн цаашид өөрийн эдийн засгаа хүссэнээрээ удирдан залж чадахгүй, зөвхөн өгөгдсөн зааврын дагуу Олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх гарцаагүй тулган шаардалттай учрах болно. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн, бүтэн байдал, эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хүргэх бодит аюул хаалга тогшиж эхэллээ. Монгол эх орон минь байгалийн баялаг, түүхий эдийн нөөц ихтэй ч өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хямралдаа          баригдан үндэстэн дамнасан эдийн засаг, санхүүгийн луйварчид, томоохон компаниуд өрсөлдөн өөрийн болгох арга “Стэнд бай” хөтөлбөрийн “боол” болох нь тодорхой болж байна. Үүнийг ч батлах мэт Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Гадаадын шууд хөрөнгө оруулалт суүлийн жилүүдэд огцом унасан. Оргил үедээ 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манайд орж ирдэг байлаа. Гэтэл өнгөрсөн онд 507 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил үетэйгээ харьцуулбал 9.3 дахин, өмнөх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан үзүүлэлттэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь тухайн улсдаа валютын орох урсгалыг нэмэгдүүлж байдаг. Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцлийг сайжруулдаг нөлөөтэй. Гэтэл энэ нь буураад байхаар төлбөрийн тэнцлийн алдагдалд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа. Үүнээс шалтгаалаад үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал явагдсан. Хүндрэлээс гарах арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт хоёр хувиас доошилж ажилгүйдлийн төвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ таван тэрбум ам.доллараас доошлох магадлалтай. Төсвийн алдагдал өнөөдөр 1.2 их наяд төгрөгт хүрлээ. Энэ тоо улам нэмэгдэж, ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарч байна" хэмээн бас л муу үг унагав.
 
Ийнхүү Монголын улстөрчид нь улам л болж бүтэхгүй, муухай бүхнийг ярих боллоо. Хойшдоо яадаг юм бол.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-03-24 01:41:59
    Stand by hutulburt orson ni deer. Tegj hooloi deeree hutga taviulj baij l zardlaa hasahgui bol avilgachid songogchdoos aigaad tusvuu hemnej chadahgui baina.
    159.153.146.63
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-23 06:11:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-23 06:00:05
    Ийм байдалд хүргэсэн Алтанхуягийн засгийн газарт ямар нэг шийтгэл ноогдох уу?
    182.160.1.109
    Мэдэгдсэн Хариулах