“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо
Уулзалтын эхэнд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газар 70 гаруй ажил хийхээр төлөвлөснөөс 20 орчим хоногийн хугацаанд 40-өөд ажлыг эхлүүлээд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Бизнес эрхлэх орчныг таатай болгох чиглэлд Засгийн газар олон хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьж, ид хэлэлцэгдэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртлэх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг жилийн эцэст буцааж олгох тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барьсан. 

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд учирч буй бэрхшээл, дарамт шахалтыг зогсоохын төлөө Засгийн газар хичээн ажиллаж байна. Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, удахгүй УИХ-д өргөн барина. Засгийн газар долоо хоногт хоёр удаа хуралдаж, бизнес эрхлэгчдийг дэмжихэд түлхүү анхаарч байна гэлээ.

“Эдийн засаг хүндэрлээ” гэдэг асуудал нэг өдөр урган гарч ирээгүй. Гэхдээ буруутныг хайгаад талцаад байвал хоосон яриа болно. Яагаад ийм байдалд хүрэв гэдэг оношоо зөв тавьж чадвал энэ хүндрэлээс түргэн гарна. Манай улс нийт хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс ч 2014 оныг  “Монголдоо бүтээцгээе” уриатай үйлдвэржилтийг дэмжих жилээр зарласан. Бид оношоо зөв тавьж, бодлогоо зөв тодорхойлсон. Одоо хэн бүхэн хошуу биш хуруу нэмж ажиллаж чадвал үр дүн гарна гэлээ.

Импортыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн төслүүдийг Засгийн газар дэмжиж ажиллаж байна. Жилд сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ төсөлд Чингис бондоос 80 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Өнгөрөгч даваа гаригийн Засгийн хуралдаанаар “Монголын алт” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэр”, “Монполимент” ХХК-ийн “Монцемент”, Даваат ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан “Цементийн үйлдвэр” төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Эдгээр төслийн үр дүнд манай улс ирэх жилээс импортоор шуудай цемент ч авахааргүй болж байгаа юм.

Ерөнхий сайдыг ОХУ-д ажиллах үеэр манай нефьт импортлогч компаниуд 5 жилийн хугацаанд нийлүүлэх, жилд нийт 100 сая гаруй доллар Монголдоо үлдэх боломж бүхий гэрээ хийсэн. Энэчлэн ганц Засгийн газар биш, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж санал бодлоо илэрхийлсэн 20 хоног өнгөрч байна.

Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлд дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцсон.    Мөн хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцаж,  Монгол  Улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.