"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 11 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Мөн дугаарт, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Энэ хороо нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий үндэсний зөвлөлдөх /орон тооны бус/ байгууллага мөн гэдгийг энэ дүрмээр нотолж, хорооны бүрэлдэхүүн ямар байх, хорооноос хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн байна. Үүнээс гадна үндэсний хорооны хуралдааныг хэрхэн зохион байгуулж хийлгэх, ажлын албаны чиг үүргийг тодорхойлж өгсөн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргажээ.

Тиймээс энэ заалтыг холбогдох хуульд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.