"Монгол бренд" эхлээд эх нутагтаа танигдах хэрэгтэй байна
Монголын зах зээлд чанартай хэрнээ “бренд” болж чаддаггүй бүтээгдэхүүнүүд их олон байдаг. Харин таны бодлоор хэрэглэж үзсэн, чанарыг нь мэдэрсэн Монгол бренд бүтээгдэхүүн юу вэ? Хэлэхэд хэцүү байгаа биз. Хэл хугарчих гээд, эсвэл “юу билээ байз...” гэж бодохоор. Говь, гоёо ...  гээд хэдий нь дэлхийд танигдсан тэр брендүүдийн тухай бичих гээгүй. Харин шинээр мэндэж буй Монголд үйлдвэрлэгдсэн, Монгол хүний ур ухаан шингэсэн тэдгээр бүтээлүүдэд нөхөрсөг шүүмжлэл хүргэх гэсэн юм.

“Бренд” гэх гадаад үгийн эзэн болохын тулд чанартайгаас гадна олонд танигдах хэрэгтэй байх гэж боддог. Өнөөдөр Монголд чанар, хийцээрээ Louis Vuitton, Gucci, Chanel, Lacoste  зэрэг брендүүдээс дутахааргүй арьсан цүнх, гутал үйлдвэрлэгдэж байна. Гэвч хэн хэзээ хаана үйлдвэрлэж, борлуулж байна вэ гээд асуухаар чихэнд наалдахгүй байгаагаас л асуудал үүсч байна уу гэж хармаар.

Adidas гэхээр хар дэвсгэр дээр гурван цагаан тууз төсөөлдөг шиг, Converse гэхээр цагаан таван хошуу нүдэнд харагддаг шиг л Монгол бүтээгдэхүүнүүд, тэдний ур ухаан шингэсэн бүтээлүүд дэлхийн биш юм аа гэхэд Монголчуудынхаа ой ухаан суух л хэрэгтэй байна. Мөн зөвхөн ноос, ноолууран бүтээгдэхүүнээр Монгол нэрийг тамгалаад орхимоор л санагдах юм.

Гурван жилийн  өмнө Монголд үйлдвэрлэсэн гутал авлаа. Чийг татахгүй, хөлд эвтэйхэн, сайхан мэдрэмжийг энэ тэр гутлаас авсан юм. Гэвч үргэлж шинээрээ байна гэж юу байх вэ. Хуучирч өнгө алдсан тул шинэчлэмээр санагдсан боловч өнөөх гутлыг үйлдвэрлэсэн газрын утас нь битгий хэл нэр нь ч орж ирэхгүй байвал яах уу.

Гадаад л нэртэй байсныг нь сайн санаж байна. Ингээд л урдаас орж ирсэн гутлаас сонгохоос аргагүй хүрсэн юм. Хэрвээ нэрийг нь санаж байсан бол юу гэж одоо толгойгоо сэгсэрч, зарцуулсан хэдэн төгрөгтөө харамсаж дараа өвлийг хүлээх вэ дээ. 

Эндээс л “Монгол бренд эхлээд Монголчууддаа л танигдах хэрэгтэй юм байна” гэсэн ойлголтын авлаа. Үүний тулд нэр хамгийн чухал. Нэрээ сонгохдоо Монгол нэр, нэршил байвал ямар вэ гэсэн санал байгаа юм. Түүнээс хүн уншаад ойлгохгүй харь нэртэй бүтээгдэхүүнийг нэг удаа сонгосон Монгол хүн дараа нь “юу билээ” гэж бодоход хүргэж байна.  

Бид эх нутагтаа жийнсэн өмд үйлдвэрлээд эхэллээ. Нэр нь "Urban". "Хотын, суурин газрын" гэж орчуулагдаж байна. Тэгвэл яагаад "хотын жийнс" гээд нэрлэж болохгүй гэж.  Сонсголонтой бас шинэлэг байна. "Exclusive" нэртэй бэлэн хувцаснууд худалдаанд гараад удаж байгаа. Гэвч "Чонон сүлд" уран сайхны киноны нээлт дээр жүжигчин Р.Анхнямын гоёлоор л тухайн үйлдвэрийн нэр олон нийтэд түгэж байх шиг. Өнөөдөр олон салбар дэлгүүртэй болтлоо өргөжиж байгаа ч иргэд тэр бүр анзаарч хараагүй л байж.

Тэгэхээр нэр чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хувь хүний зүгээс бодох болсон юм. Гэхдээ хэчнээн сайхан Монгол нэртэй байлаа гээд чанар нь түүндээ хүрч чадахгүй бол асуудал. Мөн нэрнээс улбаалан манайд үйлдвэрлэгдэж буй ихэнх бараа бүтээгдэхүүнүүд Монголчууддаа бус харин гадныханд зориулж хийгдээд байна уу гэж хардмаар. Жишээ нь Хөвсгөл аймагт гар хийцийн "Tourist Shirt" гэх цамц худалдаалагдаж байхтай тааралдаж байв. Тэмээний ноосон цамц л даа. Socks нэртэй нэхмэл оймс ч бас байсан. Эдгээр нь нэршлийн хувьд шууд л гадны жуулчинд зориулжээ гэж ойлгогдож байгаа биз. 

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2015-03-19 10:06:16
    Монголд үйлдвэрлэсэн гээд гадуур хачин хачин, загвар муутай хувцас, хэрэгслүүд зараад л байхын.яг л 90 оноос өмнө оросоос орж ирж байсан эд зүйлс шиг.
    202.179.29.227
    Мэдэгдсэн Хариулах