Н.Бат-Амгалан: “Гарын таван хуруу”-ныхан одоо ч нэг гэр бүл

“Гарын таван хуруу” киног манай үзэгчид андахгүй. Монголын эгэл жирийн гэр бүлийн амьдрал, алдаа оноо, аз жаргал, хүн чанарын тухай энэ кинонд өгүүлдэг. Хүний амьдралд тохиолдож болох уй гашуу, бяцхан багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралаа хэнээс ч дутахгүй авч явах гэсэн том эгчийн сэтгэл, дүрсгүй жаахан дүү нарынх нь дэггүйтэл гээд киноны кадр бүхэн хэлэх гэсэн санаатай. Одоогоос 32 жилийн тэртээ  Ч.Лодойдамба гуайн зохиолоор, найруулагч Б.Балжинням, Н.Нямдаваа нар хамтран “Гарын таван хуруу” киног бүтээсэн түүхтэй. Тус кино Монголын олон гэр бүлд сургамж болж, бяцхан үрсийг салалт гэсэн гашуун зовлонгийн золиос болохоос сэргийлсэн ажээ. Олон Шагдар гэмээ ойлгож, энхрий дотно хань, эрвэгэр жаахан үрсдээ эргэж ирсэн нь лавтай. Одоо ч “Гарын таван хуруу” кино үнэ цэнээ алдаагүй.

Харин тус киноны хамгийн бага хүү болох Идэрийн дүрийг бүтээсэн Нямдаваа агсны бага хүү Н.Бат-Амгаланг “Дэлгэцийн танил” булангийнхаа зочноор урьсан юм. Тэрээр хэдий 10 гаруйхан настай, балчир байсан ч киноны зураг авалтын тухай тод санадаг ажээ. Аав нь найруулж, ээж нь хамт тоглосон учир бяцхан Н.Бат-Амгалангийн зүрх сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй, тод үлдсэн гэв. Киноны зураг авалтыг Дархан хотод хийжээ. Кино багийнхан жилийн хугацаатай тэнд байрлаж, зураг авалтаа дуусгасан гэнэ. Тухайн үед Н.Бат-Амгалан хотод сурдаг байсан ч жилийн хугацаатай Дарханы дунд сургуульд сурч, шинэ багш, ангийнхантай болсон нь амьдралынх нь содон, сонирхолтой дурсамжийнх нь нэг гэнэ. Тэрээр ангидаа сурлагаараа тэргүүлж, ангийн дарга хүртэл болоод амжжээ. Одоо хүртэл тэдний зураг авалтаа хийсэн байшин нь Дарханд байгаа. Харин “Гарын таван хуруу” түүний анхны кино биш ажээ. Дөнгөж гурван настайдаа аавынхаа хийсэн “Дэгдээхэй нас” кинонд дүр бүтээж, “Чимгээгийн төрсөн өдөр” кинонд ч тоглочихсон байжээ. Н.Нямдаваа найруулагчийнх тухайн үеийн элит гэр бүл байв. Гэр бүлээрээ кино урлагт зүтгэсэн он жилүүд нь тэдний амьдралд алдаатай, жаргалтай гэгээн дурсамжийг үлдээсэн гэв. Учир нь тухайн үед кинондоо гэр бүлийнхнийгээ тоглуулахыг хориглодог байж. Гэрээр нь үргэлж урлагийнхан орж, аавтай нь уран бүтээл ярьж, ээжийнх нь гарын хоолоор дайлуулдаг байсан гэнэ. Энэ бүхэн бяцхан хүүгийн уран бүтээлч болох хүсэл сэтгэлийг бадраасан гэв. Түүний бага нас Монгол кино нэгтгэлд өнгөрчээ. Аав нь гурван давхарт суудаг байсан бол ээж нь доод давхарт жүжиг ангийнхантай хамт суудаг байж. Нэг удаа нэгтгэл дотор дэггүйтээд явж байтал Б.Балжинням найруулагчтай таарчээ. Дүрсгүйтэж явсан учир айсан гэж жигтэйхэн. Харин Балжинням найруулагч “Чамайг кинонд тоглуулна. Маргааш ээжтэйгээ хамт ирээрэй” гэжээ. Маргааш нь очтол “Гарын таван хуруу” кинонд ээж хүү болж тоглоно гэснээр чигчий хуруу болсон түүхтэй. Тэрээр дээрээ гурван ах, нэг эгчтэй өнөр бүлийн бага хүү болжээ. Өөрийнх нь дээд талын ахын дүрд тоглосон Элбэг буюу жүжигчин М.Батхишигтэй холбоотой дурсамж түүнд олон бий. Хоёулаа балчир байсан тул хамтдаа тоглож, үймүүлж, зэмлүүлдэг байжээ. Харин киноноос хойш уулзаагүй Элбэг ахтайгаа 32 жилийн дараа “Ус дээшээ урсдаг” киноны зураг авалтын үеэр дахин уулзжээ. Бидний яриа тэндээс эхэлсэн юм.

-Элбэг ахтайгаа уулзсан гэсэн. Олон жилийн дараа дахин уулзахад ямар байв?

-Бид бие биенээ их санасан байсан учир нулимсаа барьж чадаагүй. Бидний хүүхэд нас “Гарын таван хуруу” кинонд мөнх үлдэж. Эргээд тэр үедээ очсон юм шиг сайхан байсан. Батхишиг ах эхнэр, хүүхэдтэйгээ Налайхад амьдардаг юм билээ.

-Хамтдаа дэггүйтэж томчуудад загнуулдаг байв уу?

-Найруулагчаасаа их айна. Үймүүлж байгаад Н.Балжинням ахтай таарвал томоотой суучихна. Тэр хүнийг хүндэлж, сүрдэж байгаа нь тэр. Тухайн үед найруулагч гэдэг хамгийн мундаг нь байлаа. Кино группийг ахалдаг, киноны ноён нуруу байсан юм. Н.Балжинням гуай биднийг нэг гэр бүл шиг нэгтгэж чадсан. “Гарын таван хуруу”-ныхан одоо ч нэг гэр бүл. 

-Та Л.Лхасүрэн гуайг “Аав” гэдэг байсан гэж дурссан?

-Миний хоёр дахь аав гэж хүндэлдэг юм. Киноны үеэр өөрийнхөө аав гээд бодчихсон учир кино дууссаны дараа ч аав минь хэвээрээ үлдсэн. Намайг ч ялгаагүй миний хүү гэдэг байсан. Нэг удаа ээж бид хоёрыг өрөөндөө байж байтал нэг согтуу хүн хаалга тогшдог юм байна. Бид хоёр айгаад, хаалгаа тайлж чаддаггүй. Тэр үед Л.Лхасүрэн гуай ирж тэр хүнийг хөөж, явуулж байсан юм. Тэр үеэс аавдаа бүр хайртай болсон.

-Ах эгч нараасаа хэнтэй нь илүү дотно байсан бэ?

-Том эгчтэйгээ илүү ойр байсан. Я.Оюунцэцэг их гоё инээдэг, урт салаа гэзэгтэй байсан санагдана. Би өөрөө эгчгүй өссөн болоод ч тэр үү зураг авалтгүй үед ч хормойдоод явна. Хамт тоглоно, эрхэлнэ. Өнгөрснийх нь дараа надаас нэг зүйл таслаад авчихсан юм шиг эвгүй байж билээ.

-Зураг авалтын үед хамгийн удаан, олон давтаж авсан хэсэг аль нь вэ. Та санадаг уу?

-Морин төвөргөөн яваад Шагдар, Хорлоо хоёрын өвсөн доороос босч ирдэг хэсгийг нэлээд олон авч байсан юм. Тухайн үед тэр хэсгийг эротик хэсэг гэж нэрлэж байсан. Хоёулаа гэр бүлтэй хүмүүс болохоор эвгүй байсан байх.

-Таны уруулын будгаар нүүрээ буддаг хэсэг их инээдтэй харагддаг. Тэр хэсгийн зургийг яаж авсан юм бэ?

-Тэр хэсэг санаанаас гардаггүй юм. Хувингаар бороо оруулаад л. Голын ус их хүйтэн байдаг юм билээ. Тэр үед машины тормос алдаад жаахан хөдөлсөн юм. Миний айсан гэж жигтэйхэн, ингээд явчихвий дээ гэж бодож байсан.

-Аавыгаа явж байгааг мэдэхгүй, хүүхдүүд нь машиныг нь түрж, асааж өгдөг хэсгийг үзэх бүрт эмзэглэх сэтгэл төрдөг юм?

-Хамгийн хэцүү хэсэг. Хэдийгээр би бага, киноны утгыг ойлгоогүй ч машин түрэх надад хэцүү байсан. Бид өдөржингөө тэр машиныг гудамжаар түрж гүйсэн. Хурц нартай өдөр байсныг ч хэлэх үү. Харин сүүлд нь том ахынхаа мөрөн дээр суугаад явах сайхан байсан шүү. Киноны тухай бодохоор мартагддаггүй хэсэг олон бий. Жишээлбэл “Элбэг онц сайн, би гурав авсан байхаа” гэдэг хэсэг. Мөн нохойноос айгаад уйлдаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийн тухай хүмүүс их асуудаг. Өөрөө уйлсан гэхээр итгэдэггүй.

-Нохойноос айж орж ирчихээд гэртээ бас уйлдаг байх аа?

-Тэр хэсэгт бүр чин сэтгэлээсээ гомдож, уйлсан юм. Үсээ шалчийлгаад самначихсан чинь ах, эгч нар шоолоод. Би өлсөөд байдаг. Гэтэл надад бууз байдаггүй. Албаар өгөөгүй юм билээ. Зураг авалтын дараа надад аяга дүүрэн бууз өгч байж аргадсан санагдана. Тэр үеийн дотор махны амттайг хэлэх үү. Буузаа идэж байтал зураг авна гээд миний амаараа дүүрэн буузтай, аягатай  буузаа барьчихсан зургийг ээж одоо хүртэл хадгалдаг юм.

-Балчир байсан учраас киногоороо амьдарч байсан гэж та ярьсан. Тэгвэл аавыг тань булаасан Хорлоод яаж ханддаг байсан бэ?

-Хорлоод үнэхээр дургүй байлаа. Таарангуутаа “Миний аавыг авсан. Буцааж өг” гээд салдаггүй байсан гэнэ лээ. Цогзолмаа эгч “Миний дүү тэгж болдоггүй юм. Эмэгтэй хүнийг цохиж болохгүй” гэж гуйдаг байж билээ. Энэ аавыг минь булаасан гээд итгэчихсэн болохоор харахаар л уур хүрдэг байсан санагдана.

-Ээжтэйгээ тоглоход түшигтэй, сайхан байсан уу. Ээждээ эрхэлдэг байв уу?

-Манай аав, ээж хоёр хүүхдийн киноны мастерууд байлаа. Хүүхэдтэй яаж харьцахаа мэднэ. Тэгэхээр төрсөн хүүгээ бүр сайн мэдэх нь тодорхой. Бага байсан учраас эрхлэлгүй яахав. Гэхдээ өөрийгөө их зөв эрхэлдэг байсан гэж боддог юм. Зөвхөн ээждээ ч биш бидний үеийнхэн том хүмүүсээс эмээдэг, тэднийг хүндэлдэг байсан юм.

-Кино бүхэн таны амьдралд өөр, өөр дурсамжийг үлдээдэг байх. “Гарын таван хуруу” кино чухам таны сэтгэлд ямар дурсамж, орон зайг эзэлдэг вэ?

-Манай кино хүн бүхэнд, айл гэрт амьдралын ёс суртахуун, үнэ цэнийг ойлгуулж өгсөн гэж боддог. Тийм учраас өнөөдөр энэ киног гүйцэх бүтээл төрөөгүй байна. Хүн энэ амьдралдаа хэзээ ч шулуун замаар явдаггүй. Амьдралд олон зүйл тохиолддог. Тэр бяцхан хүүхдүүдийн амьдрах гэсэн хүсэл, эгчийн хайр, ухаан ямар үед гарч ирж байна вэ. Амьдрахын тулд хулгай хүртэл хийдэг.

-Сүрэн эгч нь дүүгийнхээ цамцыг өмсчихсөн хэсэг гардаг даа. Тэр хэсэгт амьдрал нь ямар хэцүү, хувцсаар хүртэл гачигдаж байна гэдгийг тод харуулсан юм шиг санагддаг?

-Дүүгийнхээ судалтай цамцыг өмсчихсөн гардаг юм. Тэр жаахан охин дүү нараа өсгөхийн төлөө өөртөө цамц аваад өмсчихөж чадахгүй явна. Дэлгүүрээс хулгай хийгээд ирэхэд нь аваачиж өг гээд явуулдаг. Тэр ямар агуу сэтгэл вэ. Сүрэн ч ялгаагүй адилхан жаахан хүүхэд. Гэхдээ хүний амьдрал яаж эргэж болдгийг бас харуулсан юм. Үнэнч, шударгаар амьдарвал амжилтад заавал хүрдэг. Шинэ байранд орчихоод яаж баярладаг билээ. 

-Шагдар биднийг татсан тамхи шигээ орхиод явсан. Түүнээс юу ч гуйхгүй гэдэг үг бас их хүчтэй, киноны агуулгыг товчхоноор хэлчихсэн юм шиг санагддаг?

-Яг үнэн. Сүрэнгийн сэтгэлд  орхиод явсан ааваасаа юу ч гуйхгүйгээр дүү нараа өсгөнө дөө гэсэн гомдол, шар нуугдаад байгаа юм. Аав нь ирээд хоёр дүүг нь авъя гэхэд гарын таван хуруунаас хоёрыг нь таслах гээ юу гээд өгдөггүй. Тэр жаахан охиноос гарамгүй ухаан шүү. Харин Шагдар явж чадахгүй хүүхдүүдийнхээ хажууд эргэлдээд байдаг даа. Тэр хүний сэтгэлийн баяр байхгүй болчихсон. Хэдийгээр мундаг инженер, мөнгөтэй боловч тосоод гүйдэг хүүхдүүдийнх нь инээд тэр хүнд дутагдаад байгаа юм байхгүй юу.

-Эгчийгээ хүнтэй сууна гэхэд яаж хүлээж авсан бэ?

-Эгчийг минь аваад явчих вий гэсэн харамлах сэтгэл төрж байсан. Хуушуур хийгээд л хөгжилддөг хэсэг их хөөрхөн, мөн эгчийгээ өмөөрдөг хэсэг хөгжилтэй санагддаг юм. Дүү нарынх нь эгчийгээ хайрласан, харамласан сэтгэл тэнд илэрдэг.

-Та “Эгчийг минь аваад явчих юм биш биз. Манай эгч шиг хүн хаана ч байхгүй ” гэж хэлдэг дээ. Тэр үгийг чин сэтгэлээсээ хэлсэн биз?

-Үнэхээр тэдэнд эгч шиг нь хүн олдохгүй. Аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж боллоо. Дүү нараа өлсгөсөнгүй, хүний царай харуулсангүй. Өөрйинхөө жаргалыг бодсонгүй, зөвхөн дүү нараа гэж явсан. Тийм эгчийг дүү нараас нь салгаад явчихвал яана.



Ч.ГАНТУЛГА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • норжмаа 2016-11-15 18:27:44
    нөгөө шагдар нь яасан бол зайлуул т тэгээд бурхан болсон юмуу эгч нь бас өнгөрсөн юмуу одоо бүгдээрээ тус тусдаа амьдарч байгаа юмуу
    202.126.91.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-09-25 12:34:41
    Энэ хүүхдүүд одоо хаана явдаг бол. Хөөрхийс. Шагдар ч өнгарсөн байх даа, зайлуул. Зовж өссөн хүүхдүүд сайн яваа байх аа
    103.57.94.110
    Мэдэгдсэн Хариулах
    • Бат хэмээх бэлчдэггүй мал-д 2016-11-01 05:59:56
      Мал минь ээ, кино амьдрал 2-г ялгаж салгаж ойлгож сур. Тархины чинь багтаамж хүрэхгүй л дээ, ойлгомжтой.
      202.55.183.173
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-19 08:36:16
    үнээхээр агуу, мундаг кино шүү.
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-04 05:09:25
    bi uneheer uillaa uneheer goe kino
    122.254.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ninj 2014-05-31 09:49:18
    ene kinog guiceh setgel zuin dramtai kino odoo hurtel alga l baina
    143.176.33.66
    Мэдэгдсэн Хариулах
  • oyun 2014-05-29 17:03:10
    Mundag nairuulagch, ,mundag jujugchid , mundag uran buteelchid unxeer saixan kino .
    24.22.155.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-29 14:36:38
    Хөөрхөн хүү байдаггүй юу санаж байна аа. Хуримын зураг авахуулахад Шагдар аав нь тэнд харагддаг учраас хүний л хүүхдүүд юм хойно бүгд аав руугаа харсан нь энэ зураг байна. Сайхан кино шүү олон хүн ухаарал авч амьдралаа засч тэгшилсэн байх. Одоо ч үнэ цэнэ
    151.159.109.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-29 07:23:31
    Яалт чгүй он цагийн шалгуурыг давсан мундаг кино
    27.123.213.195
    Мэдэгдсэн Хариулах
  • deek 2014-05-29 06:18:21
    uneheer saihan kino.hunii amdrald baidag buh uil yabdal
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Гайхалтай 2014-05-29 06:10:02
    Энэ кино үнэхэээр гоё кино. Одо ч үнэ цэнээ алдаагүй. Өнөөө үед шагдарууд л их болсон доо н о вш гэж. Би ч одоо хүртэл гархад нь нулимсаа гаргадаг шүү.
    202.126.91.157
    Мэдэгдсэн Хариулах
  • goy 2014-05-29 04:22:33
    uneheer goy kino shuu. amidrald oir hiisen
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах