“СБЛ Хасын хүлгүүд”, “ Дорнод Танан гарьд” багууд цувралыг тэргүүлж эхэллээ
Үндэсний супер лигийн Плэй-Оффын эхний өдрийн нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын аварга, энэ улиралд 1-р байраар шалгарсан SBL Хасын Хүлэгүүд болон Хан Талстын Ирвэсүүд багуудын хооронд боллоо.

Ийнхүү тоглолт эхэлж, эхнээсээ л довтолгоо голлосон тоглолтыг 2 баг үзүүлсээр байв. Хүлэгүүдээс багийн лидер Б.Билгүүн үүргээ сайн биелүүлж, хэрэгтэй оноонуудыг авч байлаа. Харин Ирвэсүүдийн төвийн тоглогч T.Akol чимээгүй тоглолтыг үзүүлж байсан ч авах ёстой оноогоо авсаар эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн. Улмаар 2-р хагас ч тун сонирхолтой өрнөв. 2-р хагаст T.Akol довтолгоо хамгаалалтанд тун найдвартай байсан бол Б.Билгүүн ч шидэлтүүдээ оноо болгосоор байлаа. М.Отгонмөнх, Ray George нар ч чухал оноонуудыг багтаа авчирч байсан бол Ирвэсүүдийн хамгаалалт сэргэж ирсэн юм. 4-р үед Ирвэсүүд хамгаалалтандаа илүү анхаарч чадсан нь үр дүнгээ өгч, оноог улам ойртуулж чадсан.

Улмаар төгсгөл хэсэгт хэд хэдэн чухал бөмбөг таслалтуудыг хийсэн юм. Б.Билгүүн 4-р үед тааруу байж олон удаа бөмбөгөө алдсан нь Ирвэсүүдийн сайн хамгаалалт, цаашлаад оноог ойртуулах боломж нь болсон юм. Төвийн тоглогч Эрдэнэдалай Ирвэсүүдээс тун сайн тоглолт үзүүлж байсныг онцлох хэрэгтэй. Гэвч эцсийн мөчид Mike Pugh оноогоор илүү гарах боломжтой байсан холын шидэлтээ алдсан бол, самбараас авч чадсан Эрдэнэдалай болон Цэвэлдорж нар ч довтолгоогоо алдаж, улмаар SBL Хасын Хүлэгүүд баг цувралын эхний тоглолтондоо эцсийн мөчид ялалт байгуулж чадлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд хүнд учраа таарсан нь энэ тоглолтоос харагдлаа.

2014-2015 оны Үндэсний Супер лигийн Плэй-Оффын эхний өдрийн тоглолтууд тун сонирхолтой өрнөж, цувралыг тэргүүлэгчдийн нэрс тодорлоо. Энэ өдрийн 2 дахь тоглолт Дорнод Танан Гарьд болон Мадимос Мон-Алтиус Шонхорууд багуудын хооронд болсон юм. Энэ жилийн Плэй-оффт 4 болон 5-р байраар шалгарсан тус 2 багийн тулаан хамгийн сонирхолтой тулаанаар нэрлэгдээд байсан билээ.

Ийнхүү тоглолт эхэлсэн бөгөөд тоглолтын эхнээс 2 баг харилцан довтолж эхэлсэн бөгөөд Танан Гарьд багаас О.Ууганбаярын шидэлтүүд найдвартай байлаа. Харин Шонхоруудаас багийн лидер Т.Санчир ч өөрийн шилдэг тоглолтыг үзүүлж, тун тэнцүүхэн эхний үе өндөрлөсөн. Улмаар 2-р үед ч Павлович, Jones нарын тоглолт Гарьдуудын оноог явуулж, Шонхоруудаас Smush Parker, Цэнгүүнбаяр нар жигд тоглолт гаргаж байлаа. Эхний хагас 2 багийн хувьд бие биенээ тандсан тоглолт үзүүлж, ойролцоо оноотой өндөрлөсөн юм. Улмаар тоглолтын 2-р хагас эхэлсэн бөгөөд 3-р үе тэр чигтээ Танан Гарьд багийн шидэлтүүд нь ээлж дарааллан орсон үе болж өндөрлөв. Jones 3-р үед гайхалтай байж, алдаатай довтолгоонууд болон холын зайн шидэлтүүдээ оноо болгож байсан бол Ц.Азбаяр, Б.Мөнхболд нарын холын шидэлтүүд Шонхоруудыг хүнд байдалд оруулж байлаа. Шонхоруудаас Т.Санчир сайн тоглолтоо үзүүлж, Parker ч түүнд оноогоор тус болж байсны хүчинд 3-р үед Гарьдууд тийм ч олон онооны тэргүүллийг авч чадалгүй өндөрлөв. Харин 4-р үед давуу байдалтай эхлүүлсэн  Гарьдууд туршлага зааж, формоо барьж чадсан бол Шонхоруудын тоглолтын хэмнэл алдагдаж, улмаар төгсгөлийг тааруу хийснээр гал гарсан цувралын эхний тоглолтонд Дорнод Танан Гарьд баг ялалт байгуулж, цувралыг тэргүүлж эхэллээ. Багуудын дараагийн тоглолт баасан гарагт болно.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.