Д.Ганхуяг: Ерөнхий сайдын уулзалт хоёр орны хамтын ажиллагааг бататгалаа
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өчигдөр 11-11 мэдээллийн төвд ажиллаж иргэдийн асуултад хариуллаа. Иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үр дүн, гадаадын улс орнуудын визний асуудалтай холбоотой байсан юм.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлал хэр үр дүнтэй болов. Ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д болсон Олон Улсын Эдийн засгийн форумд оролцлоо. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж 2 талын харилцааны асуудлаар санал солилцсон. Мөн төмөр замын чиглэлээр хамтарсан үйлдвэрийн холбогдох хүмүүстэй уулзаж санал солилцсон. Үүнээс гадна Хятадын дэд Ерөнхийлөгч болон Киргизийн Ерөнхий сайдтай хурлын үеэр уулзлаа. Энэ уулзалтаас гурван хоногийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Шанхай хотноо уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар нэлээд өргөн хүрээтэй санал солилцсон. Ерөнхийлөгчийн уулзалтын дараа Ерөнхий сайд уулзсан нь хоёр орны хамтын ажиллагаа болон харилцааг урагшлуулсан, бататгасан төдийгүй Ерөнхийлөгчийн тавьсан асуудалд оросын тал хариу өгсөн чухал уулзалт боллоо. 

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины монгол айлчлах айлчлалаар ямар асуудлууд шийдэгдэх вэ. Дээрх асуудлуудад тодорхой хариу авах боломж гэж харж байна?

-Энэ онд Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсан байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч В.Путин “Ажлаа харж байгаад айлчлахыг бодно” гэсэн. Хамтран ажиллах, асуудал шийдэхийн тухайд хоёр орны хооронд хийх стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дунд, урт хугацааны хөтөлбөрийг тохиролцож батлах, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, төмөр замын чиглэлээр хамтын ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөрийг тохиролцох, олон чиглэлээр асуудлаа урагшлуулъя, яръя гэж тохирсон.  Бид дипломат болон холбогдох яам, байгууллагуудын шугамаар энэ асуудлаа урагшлуулна.

Ер нь уулзалт бол элэгсэг дотно, харилцан ойлголцсон, нэг нэгнээ дэмжсэн уур амьсгалтай болсон. Ер нь бол сүүлийн гурван жилийн байдал болон энэ уулзалтыг харахад хоёр орны хооронд харилцааны шинэ хандлага, шинэ чиглэлийг тогтоох тодорхойлох, энэ чиглэлээр хамтарч ажиллая гэсэн итгэл үнэмшил ойлголцол байна гэдгийг хэлье.

-Төмөр замын асуудлаар ярилцахдаа царигийн асуудлыг тодорхой болгосон уу. Монгол хятадыг холбосон төмөр замыг асуудлыг хөндсөн байх. Хэр нааштай хариу өгч байна?

-Энэ асуудал анх хөндөгдөж байгаа учраас судалгааны шатандаа явж байгаа. Энэ нь мэдээж хоёр талаас судалж үзнэ гэсэн үг. Уулзалтын үеэр Монгол улсын талаас асуудлыг хөндөж тавьсан.Монгол-хятадыг холбосон төмөр замыг Оросын тал “Энэ бол үндсэн шугам, артер” гэж ярьсан. Тэгэхээр үүнд нэлээд анхаарал хандуулж байгаа нь илт харагдсан. Төмөр замын шинэчлэл хийх, төмөр замыг өргөжүүлэх хөтөлбөрөө хурдан тохироё, хэрэгжүүлье гэдгээ хоёр тал ярьчихсан байгаа.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Роснефть” манай импортлогчидтой газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ хийсэн. Цаашид шатахууны ханш тогтвортой болох төдийгүй үнэ бууна гэж үзэж болох уу?

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай нефть импортлодог компаниуд өөр өөрисдийн чиглэлээр гэрээ хэлэлцээрээ хийсэн. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ хийсэн учраас шатахууны үнэ ханш тогтвортой байх нь ойлгомжтой. Гэхдээ үнэ буух асуудлын тухайд нефтийн үнэ олон улсын зах зээлээс хамаардаг учраас хэдэн хувиар бууна гэж хэлж чадахгүй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.