Цагаан суваргын ордоос хоёр их наядын ашиг олно

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс долоо,  Оюутолгойгоос 30 дахин бага нөөцтэй Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмшилдээ авах тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд энэ ордыг ашиглахаар оруулсан учир тогтоолыг Засгийн газар яаралтай журмаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм.  Стратегийн ач холбогдол бүхий 15 ордод ордог энэ ордын тодорхой хувийг төр хуулийн дагуу эзэмшиж шаардлагатай хөрөнгийг оруулна гэж үзжээ. Энэ ордын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт” компани (МАК) юм.  Тухайн ордод нарийвчилсан хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр хийжээ. “Монголын алт” нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66167 тонн молибден 11.127 тонн алтыг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Мөн тус компани улсын төсвийн хөрөнгөөр хийсэн урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын зардлаа төрд төлсөн байна. Одоогоор МАК тус ордод 323.1 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна.

Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмшилдээ авах,төрийн эзэмшлийн хувь, хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийг тогтоох, төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ”-д эзэмшүүлнэ гэсэн гурван заалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ асуудлыг МАН-ын голдуу гишүүд эсэргүүцэж, АН-ынхан дэмжиж байлаа. Үндэсний томоохон компаниас ордыг төр булаах нь буруу гэж үзэж буй гишүүд байхад стратегийн ордод төрийн эзэмшил заавал байх ёстой гэж зарим нь үзэж байв. Оюутолгойд төр 34 хувийг эзэмшдэг ч ямар ч үнэ цэнэгүй, тэгээд ч энэ асуудлыг зохистойгоор шийдээгүй байхад дахин нэг ордод төр гар дүрж болохгүй гэж үзсэн гишүүд олон байв. Гэвч энэ тогтоолыг олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо.

Байнгын хорооны гишүүдийн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон МАК-ын дэд ерөнхийлөгч Г.Цогт, Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүү нар хариулав.

Ц.Нямдорж:

-Ордын 34 хувийг төр авна гэв үү. Үнэн бол үнэхээр завхрал. 34 хувийг эзэмшиж, түүнийхээ хувиар хөрөнгө оруулна гэсэн заалт хуульд байхгүй шүү сайд аа?

Д.Ганхуяг:

-Одоогийн хүчин төгөлдөр хуулийн дагуу тогтоолыг боловсруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байгаа.

Д.Ганбат:

-Яагаад төр хувийн хэвшлийн бизнесийн 34 хувийг авах гээд байна вэ. Юу нь ашигтай юм бэ. Цаана нь ямар асуудал байгаа вэ. Яагаад ийм тогтоол боловсруулав?

Д.Ганхуяг:

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг саяхан баталсан. Ашигт малтмалын тухай хууль одоогоор хүчин төгөлдөр байна. Засгийн газар хууль, тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн оролцоо зохистой төвшиндөө байх ёстой гэдэгт санал нэг байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний дагуу тогтоолыг оруулсан.

Д.Ганбат:

-МАК ордынхоо 34 хувийг төрд өгөх нь ашигтай юу?

Г.Цогт:

-МАК төслийн ажлыг эхлүүлсэн. Гадаадын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан ч одоогоор санхүүжилт зогсонги байдалд хүрсэн. Иймд асуудлыг энэ хэмжээнд тавих болсон.

Д.Батцогт:

-МАК ордын хувийг төрд өгөх сонирхолтой юу?

Г.Цогт:

-Байхгүй.

Д.Батцогт:

-МАК үндэсний компани. Төр түүнийг дэмжих ёстой ч 34 хувийг нь булааж авах юм уу. Ордын үнэлгээ хэд вэ. 34 хувийг авахдаа төр хэдийг төлөх вэ?

Д.Ганхуяг:

-Нэг тэрбум 30 сая ам.долларын өртэй ТЭЗҮ гаргасан. 34 хувийн үнэлгээ 350 сая ам.доллар болно.

Л.Энх-Амгалан:

-Хэдий хугацаанд хөрөнгөө нөхөх вэ. Жилд төсөвт хэдэн төгрөг оруулах вэ, хэр өгөөжтэй юм бэ. Нарийн тооцоо бий юу?

Б.Батхүү:

-6.6 жилд хөрөнгөө нөхнө. Энэ бол 17 жилийн хугацаатай ажиллах төсөл юм. Энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийх бөгөөд хоёр их наядын ашигтай ажиллах төсөл юм.

Л.Энх-Амгалан:

-Хангалттай өгөөж алга. Ийм төсөлд төр татвар төлөгч иргэдийн халааснаас 350 сая ам.доллар гаргаж яах юм бэ. Ийм мөнгө хаана байна?

Д.Ганхуяг:

-Сангийн яамнаас авна. Мөнгө цаас гаргадаг яам байгаа.

М.ГАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэ 2014-05-29 01:24:18
    Юу я хийгээгүй байж эхлээд олох мөнгөө яриад байх юм. эхлээд ашиглалтад оруулж ажиллуулахаа ярих хэрэгтэй ш дээ.
    103.9.91.98
    Мэдэгдсэн Хариулах
    • Nasaa 2014-08-06 09:54:18
      Ard tumen geh nertei erguu bidniig luibarchin gej nerleh hunii unerch baihgui mongol hun gej uzeh argagui teneguud arai denduu doromlilj idej uuj baina shuu dee.Bid hezee uuniig zogsooh ium be? hezee?
      203.91.119.102
      Мэдэгдсэн Хариулах