Хэрэглээнд байгаа автомашиныг хязгаарлахгүйгээр хэмнэлт хийнэ гэдэг юу л бол


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд таалагдсан нэг шийдвэр бол төрийн хэрэглээнд байх том оврын гэгдэх автомашинуудыг хязгаарлах, түүгээр дамжуулж хэмнэлт хийе гэсэн шийдвэр байв.
 
Өнөөдөр төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашин жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Энэ нь 100 км-т 16 литрээс их шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа Төрийн өмчийн хорооны дарга Ерөнхий сайдад танилцуулсан юм.
 

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашинд 50 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байна

 2014 онд л гэхэд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум төгрөг, жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Мөн Үндэсний аудитын газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины асуудал яригдаж байгаа юм.
 
Тиймээс эхний ээлжинд Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, үүгээр дамжуулан яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгосон юм.
 
Үүрэг өгснөөс хойш үндсэндээ нэг сар өнгөрөөд байна. Гэвч төрийн хэрэглээнд байгаа 100 км-т 16 литрээс их шатахуун зарцуулдаг автомашинууд хөдөлгөөн оролцсоор байна. Учир нь төрийн байгууллагын удирдлагууд том оврын гэгдэх автомашинаасаа татгалзах дургүй байгаа юм.
 

Автомашинуудаа хүлээлгэн өгч буй байгууллага байгаа боловч эсэргүүцэж байгаа нь ч цөөнгүй байгаа аж.

Тэгвэл Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой Төрийн өмчийн хорооноос өнгөрөгч хугацаанд төрийн аль байгууллага ямар автомашин хэрэглэж байна вэ гэсэн судалгааг хийж байгаа аж.

Мөн сайд, агентлагийн дарга нарт хот доторх ажил үйлчилгээнд том оврын, туулах чадвар сайтай, шатахуун их зарцуулдаг автомашин ашиглаж, төсвийн үргүй зардал гаргахаа зогсоож, шаардлагагүй зарим машинаа Засгийн газрын авто баазын гараашид хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн байна. Албан бичгийн дагуу автомашинуудаа хүлээлгэн өгч буй байгууллага байгаа боловч эсэргүүцэж байгаа нь ч цөөнгүй байгаа аж.  

Саяхнаас төрийн хэрэглээнд байгаа том оврын 812 автомашиныг хязгаарлахын тулд дуудлагаар худалдах тухай мэдээлэл гарч байсан. Гэвч өнөөдөртөө тэдгээр 812 автомашиныг шууд хураагаад авчихлаа гэхэд оронд нь өгөх автомашин байхгүй гэдгийг хэлж байна. Мөн одоо байгаа автомашинууд энэ оныхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа учраас хэвээр үлдээхээр болж байгаа аж.

Ер нь ТӨХ-оос одоо ашиглаж байгаа автомашинуудыг хураахгүйгээр шатахууныг нь суудлын автомашиныхаар тооцож олгох зэргээр хэмнэлт хийхээр болоод байгаа гэв. Мөн шаардлагагүй газруудаас авсан машиныг шаардлагатайд нь өгнө. Ийм замаар хэмнэлт хийвэл үр дүнтэй гэж албаны хүн мэдэгдлээ. Ингэснээр төрийн байгууллагуудын автомашины зардал хэмнэгдэнэ гэж үзэж байгаа аж.
 

ТӨХ-оос одоо ашиглаж байгаа автомашинуудыг хураахгүйгээр шатахууныг нь суудлын автомашиныхаар тооцож олгох зэргээр хэмнэлт хийхээр болоод байгаа гэв

Гэхдээ хэрэглээнд байгаа том оврын автомашинууд хязгаарлагдаагүй нөхцөлд 50 тэрбум төгрөг хасагдана гэдэг юу л бол. Өмнө нь буюу 2007 онд том оврын буюу 16 литрээс их шатахуун зарцуулдаг автомашиныг хязгаарлах тухай тогтоол гарч байсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Энэ удаагийнх ч өмнөх шигээ дүр эсгээд өнгөрөх вий гэсэн хардлага иргэдийн дунд бий болоод байна.

 Тиймээс тогтоолыг үр дүнтэй болгохын тулд бодлогын шинжтэй өөрчлөлт хийх ёстой, үгүй бол өмнөхөөсөө ялгаагүй байдал бий болно гэж салбарынхан тайлбарлаж байна.

Мэдээж өөрчлөл хийхийн тулд судалгаа, шинжилгээг сайн хийх ёстой. Үүнд цаг хугацаа ч их шаардагдана. Гэвч цаг хугацаа их зарцуулна гээд тайван сууж болохгүй. Учир нь Ерөнхий сайдын хэмнэлт хийх гээд буй энэ оны 50 тэрбум нь үрэгдээд дуусах нь байна шүү дээ. 

 Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-03-12 12:22:26
    Ingeed Saihanbileg tom obriin avtomashin unuulahgui gesen n tashinshog bolov oo...gej
    122.201.31.41
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2015-03-12 04:29:50
    их хурлын гишүүд өөрсдөө хуулиа хэрэгжүүлээчээ? З.Энхболдоо? түрийний бөөс толгойд гарахаар төр хямарна гэдэг үгийг санаач ???
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах