"Том толгойтой" уяачид Хүний эрхийн комиссийг тоох уу
Төвийн бүсийн хаврын “Дүнжингарав 2015” уралдаан өнгөрсөн сарын 26-нд болсон. Хурдан морины хорхойтнууд “чухам сайхан уралдаан боллоо” хэмээн шагширч, уяачид болон морины эзэд нь дээл, хувцас, хөөрөг, машинаа гайхуулаад өнгөрөв. Гэвч энэ уралдаанд 202 унаач хүүхэд оролцож, 11 нь унаж бэртсэн байна. Хэдийгээр унасан хүүхдүүдийн дунд хүнд гэмтэл, бэртэлтэй, эмнэлэгт хүргэгдсэн хүүхэд байхгүй хэмээн албаныхан мэдэгдэж байгаа ч олон нийтийн сүлжээгээр тарсан бичлэгээс харвал хүнд бэртэл байтугай амиа ч алдаж мэдэхээр байсан нь илэрхий байсан. Гэхдээ ММСУХ- ны зүгээс тэрхүү бичлэгийг “Дүнжингарав 2015”-ынх биш гэх тайлбарыг өгөөд байгаа. Морин уралдааныг өвлийн улиралд зохион байгуулах нь зөв, буруу хэмээн дээр, доргүй мэтгэлцсээр байгаа энэ үед Хүний эрхийн үндэсний комиссоос бүх аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн.
 
Шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсантай холбогдуулан Комиссоос өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх зорилгоор бүсийн хурдан морины хаврын уралдааны товыг өөрчилж, 2015 оны 6 дугаар сард зохион байгуулахыг зөвлөсөн билээ.
 
Гэсэн хэдий ч орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахдаа хүүхдийн нэгдсэн бүртгэл хийгээгүй, хамгаалалтын хувцасгүй унаач хүүхэд бүртгэсэн, цөөнгүй тооны хүүхэд унаж бэртсэн, ашиг хонжоо олох зорилгоор, зөвшөөрөлгүйгээр уралдаан зохион байгуулсан буюу төлөвлөж байгаа зэрэг нийтлэг зөрчил гарсаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 -т заасны дагуу ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглож байгааг манай улсын нутаг дэвсгэрт хэлбэрэлтгүй дагаж мөрдөх шаардлагатай.
 
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.7-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага олгохоор  зохицуулжээ.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам” хүчингүй болсон тул одоогийн байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно.
Үүнтэй уялдан хурдан морины уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрөхгүй байвал зохино.” гэх зэргээр дурьдаад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцаж, бүх морин уралдаанд хяналт тавих шаардлагатай гэжээ.
 
Тэдний энэхүү шаардлагад морин уралдаан зохион байгуулагчид болон оролцогчид хичнээн хууль, дүрэм, журам зөрчдөг болох нь тодорхой харагдаж байгаа. Гэвч энэхүү шаардлагыг аймгуудын Засаг дарга нар хүлээн авч хэрэгжүүлнэ гэвэл ёстой “гонжийн жоо” гэгч болох биз. Яагаад гэвэл уяачид Засаг дарга нарын “үгэнд орох” хэмжээний жижиг гарууд биш. Тэгээд ч засаг ноёд өөрсдөө ч морины “бөөн” хобби. Тиймээс энэхүү шаардлага хэлбэр төдий болж үлдэхээс хэрэгжиж, өвлийн морин уралдаан зогсоно гэж байхгүй.
 
Уяачид хүний нялх үрийн амь бие, эрүүл мэндийг тоохгүй зугаацдаг хэрнээ өөрсдийнхөө ажлын “үр дүн”-гийн төлөө бол хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд зогсохгүй, зүтгэнэ. Тиймдээ ч “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай гомдол гаргажээ. Түүнийг нь ММСУХ-ноос судлаж үзээд үнэхээр эрлийз адуу байсан гэж үзсэн бололтой түрүүлж  айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлнэ гэсэн хариу өгсөн байна. Хүүхэд уралдуулахыг олон нийт эсэргүүцэж, төр, захиргааны байгууллагууд          тушаал,
шийдвэр гаргаж, хүргүүлээд байхад тоохгүй байснаа уяачдынхаа хүсэлт, гомдлыг бол ингэж л түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэж байх жишээтэй.
 
Морин уралдаан нь уламжлагдаж ирсэн өв соёл хэдий ч өнөө цагт бол баячуудын зугааг гаргах үйлдэл болж хувирсныг дээрх асуудлууд гэрчилсээр байна. “Дүнжингарав”-ыг аль 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдээс харахад “Дүнжингарав 2011” уралдааны үеэр мориноое унажээ үеэр 20-иод хүүхэд мориноос унаж байсан бол “Дүнжингарав 2013"-ын үеэр 10 унаач унаж, бэртжээ. Өнгөрсөн жил буюу “Дүнжингарав 2014”-ийн үеэр 13 хүүхэд унаж, хоёр хүүхэд зөөлөн эдийн болон гарын шуу хугарсан гэмтэл авсан байна.
 
Энэ бол зөвхөн уяачдын нэрлэдэг хаврын уралдааны үеэр гарсан ослын тоо. Хэрвээ улсын наадмынх хийгээд орон нутгийн чанартай бүр цаашлаад ургийн баяр, төрсөн өдрийн шинжтэй уралдааныг оролцуулан тоолбол хэдэн мянгаар тооцогдох биз. Зөвхөн 2013 онд л гэхэд нийт 958 унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хөнгөн гэмтэж, 34 унаач хүнд гэмтэж, зургаан бяцхан жаал амиа алдсан байдаг.
Уяачид болон морин спорт сонирхогчид ингэж л хүүхдийн амь, биеэр зугаацан, хорхойгоо дарж сууна. Тэдэнд дагаж, мөрдөн, хэрэгжүүлэх ёстой хууль, дүрэм журам гэж өчнөөн бий. Харамсалтай нь бэл бэнчинтэй уяач нарт тэрхүү хууль дүрэм үйлчилнэ гэж хэзээ ч үгүй бололтой.
 
Өвлөгдөн ирсэн уламжлалыг дээдлэх нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч өнөө цагт аливаа асуудлыг байх ёстой горимонд нь байлгах зайлшгүй шаардлага бий. Тиймээс үндэсний гэх нэрээр халхавч хийн өөрсдийнхөө зугааг гаргагч баячуудын цэнгээнийг жаахан ч атугай хазаарлах хэрэгтэй байна. Адуугаа 800 саяар даатгуулчихаад, айлын жаахан үрийг 10 саяар ч даатгуулах сэтгэлгүй уяач олон бий.
 
Морин уралдааны үеэр том, том жийпэндээ суучихаад морьдтой зэрэгцэн давхидаг уяачид цасан шуурганаас айж байгаа хэрнээ морин дэлэн дээр уур савсуулан давхих бяцхан жаалуудыг хайрлахгүй байгаа нь хэн ч харсан зэрлэгшсэн зугаа гэхээс аргагүй. Унаач хүүхдүүдийн зориг тэвчээрийг бахадмаар байвал өөрийнхөө үр хүүхэд, ач зээгээр хурдан морио унуулж алдаршуулах боломж тэдэнд бий. Гэвч харамсалтай нь хөрөнгөлөг уяачид хүүхдээ өвлийн цагт морины уяан дээр ирүүлэх байтугай утаатай нийслэлдээ ч авч ирдэггүйг нь түмэн олон мэддэг болсон.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine