Ж.Вердийн дүрүүдийг бүтээхийг хүсдэг
УДЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал дуурийн театрын өндөр босгоор орж ирээд удаагүй байгаа. Гэсэн хэдий ч алдарт “Кармен” дуурийн гол дүрд дуулж хоёр тианер хоолойтой дуучинтай хамтарч тоглолт хийж үзэгчдээсээ өндөр үнэлгээ авсан билээ. Мөн тэрээр сая “Трубадур ” дуурийн гол дүр болох Манрикод дуулсан юм. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.
 
-“Tрубадур”дуурь таниас нэлээд ур чадвар шаардсан нь ойлгомжтой. Хэр сандарч байсан бол?
 
-Ж.Вердийн “Трубадур” дуурийн Трубадур болох Манрикогийн дүрийг бүтээсэн. Энэхүү төөрөлдсөн хүүхдийн дүрийг бүтээх гэж чадлаараа зүтгэсэн минь миний хувьд аз завшаан гэж хэлж болно. Ерөнхийдөө дуулах зүйл ихтэй, хүнд дүр л дээ. Гэсэн ч би огт сандрахгүй өөрийнхөө нөөц бололцоог дайчлан дуулсандаа баяртай байгаа.
 
-Өмнө нь та “Кармен” дуурийг шинэчлэн тавигдахад гол дүрд дуулсан болохоор нэлээд туршлагажсан байлгүй дээ?
 
-Тэгэлгүй яахав. “Кармен” дууры дуулсан явдал надад маш их туршлага болж өгсөн. Гэхдээ энэ бол маш их драм шаарддаг хүнд дүр. Арван жил дууриар дуулж байж дуулдаг дүр. Гэтэл би дөнгөж ДБЭТ-т орж ирээд 23-хан настайдаа дуулж байлаа. Үүгээрээ их бахархаж байгаа. Үзэгчдийн зүгээс цаашдаа улам баяжуулаад дуулбал улам гоё болох юм байна гэж их урам хайрласан. Дуулсны дараа бие тавираад сандрал алга болоод нэг л сайхан болоод явчихсан. Харин “Трубадур” бол миний хоёр дахь том дүр."Трубадур” гудамжны хөгжимчин гэж орчуулагддаг юм. Гудамжинд хөгжим тоглож дуулж явдаг халз тулаанд ордог нэг үгээр хэлбэл өөрийнхөө дураар явдаг цыган залуугийн дүр юм л даа. СУИС-д 2012 онд шалгалт өгч тэр жилдээ УДЭТ -т найрал дуучнаар ажилласан. Тэгээд 2013 оны сүүлээр гоцлол дуучин болсон. СУИС-д ороод нэг жил сурч байхад анхны багш Банди маань өөд болоод сүүлийн дөрвөн жил МУГЖ Д.Ганхуяг багшийн удирдлаган дор суралцаж төгссөн.

-Дуурийн урлагийн гайхамшгийг өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?
 
-Дуурийн урлаг дэлхийн номер нэг урлаг шүү дээ. Өөрөөр хэлбэл бүжиг дуу, уран зураг, драмын жүжиг хөгжим ордог бүх урлагийн цогц учраас урлагийн оргил гэж боддог. Түүнчлэн сонгодог дуурь гэдгээрээ тухайлбал би дэлхийн хаана ч очсон “Трубадур" дууриа дуулаад явах бүрэн боломжтой. Үүгээрээ маш сайхан санагддаг. Верди гуай юу бичсэн байна түүнийг л гаргах ёстой.

-Хоолойны ур чадвар шаардсан дэлхийн том дууриудад дуулах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл мэдээж тээгдэж явдаг байх даа?
 
-Ж.Вердийн дүрүүдийг л бүтээх юмсан гэж хүсч явдаг. Үүнээс гадна олон дуурь бий. Эхнээс нь дуулаад явж байна. Өөрийгөө задалж, өөртөө хичээл болох тэр бүх дууриудад дуулна гэж боддог. Тианер хоолойтны оргил дүр гэвэл Вердийн “Отелло”, Пуччины “Турандот” зэрэг тианер хоолойтны цар хүрээг шаардсан сайхан дүрүүд байдаг. Турандотын Клапын дүрд Монголын Тогоонтөмер хааны хүү гардгаараа онцлогтой. Тэгээд Клап гэж монгол хүний дүрд монгол хүн тоглож байвал сайхан юм болов уу гэж боддог. “Турондат” хятадын гүнжийг өөрийн болгож авдаг. Ийм л дууриудад дуулахыг хүсдэг дээ.

-Ихэнх залуу дуучид нэг л мэдэхэд зохиолын дууруу хэлбийчихдэг. Таны хувьд дууриа дагнан дуулна гэж боддогуу?
 
-“Аав, ээж хоёр", "Хульжийн гол” зэрэг мэргэжлийн дуунууд дуулна гэж боддог. Түүнээс би зохиолын гэгдэх хөнгөхөн дуу дуулж чадахгүй, дууриараа л явна гэж боддог. Мөн алтан үеийн сайхан дуучид, дунд үеийн сайхан багш нараасаа, бас дээд талын ах эгч на­раасаа бүгдээс нь байнга үлгэр дууриал авч суралцаж байдаг.
 
-Дуурийн урлаг танд юуг өгөв?
 
-Урлаг хүнийг олон талаар хүмүүжүүлдэг. Энэ утгаараа хүнийг соёл боловсон зан харилцаа, уян хатан зөөлөн болгодог юм байна гэж боддог. Сонгодог хөгжим сонсоод байхаар сайхан гэгээлэг бодолтой зөөлөн болдог юм уу ч гэж боддог.
 
-Нэг дүрийг хэдий хугацаанд бэлдэж байж гараас гардаг вэ?
 
-Нэг том дүрийг хоёроос гурван сарын хугацаанд бэлддэг. Асар зузаан номыг цээжлээд л дуулна шүү дээ. Итали, франц, оросоор цэвэр уншиж дууддаг байх хэрэгтэй.
 
-Та бас тианер хоолойтнуудын тоглолт хийсэн шүү дээ?
 
-Тийм ээ. Би энэ оны гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдрөөр “Гурван тианер” нэртэй тоглолтыг ДБЭТ- ын гоцлол дуучин Гомбо- Очир, Шижирболд нартайгаа хамтарч монголдоо анх удаа тианер хоолойтнуудын тоглолт хийсэн. Үзэгчдийн зүгээс сайхан хүлээж авсан. Цаашдаа ч энэ тоглолтоо таслахгүй. Сая Итали, Франц хэлээр дуулсан. Тийм учраас цаашдаа орос юмуу эсвэл дандаа монголын хөгжмийн зохиолчдоор монгол сонгодог тоглолтуудыг хүргэе гэж төлөвлөж байгаа.

Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.