“Лалын улс” бүлэглэлийн стратеги
Хэдхэн өдрийн өмнө “Лалын улс”  бүлэглэлийн барьцаалан авсан христийн шашинт 220 хүний хувь тавилан хэрхэх нь тодорхойгүй байна. Хэрэв нөхцөл байдал нааштайгаар эргэвэл алан хядагчид тэднийг Сирийн шоронгуудад байгаа өөрсдийн хамсаатнуудаар солих гэж оролдож магадгүй. Үгүй бол өөрсдийгөө христийн шашинтан, христийн шашны эсрэг дайн зарласан гэдэгт итгүүлэх айлган сүрдүүлэх бодлогынхоо золиос болгож болзошгүй. 2015 оны нэгдүгээр сард Ливиэс хулгайлсан христийн шашинт 21 копт үндэстнийг камерын өмнө толгойг нь тасласан хэрцгийлэл яг ийм зорилготой байсан. Жихадистууд буюу шашны хэнээт, хэт явцуу үзэлтнүүдийн бодлоор олны өмнө толгойг нь авна гэдэг илүү том тулааны өмнөх ердөө эхлэл юм.
 
Лалын бүлэглэлийн явуулж байгаа байлдааны ажиллагаа одоохондоо Газрын дундад тэнгисийн өмнөд нутагт болж байгаа ч хойд хэсэг рүүгээ дамжиж магадгүй аюултай болсон. Өнгөрсөн оны зун “Лалын улс” бүлэглэлийнхэн “Дабик” нэртэй өөрийн сэтгүүлийн шинэ дугаарыг гаргасан юм. Сэтгүүлийнхээ нэрийг зүгээр нэг өгсөнгүй лалын шашны хадис буюу зөнч Мухаммедийн тухай товч сургаальд нэр нь гарсан байдаг Сири дэх хотын нэрийг авчээ. Лалын шашны сунна урсгалын домог ёсоор ертөнцийн төгсгөлийн өмнө Дабик хотын орчим нь лал ба христийн шашинтнууд хоорондын шийдвэрлэх тулаан болох ёстой аж.
 
“Лалын улс” бүлэглэлийнхэн сэтгүүлийнхээ нүүрэн дээр Ром хот дахь гэгээн Петрийн талбай дээр жихадын хар туг намирч байгаа зургийн эвлүүлгийг байрлуулсан. “Лалын улс”-ын удирдагч Абу Бакр аль Багдади нь өнгөрсөн оны сүүлээр Ром хотыг байлдан эзлэх тухайгаа мэдэгдэж байв. Гэхдээ бүр өмнө “Лалын улс”-ын өмнө байгуулагдаж байсан “Иракийн лалын улс” бүлэглэл нь тунхаг гарган дэлхийн хаана байгаагаас үл хамаараад лалын шашинтан хүмүүсийг зөвхөн лалын шашинтан хүн л удирдах ёстой гэж мэдэгдэж байв. Үүнээс гадна лалын шашинтнууд аврагдахын тулд шариатын хууль үйлчилдэг нутаг руу шилжин нүүх ёстой гэж онцолж байв.
 
Гэхдээ дагаж мөрддөг судруудад суннитуудын суурьших ёстой газар нутгийн хэмжээний талаар юу ч дурдаагүй байдаг тул хаашаа ч нүүж болно гэсэн үг. Улмаар өнөөдөр лалын шашинтнууд дэлхий даяар тархан амьдардаг гэж үзвэл “Лалын улс” бүлэглэл нь дэлхийн хэмжээнд лалын шашинт халиф буюу хаант улс байгуулах зорилготой гэдэг нь ойлгомжтой болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд шашны хэнээтнүүд айдаст автуулах, өршөөлгүй харгислах, шариатын хууль тогтоох гэсэн тактикийн гурван зарчмыг ашиглаж байна. Ийм байдал түгшүүр төрүүлэхгүй байх аргагүй. Ингээд ч зогсохгүй “Лалын улс” нь өөрийн зорилго, хүрэх арга замаа маш нухацтай авч үзэн хэрэгжүүлж байгаад эргэлзээ алга.
 
“Лалын улс” бүлэглэл нь христийн шашинтнууд руу санаатайгаар дайралт хийснээр дөрвөн зорилгод хүрэхийг хичээж байгаа тухай “Аль жазира” сувгийн сайт дээр иран гаралтай америк түүхч, гүн ухаантан Хамид Дабаши бичсэн байна. Үүнд: юуны өмнө христийн шашин нь Ойрхи Дорнод дахь хамгийн эртний шашин шүтлэгийн нэг. Одоог хүртэл бүс нутгийн соёлын болон шашны олон төрөл зүйлийн хамгийн тод билэгдлүүдийн нэг нь христийн шашинт хүн ам байсаар ирсэн. “Лалын улс” энэ байдлыг эцэслэхийг хүсч байна. Хоёрдугаарт, христ, ез, шиа гэх мэт шашны цөөнх рүү дайралт хийснээр шашны бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн үүсгэх замаар бүс нутаг дахь орнуудын дотоод тогтвортой байдлыг алдагдуулахыг хүсчээ. Гуравдугаарт, иймэрхүү алан хядах ажиллагаа нь Европын холбоо ба АНУ гэсэн Өрнө дахины зүгээс мөргөлдөөнд оролцох түлхэц болно. Ийнхүү мөргөлдөөнд өрнөдийнхөн оролцсоноор дэлхийн бүх тэрс үзэлтэнтэй дайтаж байгаа гэсэн “Лалын улс”-ын мэдэгдэлд өнгөц үнэмшилтэй байдалтай болно. Дөрөвдүгээрт, шашны цөөнх рүү дайралт хийснээр “Лалын улс”  Кобанид ялагдасны дараа нэлээд гундаад байсан нэр хүндээ сэргээхийг зорьж байгаа.  Мөн христийн шашинтнуудын эсрэг алан хядлага явуулснаар Өрнө дахинд лалын шашныг үзэн ядах үзэл газар авахад хүргэж, үүнээс болж лалын шашинтнуудын дунд хэт явцуурах, туйлшрах үзэл газар авч шашны хэнээтнүүдийн эгнээнд элсэхэд хүргэнэ. Ингэснээр үйлдэл ба хариу үйлдэл болгон нь нэгнээ харилцан тэтгэж, дэмжиж байдаг хүчирхийлэлийн битүү тойрог үүснэ.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрүү цагаан хулгана 2015-03-03 04:09:06
    Ислам шашинтай бүгд бараг энэ самуунд уруу татагдан орж байгаа тул тэдний хаа явсан газарт нь дарж байх хэрэгтэй.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах