Архины хуулийг чангатгахгүй бол хэцүүдэх нь хууль сахиулагчид аа
Эмнэлгийн хүлээн авах байр эрүүлжүүлэхийн өрөө шиг болсныг хэн хүнгүй ярьж байна. Бүр зарим өвчтөн согтуу иргэдээс залхсандаа эмнэлгээс гарсан тохиолдол ч бий. Энэ мэт яривал зөндөө зовлон эмнэлгийн эргэн тойронд үүссэн.

Цагдаагийн албаны тухай хууль. Энэ хууль шинэчлэгдэж өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн (хуучнаар) эрүүлжүүлэх байруудыг Албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэдийг хүлээн авч, саатуулах зорилгоор ашиглах болсон билээ.

 Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Саатуулах байр. Энэ байранд ихэвчлэн захиргааны зөрчил гаргасан төдийгүй гудамж, талбайд танхайрсан иргэд саатуулдаг. Хэдийгээр гурван өрөөнд хүн авч байгаа ч ачаалалтай үед багтах шингэх газаргүй болдгийг цагдаа нар хэлсэн. Тус саатуулах байр хотын төвд байдаг болоод  ч тэр үү бусад дүүргийн байрыг бодвол харьцангуй дээр. Гэхдээ хуучны барилга болохоор чийг ихтэйгээс гадна агааржуулагчгүй битүү орчинд байх аж. Зай талбайн хувьд ч давчуу. Ер нь эрүүл ахуй талаасаа хүнд нөхцөлд цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж, бас үйлчлүүлэгчдийг хүлээн авч байна. Энэ зовлон ганц Сүхбаатар дүүргийн саатуулах байранд байгаа хэрэг биш. Бусад дүүргүүдийн хувьд ч байдал адил гэдгийг энд дуулгая.

 Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төвийн зургаа, алслагдсан гурав, Төмөр зам дах Цагдаагийн хэлтсийн нэг саатуулах байр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр саатуулах байрны хувьд хэлтэс, тасгийн байранд долоо, тусдаа хоёр, түрээсийн нэг байртай аж. Эх сурвалжийн хэлснээр саатуулах байрууд хоногт дундаар 250 хүн хүлээн авахаас гадна нэг дүүрэгт 15-35 хүн саатуулагддаг байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч н.Ёндонпунцагаас “Эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие дааж хэрэгжүүлдэг болсноор хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хууль хэрэгжсэнээр эрүүлжүүлэх байрны ачаалал буурав уу, эсвэл эмнэлэг хэцүү байдалтай болов уу хэмээн асуухад “Эмнэлгийн байгууллага руу шилжүүлээд хоёр сар болж байна. Ингэлээ гээд эрүүлжүүлэх байрны ачаалал буурсан юм алга. Бид 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг. Хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлнэ гэж заасны дагуу 2-3 иргэнийг хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл, 2-3 дуудлага л эмнэлгийн байгууллага руу шилждэг. Саатуулах байр ачаалалтай үедээ 30-40, энгийн үед 20-иод хүнтэй хонодог” хэмээв. Эндээс харахад цагдаагийн эрүүлжүүлэх байрууд ч эмнэлгээс дутуугүй ачаалал ихтэй нь харагдаж байгаа юм.  

Харин газар нутгийн хувьд ч, хүн амаараа толгой цохидог Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байр ямархуу дүр зурагтай байгааг сонирхлоо. Байдал үнэхээр хүнд. Шөнийн 02.00 цагийн үед саатуулах байрны гадна очиход айлын найр, хуримд ирчихэв үү гэлтэй хоолой нийлүүлэн дуулах согтуучууд биднийг угтав. Үүдний хэсэгт хоёр согтуу хүн хана налан зогсчээ. Тэднийг цагдаа нар манана. Харин эрүүлжүүлэх өрөөнүүд дүүрэн хүнтэй. Бүр зарим өрөөнд хүн хэвтэх нь битгий хэл суухад чихцэлдэнэ. Үнэр танар гэж ярихын эцэсгүй. Яаж ажилладаг байна аа гэмээр. Яг л жорлон. Өрөөнүүдийг тусгаарлах сараалжин төмрийг согтуу иргэд балбах нь чихэнд чийртэй агаад яршигтай. Харин эл чимээ цагдаа нарын чихэнд дасал болжээ. Тэнд хүн орилж, чарлаж сүйд болж байхад наана нь хэв журам сахиулж зогсох тэднийг хараад өрөвдөх сэтгэл төрснийг нуугаад яах вэ. Уусан архиндаа хөлчүүрхсэн зарим нь “Ам хатаж үхлээ, надад ус авчир. Та нарыг дээ. Муусайн цагдаа нар” хэмээн зандчих нь айдас төрүүлнэ. Зарим хэсэг нь хов зөөж байгаа хүүхэд шиг “Даралт үзэхгүй байна, Агаар дутаж байна. Цонхоо нээгээд өг” гэхчлэнгээр орилох аж.

Эрүүлжүүлэх байр эвгүй нэршил ч нийгэмд хэрэгтэй объект. Ялангуяа архидан согтуурах явдал ихэссэн энэ үед хамгийн хэрэгтэй тусгаарлах газар. Тэгэхдээ төр засгаас стандартад нийцсэн,эрүүл ахуйн шаардлага хангасан тийм нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Гэтэл хэдэн жилийн өмнөх эрүүлжүүлэх байрны дүр зураг өнөөдөр ч хэвээрээ байх юм.

Эрүүлжүүлэх байрны үйлчилгээний хөлс хоногийн 4150 төгрөг. Үүнд, эмнэлгийн анхан шатны тусламж 500, хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх 500, утсаар яриулах 200, халуун хоол, цайгаар үйлчлэх 1250, гэрт нь явганаар болон машинаар хүргэж өгөхөд км нь 350 төгрөг ордог аж. Түүнчлэн саатуулах байрны эмч тухайн иргэнд анхан шатны үзлэг хийж биеийнх нь аль хэсэгт гэмтэл, бэртэл, шарх сорви байсныг тэмдэглэдэг баримт бий. Энэ мэт эрүүлжүүлэх байрны үйлчилгээ үргэлжилнэ. Тэгвэл нэг хоногийн хөлс 4150 төгрөг юм бол өдөрт хэдэн хүн орж ирнэ түүний хэрээр мөнгө цуглана гэсэн үг. Харин энэ мөнгө эрүүлжүүлэх байранд тусгагдахгүй төрийн данс уруу орсноор хаашаа хэнд зарцуулагддаг нь тодорхойгүй алга болдог. Зүй нь эрүүлжүүлэх байр олсон орлогоороо санхүүжвэл засвар үйлчилгээ, доторх орчноо элбэг тохижуулах боломжтой юм билээ. Гэтэл иргэдээс хоногийн мөнгө авдаг нэрийг цагдаа нар зүүж, хачир дээрээ төрийн данс руу орлого нь орж байгаа явдал зүйд үл нийцмээр.

Судалгаанаас харахад, өнгөрсөн оны байдлаар 64943 хүн саатуулагджээ. Үүнээс 21985 нь гудамж талбай, олон нийтийн газраас, 37978 нь орон сууцнаас, 2835 нь байгууллага, аж ахуйн нэгжээс, 238 хүн үзвэр үйлчилгээний газраас, 1403 нь баар цэнгээний газраас, 643 нь зочид буудлаас, 926 нь бусад газраас саатуулагдсан гэх мэдээлэл байна. Мөн нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн байгууллагад согтуугийн 67379 дуудлага, мэдээлэл ирснээс 64943 хүн буюу 96.3 хувь нь саатуулах байранд, 2436 хүн буюу 3.7 хувь нь эмнэлгийн байгууллагад шилжүүлж эрүүлжүүлсэн аж.

Дээрх баримтаас үзэхэд, эмнэлгийн байгууллага дангаараа ачаалалтай байгаа юм биш, эрүүлжүүлэх байрууд ч хүн ихтэй байна. Тэгэхээр нийгэмд архидан, согтуурах явдал газар авчихаж. Энэ бүгдийг хуулиар хазаарлаж, эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрыг согтуу иргэдээс чөлөөлж өгөх эрхэм үүрэг хууль сахиулагч нарт тулгарч буйг анхааралдаа авч ажил хэрэг болговол тун зүгээрсэн. Архины хуулийг чангатгаж, албан хаагч нарынхаа ажлыг хөнгөвчлөхгүй бол горьгүй нь, хууль сахиулагчид аа.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-28 02:03:01
    худлаа яриад бай эмнэлэгт согтуу хүн байдаггүй л юм билээ хүлээн авах дээр очиход
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-27 14:41:22
    Arhi uudag ch gesen ted hun shuu dee. tegeheer emnelegiin uilchilgee tedend hureh ni mash zuv. Harin tusdaa neg uruu baival zugeer baih daa.
    202.179.28.109
    Мэдэгдсэн Хариулах
  • haramsal  2015-02-27 11:46:32
    ene ih hurliin hed er ni 8 r angi togsson umuu . er munhag humuus umaa.
    175.209.120.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-27 04:00:18
    УИХ-ын хэдэн юмнуудын гаргасан хуулинцар санаатай юмнаас болоод эмнэлэгийн газрыг архичидаар дүүргэдэг энэ завхралаа засаж өөрчлөх хэрэгтэй. Энэ хэдэн юмнууд
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах