Шинийн наймны өдрийг сүсэгтэн олон Ганданд өнгөрөөлөө
Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн дараахан иргэд тухайн гарсан жилийнхээ засал номыг хийлгэхээр Гандан хийдүүдийг зорьдог. Сүсэгтэн олны дунд шинийн найман, 15-ны дотор амжиж засал номоо хийлгэвэл тухайн жилдээ сайн, сайхан байна гэсэн сүсэг байдаг юм. Энэ үеэр гандан хийдүүд лам нарын "сезон" орж, засал номоо уншуулах гэсэн олны хөлд дарагдсаар ирсэн.

Тэгвэл өчигдөр шинийн наймны билигт сайн өдөр тохиож Гандан олны хөлд дарагдлаа. Засал номоо хийлгэх гэсэн иргэд Гандангийн дөрвөн зүгийн хаалгаар орж ирэн багагүй түгжрэл үүсгэж байлаа. Харин Төв Гандангийн үүдэнд байдаг жижиг дацангууд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Хүмүүс жилийнхээ засал номыг бичүүлэх гэж нэлээд удаан дараалалд зогсож буйдаа ядарсан бололтой зогсож байгаа харагдлаа. Бидний хамгийн эхний орсон дацан бол Гандангийн хойд талд байрлах “Манба дацан” байлаа. Уг дацанд нийтдээ 169 төрлийн ном хурдаг бөгөөд тус бүрд нь тариф тогтоож өгчээ.



Гэвч Гандангийн эдгээр дацангууд хурах номууддаа тус тусад нь үнэ тариф тогтоож өгсөнд сүсэгтэн олон төдийлөн дуртай байдаггүй.  Энэ жилийн хувьд уг дацанд хурах хамгийн үнэтэй ном бол “Алтанганжуур” байлаа. Тус номыг 20000 төгрөгөөр хурж байгаа бол хамгийн хямд номууд нь 500-1000 төгрөгийн  тарифтай байлаа. Харин ихэнх номууд нь 3000-5000 төгрөгийн тарифтай байсан юм.

Бид тус дацангийн үнэ тарифыг сонсоод Гандангийн бусад дацангуудаар орохоор цааш явлаа. Ингэхэд бүх дацангуудын хувьд үнэ тарифын хувьд ижил байсан юм. Тиймээс бид шинийн наймны билэгт сайн өдөр Ганданд засал номоо хийлгэж яваа сүсэгтэн олны сэтгэгдлийг сонссон юм.



-Сайн байна уу? Та сайхан шинэлсэн үү? Таныг сая харж байхад нэлээд олон ном бичүүлж байгаа харагдлаа яг хэдэн төгрөгт багтаан номоо уншуулахаар болов оо?
-Сайхан шинэллээ. Тэглээ нэлээд удаан зогсож байж номоо уншуулахаар боллоо. Гэр бүлийн хүний маань жил нь орж байгаа учраас нэлээд хэдэн уншуулах ном байгаа юм байна. Тэгээд өөртөө болон гэр бүлийнхэндээ уншуулах номыг бичүүлсэн чинь нэлээд хэдэн төгрөг болж байна аа.

-Ер нь Гандан хийд ингэж тариф тогтоож байгааг та юу гэж бодож байна вэ?
-Энэ ер нь их буруу шүү дээ. Гандан гэдэг бол сүсэгтэн олны их шүтээний газар. Бизнесийн байгууллага биш байлтай. Гэтэл ном тус бүртээ тариф тогтоон иргэдээс мөнгө авч байгааг нэг л ойлгохгүй байна. Ядаж унших номынх нь мөнгө жил ирэх бүр нэмэгдээд байдаг юм уу. Өнгөрсөн жил арай гайгүй л байсан. Гэтэл энэ жил арай л ихийг төлж байна.

-Таны бичүүлсэн номонд хамгийн үнэтэй нь хэдэн төгрөгийн ямар ном байв?
-Таван мянган төгрөгийн үнэтэй ном хэд хэд байлаа. Жилдээ ганц удаа л ингэж Ганданд ирж ном уншуулж заслаа хийлгэж байгаа болохоор хэд ч болсон хамаагүй уншуулаад л явъя гэж бодоод зогсож байна даа.



Бид ийнхүү ярилцаад цааш явлаа. Ингээд бид нэг хүн жилийнхээ заслыг хийлгэхийн тулд нийтдээ хичнээн ном уншуулдаг болохыг нэгэн ламаас тодруулахад хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж 5-8 төрлийн ном уншуулдаг гэж байлаа. Тухайн хүний жил орсон, суудал өнцөгдсөн, мэнгэ голлосон байвал бусад хүнээс арай илүү олон ном уншуулдаг аж.

Ингээд бид Ганданд хурж буй номуудын үнэ тариф өссөн эсэх талаар нэгэн дацангийн бичээчээс тодруулахад  “нэг их өсөөгүй шүү дээ угаасаа л ийм ханштай байсан,  хамгийн үнэтэй “Алтанганжуур” байгаа тэгээд бусад номуудын хувьд 500-5000” төгрөгийн хооронд тарифтай байгаа. Сүсэгтэн олон үнэ тариф өндөр байна гэх зүйл ярьдаггүй шүү дээ” гэсэн юм.

Жил бүр л цагаан сарын дараах эдгээр өдрүүд Гандан хийдэд жилийнхээ ноён нурууг даатган мөнгө төгрөгөө хайрлахгүй ном хуруулахад зарцуулдаг. Гандангийн орлого ч эрс өсдөг. Гэвч тус байгууллагаас нийгэмд тустай сайн зүйлийг төдийлөн хийдэггүй сүсэгтэн олныг эмзэглүүлдэг. Ингэхдээ бас  болоогүй өндөр үнэ ханш тогтоон иргэдээс мөнгө төгрөг хурааж буй нь энэ байгууллагыг буян номын бус бизнесийн байгууллага болсныг харуулж байгаа юм.


 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-02-27 01:48:19
    Яагаад заавал ганданг ингэж баалж бичээд байдаг юм бэ. Улаанбаатар хотод маш олон хувийн хийдүүд бий бас адил төлбөр аваад үйлчилж байгаа.
  • Z 2015-02-27 01:04:35
    Une tolborgui surgalt yavuulj, buyanii ajil bolomjooroo hiideg shu de. Sain sudalj baij ene dugneltee hiij baimaar yum. Muu l bol hoid taliin har ovoohoi gedeg ...