Д.Нарантуяа: Дансаа хаалгуулсан ААН-үүд нээлгэх, шинээр гэрээ байгуулах боломж бүрдэнэ
Эдийн засгийн хүндрэл иргэд төдийгүй аж ахуйн нэгжүүдэд ч хүндээр тусч байгаа. Тиймээс ч даатгал, татварын асуудлаас болж цөөнгүй аж ахуйн нэгж дансаа хаалгасан байдалтай байгаа юм. Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгочдоо дэмжих зорилгоор “Итгэлийн аян” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр өнөөдөр дансаа хаалгуулсан болон нийгмийн даатгалд өр авлага үүссэний улмаас цаашид дансаа хаалгуулах магадлалтай аж ахуйн нэгж, ажил олгогчдод дэмжлэг болно гэж албаныхан тайлбарлаж байна. “Итгэлийн аян” болоод явцын талаар Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяагаас тодрууллаа.

-“Итгэлийн аян”-г тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Гэвч энэ аяны талаар ААН-үүд мэдээлэл муу байх шиг санагдсан. Аяны талаар эхлээд тодорхой ойлголт өгөхгүй юу?

- Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.4 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн “Гурав”-ын 3.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдоо дэмжих зорилгоор “Итгэлийн аян”-ыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэл хуанлийн 55 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. 
Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, шимтгэл төлөгч ажил олгогчдоо дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг бууруулахад “Итгэлийн аян”-ы зорилго оршиж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000, нийслэлийн хэмжээнд 1130  аж ахуйн нэгж нийгмийн даатгалд үүссэн өр авлагын улмаас хуулийн дагуу харилцах дансныхаа зарлагын гүйлгээг хаалгасан байдалтай байгаа ба аяны хүрээнд данс нээх зөвшөөрөл олгож, шинээр гэрээ байгуулах боломж бүрдэх юм.

-Аянд хуулийн дагуу дансаа хаалгуулсан ААН-үүд хамрагдана гэж ойлгосон. Тодорхой шалгуур тавьж байгаа юу. Жишээлбэл, асуудал нь шүүхэд шилжсэн бол энэ аянд хамрагдах уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн урсгал өр, авлагаа тогтмол төлж буй, Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр, авлагыг 30-аас дээш хувиар барагдуулсан, дансыг нь хааж, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэсэн ажил олгогчийг энэ аянд тус тус хамруулж байгаа. Харин шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү аянд хамааруулах боломжгүй.
 
-Өмнө ААН-үүдээ дэмжсэн энэ төрлийн аянг зохион байгуулж байсан уу?

-Зохион байгуулж байгаагүй. Энэ удаагийнх анхных нь. Ер нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжүүд, ажил олгогчдоо дэмжиж байгаа арга хэмжээ гэж хэлж болно.

-Аян эхлээд удаагүй байна. Гэхдээ байгууллагууд аянд хэрхэн хамрагдаж байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд ихээр хандаж байна. Харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсүүд гэлтгүй ерөнхий газар дээр хүртэл ирж аянд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Нийгмийн даатгалын бүхий л газар, хэлтсүүд аянаа зарлаж, сургалт, сурталчилгаагаа явуулж, ААН-үүдтэйгээ хамтран ажиллаж байна гэсэн мэдээлэл ирж байгаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн ААН хамрагдаад байна гэсэн тоог хэлэх боломжтой юу?

-Өнөөдрийн хэмжээнд тоо хэлэх боломжгүй байна. 2015 оны 2 дугаар сарын 16-нд эхэлсэн. Эхний ээлжинд аянаа эхлүүлээд сургалт, сурталчилгаа хийгдээд, ажил олгогч нартайгаа уулзаж, таниулах арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Үүний дараа 14 хоногийн хугацаатай мэдээллээ авч байхаар болсон. Тэр үед тодорхой тоо баримтаа болсон байх болно.

-Цаашид энэ төрлийн аян үргэлжлэх үү. Хугацааны хувьд богино юм шиг санагдаад байгаа юм. Сунгах боломжтой болов уу?

-Үргэлжлэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Удирдлагын мэдлийн асуудал шүү дээ. Эхний удаа ААН-үүдээ дэмжих зорилготой 55 хоногийн хугацаанд аяныг зохион байгуулж байна.

-ААН-үүддээ хандаж хэлэх, анхааруулах асуудал байна уу?

-ААН-үүдээ хандаж хэлэхэд энэ хугацаанд аяндаа идэвхтэй оролцож, газар, хэлтсүүдтэйгээ хамтран ажиллаж, гэрээгээ хийгээрэй гэж хэлмээр байна. Данс хаалгуулна гэдэг нь ААН-үүдэд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ хугацаанд өр авлагаа барагдуулж, дансаа нээлгүүлэх хэрэгтэй байна.  

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
 
Л.Тамир
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.