Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж МАН-ын бүлэг үзлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн 18 хувийн хүүг 9 хувь болгон бууруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Өнөөгийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа ба үүнд нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Ахмадууд сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого арилжааны банкуудад оруулж байна.

2008-2012 оны Засгийн газрын үед Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг зарим арилжааны банкинд 15 хувийн хүүтэй хадгалуулж байсан нь ч бий. Гэтэл өнөөдөр сангийн энэхүү хуримтлалыг 10.5 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад хадгалуулж, хүүний хэмжээг даруй 4 хувиар багасгасан ч тэтгэврийн зээлийн хүү өмнөх жилүүдээс огтхон ч буураагүй байгаа юм. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 622 тэрбум төгрөгийн 532 тэрбум нь арилжааны найман банкинд байршиж байгаа бөгөөд банкуудтай байгуулсан гэрээний хугацаа гуравдугаар сарын 24-нд гэхэд дуусгавар болно. Энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкууд ойлголцолд хүрвэл тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй, Төсвийн тухай хуульд өөрчлөлт орохгүй гэж МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ. Жишээ нь, ХААН банкны тэтгэврийн зээл олгодог үйл ажиллагааны зардал, ашиг нийлээд 3 хувиас хэтэрдэггүй аж. Тэтгэврийн зээлийн хүүг 9 хувь болгон бууруулснаар нэг ахмад настны халаасанд хамгийн багадаа 160 мянган төгрөг үлдэх боломж бүрдэх юм байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг тэтгэврийг зонхилж олгодог банкинд байршуулах замаар хүүг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Цаашид энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд санал тавьж, шаардлагатай бол УИХ энэ чиглэлээр тодорхой шийдвэр гаргах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа гишүүн хэллээ.

Мөн энэ асуудлын хүрээнд цалингийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэхийг судалж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 260 мянган иргэн 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна.

МАН-ын бүлгийн хувьд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг олон талаас нь нухацтай судалж, ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсож байж хэлэлцэх ёстой.  Энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Эхний ээлжинд өмнө нь тавьсан өрийг хэрхэн шийдэх арга замаа олох, дотоод дахь нөөц боломжоо ашиглах, бодлогын алдааг яаж засч залруулахаа ярилцах ёстой гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа онцлов.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.