Алдаа, оноог нь засахгүй бол сөрөг хүчин гэж байгаад яах юм бэ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяртай ярилцлаа.
 
-Таныхаар НИТХ-ын төлөөлөгч гэж хэн бэ?
 
-Төлөөлөгч гэдэг нэрнээс л харахад тодорхой болов уу гэж бодож байна. Сонгогчид, тойргынхоо иргэдийг төлөөлж хотын удирдлагуудтай хамтран бодлогыг зохиолцож, аливаа бодлого гарахад сонгогдсон тойргынхоо иргэдийн эрх ашгийг тусгуулж, хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Миний олж харж байгаагаар бол хотын хөгжлийн чиг хандлага ямар байх ёстой юм бэ гэдгийг тодорхойлоход өөрийн дуу хоолойгоо хүргэх үүрэгтэй. Гэхдээ тэр дуу хоолой нь ирээдүй болсон хүүхэд, залуусын сайн сайхны төлөө байх үүрэгтэй гэж ойлгож байна.
 
Одоогийн байдлаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нийслэлийн төсвийг батлалцах, хуульд заагаагүй зарим журмыг гаргахад гар бие оролцож байгаа хүн юм. Гэвч нийгэмд ИТХ гэдэг бүтцийн байгууллагыг ойлгох ойлголт нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, эрх мэдэлтэй эсвэл үүрэггүй гэх мэтээр ойлголт нь өөр байгаад байдаг.
 
-Сонгогдсон тойргийнхоо талаар сонирхуулахгүй юу?
 
-Миний сонгогдсон тойргийг хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Нэг нь Дарь-Эхийн гэр хороолол. Гэхдээ энэ нь дотроо хоёр янз. Тодруулбал, нэг нь Улаанбаатар хот анх төлөвшин бий болж, бүтээн байгуулалт ид өрнөж байхад үүссэн гэр хороолол. Харин нөгөөх нь сүүлийн үед орон нутгаас нийслэл рүү шилжин ирж байгаа иргэдийн гол төвлөрөл болсон хэсэг байгаа. Ялангуяа зүүн аймгаас иргэд илүү их байдаг.
 
-Газрын маргаан их байх нь ээ?
 
-Маргаан гэхээсээ илүүтэй газар хүссэн иргэд олон байдаг. Тэр орчмын нэг хашаанд дөрвөн гэр бүл амьдардаг. Тиймээс газар хүссэн иргэд л олон байдаг юм. Гэвч одоо тухайн орчимд сул газар алга байна. Ганц худаг орчмын улсын тусгай хамгаалалтад байдаг байсан хэсэг газрыг өнгөрсөн сонгуулийн үеэр зарим нэг улстөрийн намаас нэр дэвшсэн хүмүүс олгоно, олгохгүй гэж ярьснаас болоод тухайн орчимд дур мэдэн буусан, хашаа хатгасан хүмүүс байгаа.
 
-Хотын даргад данхар төсвийг хасах тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хургүүлсэн гэсэн?
 
-Төсөв нь ч, бүтэц нь ч том байгаа. Намайг анх хотод орж ирэхэд хөрөнгө оруулалт 20-30 тэрбум төгрөгөөр яригддаг байсан бол одоо арав, хорь дахин өссөн байх жишээтэй. Үүнээс гадна бүтэц нь данхгар, том болсон. Анх нийслэлийн Засаг дарга нэг орлогчтой байсан. Бидний үед дөрөв болсон бол өнөөдөр зургаан орлогчтой болсон байх жишээтэй. Дээрээс нь дүүргийн Засаг дарга нар дөрвөн орлогчтой боллоо. Хотын иргэдийн хамгийн чухал асуудлын нэг болох газар агентлагийг татан буулгаад хэд хэдэн газарт хэлтэс байгуулчихсан. Ингэснээр чиг үүрэг нь давхардсан оновчгүй бүтэцтэй байгаа юм. Өмнө нь урсгал зардал 89 тэрбум төгрөг байсан бол одоо 207 тэрбум төгрөг болсон байна. Ажлыг хүн хийх ёстой учраас бүтцээ томруулах ёстой гэсэн байр суурийг ярьж байгаа юм.
 
Би өөрөө нийгмийн бодлогын хорооны даргын ажлыг хийж байгаа хүний хувьд хэлэхэд өнгөрсөн жил шинээр ганц ч ширхэг сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулаагүй. Гэтэл нийгмийн салбар хариуцсан хоёр орлогч даргатай байна. Уг нь өнгөрсөн онд төсвийг нь баталж өгсөн шүү дээ. Түүнчлэн иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд хороо бүрт 100 сая төгрөг буюу 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Бүтэн зургаан cap болж байхад энэ мөнгө иргэдэд очихгүй байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид олгох бүрэн эрхийг Засаг даргад өгчихсөн. Гэтэл энэ мөнгийг одоо болтол гаргаагүй. Үүний цаана байгаа барилгажуулалт гэх мэт хөрөнгийг нэмэх юм бол 30,2 тэрбум төгрөг зүгээр л дансанд хэвтэж байгаа юм. Тиймээс бүлгийн зүгээс энэ асуудлыг тавьсан.
 
-Журам боловсруулж байгаа гэсэн шүү дээ?
 
-Эхний 15,2 тэрбум төгрөгийн зээлийн журмыг одоо л оруулж ирж байна. Гэтэл энэ журам хангалттай сайн боловсруулагдаагүй. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Тэргүүлэгчид, хороодоор хэлэлцүүлэгдлээ. Ер нь бол дэмжлэг авах муутай л журам байна. Сан, хадгаламж зээлийн хоршоо байгуулах, сургалт явуулах гэх мэт нүсэр бүтэц яваад байна.
 
-МАН ялагдаад, хэтэрхий их шүүмжилж байна гэдэг. Энэ их шүүмжлэлийг хэлж байгаа хэрнээ өөрсдөө ч дорвитой ажил хийхгүй байгаа гэдэг байр суурьтай хүмүүс бий?
 
-Бид эхний хоёр жилд шинэ тогтолцоог хүндэтгээд, ялангуяа нийслэлийн төвшинд ажил хийх бололцоог нь олгоё гэдэг байдлаас шүүмжлэхээс илүүтэй дэмжих, алдааг нь хэлэх байдлаар асуудалд хандаж байсан. Одоо хоёр жилийн хугацаа дууссан учраас үр дүнг нэхнэ. МАН-ыг хотыг 20 жил удирдахдаа юу хийсэн юм, юу ч хийгээгүй байж одоо та нар юу гээд олон юм яриад байгаа юм гэдэг. Харин бид энэ шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Бидэнд алдаа байсан. Үүнийхээ хариуцлагыг хүлээгээд 2012 онд ялагдлаа шүү дээ. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг хөрөнгө, чөлөөтэй ажиллах хууль эрхзүйн боломж байгаагүй.
 
Өөрийнхөө ажиллаж байсан үеийн жишээг хэлье л дээ. 2009 онд хотын төсөв 60 тэрбум төгрөг байсан. Үүний 30 тэрбум төгрөгийг Боловсролын яам руу татаж байсан. Ингээд Улаанбаатар хотын нийт хэрэгцээг 30 тэрбум төгрөгөөр хангаж байсан юм. Гэвч тэр үед бид жилдээ нийслэлд дөрвөн сургууль, зургаан цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 70-80 км автозам барьчихдаг байсан. Тийм ч учраас бид хөрөнгө нэмэгдсэний хэрээр ажил ихэсч, хот өнгөлөг болох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
 
-Тэгвэл АН-ыг хэрхэн ажиллаасай гэж байгаа юм бол?
 
-Данхайсан, давхардсан бүтцээ багасгахад тодорхой хэмжээний мөнгө хэмнэгдэнэ. 2012 оноос хойш давхардсан тоогоор 2900 албан хаагчийг шинээр авсан байгаа. Үүний 600 гаруй нь дарга. Хэмнэсэн мөнгөөр эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал олгож бай гэж байгаа юм. Валютын ханш өссөн хэдий ч тэдний цалин хэвээрээ байгаа. Гэтэл ийм цалингаар өрх амьдрахад хэцүү. Эдийн засаг хүнд байгаа энэ үед тэр 10 мянган өрхөд 192 мянган төгрөг хэрэг болно. Нөгөөтэйгүүр үр ашиггүй олон даргын сул зардлыг хэмнэхэд хоёр тэрбум төгрөг хэмнэгдэх юм. Тиймээс ийм байдлаар ажлаа явуулаач гэж байгаа юм. Хоёр дахь нь гэр хорооллын иргэдийг амины орон сууцтай болгоно гэсэн амлалтаа биелүүл гэж байгаа юм.
 
 
-Өрхийн амьжиргааг нэмэгдүүлээгүй цагт урамшуулал олгоод амьдралд өөрчлөлт орох уу, таныхаар?
 
-Энэ бол хавтгайрсан халамж биш. Гэсэн хэдий ч өөрийн чинь хэлж байгаа шиг цаг зуур л аргацаасан асуудал болно. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар бодлого явуулж, нийслэл хэрэгжүүлэх ёстой юм.
 
-Газар өмчлүүлэх ажил болон авто худалдааны цогцолборын ажлыг иргэд их сайшааж байгаа?
 
-Сонгуулиас хойшхи хоёр жилийн хугацаанд иргэдийн хашааны газрын шилжих хөдөлөгөөнийг зогсоочихсон. Тэгээд МАН-ыхан газрын наймаа хийж үү үгүй юу гэдгийг шалгах мөрдөнгийн ажиллагааг явуулсан. Тиймээс энэ ажлын хүлээлт ихээр үүссэн юм. Мөн л тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ажлаа эхлүүлээгүй байна. Харин нэгдсэн худалдааны төв захуудыг гаргах нь зөв юм. Гэхдээ энэ ажлын бодлого, шийдвэр 2006 онд гарчихсан байсан. Хийж чадаагүй. Тиймээс энэ ажлыг хийвэл сайн. Тиймээс болж бүтээсэй гэсэн хүлээлттэй байна. Цаашдаа нийслэлийн удирдлага болон дүүрэг, нийслэлийн ИТХ-ыг улстөрөөс хол байлгаасай л гэж бодож байна. Энэ бол аж ахуйн ажил хийдэг байгууллага юм. Харин улстөрчид бол өөр юм. Гэтэл одоо бүх асуудлыг улстөржүүлж байна.
 
-Танай намын зүгээс асуудлыг улстөржүүлдэг тухай төлөөлөгчид хэлж байсан. Санаж байгаа байх?
 
-Би үүнийг ойлгож байгаа. Уг нь би болохгүй байгаа таван асуултыг л тавьсан. Тухайн үед дарга нар бүгд амраад, хот ямар ч удирдлагагүй байсан. Гэтэл энэ улстөржилт үү. Нэг үгээр бол бид ажлыг шүүмжилэхээр улстөржөөд байна гэсэн шүүмжлэл хэлдгийг ойлгохгүй байгаа юм. Бид алдаа, оноог нь засахгүй бол сөрөг хүчин гэж байгаад яах юм бэ. Энэ бидний үүрэг. Бид алдааг нь хэлээд, зөв юмыг нь дэмжих ёстой.
 
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anhaa 2014-05-28 22:50:37
    13t bdag hudlaa gar l bna, enenees oligtoi um garahguiee
    202.21.106.250
    Мэдэгдсэн Хариулах