Допинг илэрснээс дөрвөн сарын дараа л асуудлыг хэлэлцэв
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан, Архангай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Б.Суманчулуун нараас допингийн төрлийн бодис илэрснийг Монголын Үндэсний Бөхийн холбоо 10 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг бөгөөд шинжилгээний дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд "А" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг юм. Эл шинжилгээгээр буюу дээрх хоёр бөхийн "А" сорьцоос хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрчээ.

Энэ тухай Допингийн эсрэг төвөөс 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр МҮБХ-нд албан ёсоор мэдэгдэж, үүний дараа хоёр бөхийн хүсэлтийн дагуу "B" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид дахин шинжлүүлэхэд "А" сорьцын шинжилгээний хариутай ижил хариу гарсан байна. Дахин нягтлуулсан "В" сорьцын хариу есдүгээр сарын 08-ны өдөр ирснийг Допингийн эсрэг төвийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбат есдүгээр сарын 09-ний өдөр МҮБХ болон Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд албан бичгээр мэдэгджээ.

Допингийн шинжилгээний хариуны талаар дээрх бөхчүүд "Гэмтэлтэй байсан учир эм ууж байсан" гэсэн тайлбар өгч байгаа бөгөөд МҮБХ-ны удирдлагуудад дээрх бөхчүүд нэг нь наадмын өмнө хөлөн дээр хатиг гарсныг эмчлүүлсэн гэж ярьсан бол нөгөө нь гарандаа бэртэл авч, наадмын өмнө эмчилгээ хийлгэсэн, бага зэргийн мэс ажилбар хийлгэсэн" хэмээн мэдэгджээ.

Энэ дагуу допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, шийдвэр гаргах ёстой байлаа.

Гэвч 10 дугаар сараас хойш буюу допингийн шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлснээс дөрвөн сарын дараа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын давааг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч тушаал гаргаж байж дээрх бөхчүүдийн даваа болон цолыг хүчингүй болгох юм. Бүтэн дөрвөн сарын дараа л шинжилгээгээр тогтоогдчихсон асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Ядаж иймэрхүү асуудлаа цаг хугацаа алдахгүй шийдвэрлээд байж болдоггүй л юм байх даа.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine