Монголын тогтворгүй байдал ба татвараас зугтах боломж
“Бороогийн орд”-ын 1.5 тэрбум ам.долларын үнэ бүхий 46.8 тонн алтыг “Сентерра гоулд” компани ямар ч татваргүй аваад явчихсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсныг санаж байна. Тухай үед “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн дагуу тус компани хөнгөлөлт эдэлсэн байдаг аж. Тэр хуулиар буюу Тогтвортой байдлын гэрээгээр 2.0 сая доллараас дээш хөрөнгө оруулсан гаднын компани орлогын албан татвараас эхний гурван жилдээ 100 хувь, дараагийн гурван жилдээ 50 хувь чөлөөлөгдөх ёстой байсан байдаг. Ингээд л богино хугацаанд 46.8 тонн алтыг хуу хамаад, Монголд ганц ч төгрөгийн татвар төлөлгүйгээр явж одсон байгаа юм. Мэдээж хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ үүнээс илүү ашиг олж, Монголын газар шороог сэндийчээд орхисон гэж тайлбарлаж болно.

Тэгвэл сүүлийн үед манайд үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудаас ийм л үр дүн харагдах гээд байдаг болж. Уг нь Монгол Улс өөрийн гэсэн татварын хуультай. Гэвч гадны хөрөнгө оруулагчид манай татварын хуулийг хууль хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, үл хүндэтгэж байгаагаас олон хүндрэлтэй асуудлууд бий болсоор байна.

Цөөн хэдэн жишээ дурдъя.
С.В.Паушок Монгол Улсад 74 тэрбум төгрөгийн
татварын өрөө төлөлгүй зугтав

“Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал ажиллаж байсан Б.БолдБид “Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж аваад гурван том бэрхшээлтэй тулгарсан. Нэгдүгээрт, татварын өр. Хоёрдугаарт, олборлолт явуулчихаад нөхөн сэргээгээгүй үлдээсэн талбай. Гуравдугаарт, арилжааны банкны маргаантай, маргаангүй янз бүрийн өглөгүүд биднийг угтсан. Татварын тухайд нийтдээ 74 тэрбум төгрөгийн өр байгаа юм. Үүний 50 гаруй тэрбум нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өр, үлдсэн нь түүний хүү, алданги” гэж нэгэн цагт хэвлэлд ярилцлага өгч байж.

Одоо энэхүү татварын өрийг төлсөөр байгаа гэдэг ч яг хэд болж багассан нь тодорхойгүй байна. Зөвхөн татварын өр нь 74 тэрбум төгрөг, түүн дээр нөхөн сэргээлт хийгээгүй, арилжааны банкуудад лицинзээ барьцаалсан зээлүүд гээд тоолвол овоо хэдэн төгрөг гарч ирэх нь ойлгомжтой. 2013 оны 6 дугаар сард тус компанийн нийт өрийг “151 тэрбум төгрөгт хүрлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байжээ.

С.В.Паушок нэгэн ярилцлага даа “2007 онд нэг өдрийн дотор компаниа хаалгаж, зугтаж гарсан болохоор Монголд дуусгаагүй ажил, 100 гаруй тэрбум төгрөгийн авлага бий” гэжээ.  Эндээс түүнийг юу зугтаж гаргахад хүргэв гэсэн асуулт гарч ирнэ.  Тэгвэл 100 гаруй тэрбум төгрөгийн авлагаа авалгүйгээр зугтан гарсан Паушокийн энэ үйлдэл магадгүй хууль зөрчсөн нь илэрсэнтэй холбоотой байсан уу гэх тайлбартай хоршиж байна.

1997 оноос 2007 он хүртэл 10 жилийн хугацаанд төвлөрсөн татварын асуудал Паушокийг шүүхийн танхимд хүргэх байсан учраас л ийнхүү зугтан гарсан болов уу гэж таамаглаж байгаа юм.  Мөн түүнийг компани нээж байхад байсан эдийн засгийн таатай орчин үгүй болсон гэх ч яриа байдаг.
 
Оюутолгой компанийн 130 сая ам.долларын
татварын өр цайрав

“Оюутолгой” компанийн анхны  хөрөнгө оруулалтын үеэр татвар дутуу төлөгдсөн болон бусад санхүүгийн зөрчлүүд Татварын Ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн юм. Тодруулбал, Оюутолгой компани Монгол Улсад 130 сая ам.долларын татварын өртэй болохыг улсын байцаагч тогтоож акт тавьсан билээ. Гэхдээ улсын байцаагч нэг өдөр очоод л 130 сая ам.долларын татварын өртэй байна хэмээн тогтоочихоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилласны үндсэн дээр энэхүү зөрчлийг гаргаж ирсэн байна.

Гэвч “Туркойз Хилл”/ “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч/ компанийн удирдлагууд татварын байцаагчийн дүгнэлтийг хүлээн авсангүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын татварын тухай хуулийг үл хүндэтгэн, уг асуудлыг олон улсын шүүхэд шилжүүлэх болно гэсэн дарамтыг үзүүлж эхэлсэн юм. Дарамт ганц энэ асуудлаар зогссонгүй. “Оюутолгой төсөл”-ийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг хүртэл зогсоож, Монгол Улсын төсвийн орлогыг 1 их наяд төгрөгөөр тасалдуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн билээ.

Тиймээс ч тухай үеийн түшээд уг асуудалд найр тавихаар болсон байдаг. Улмаар татварын байцаагчийн дүгнэлтийг баллуурдаж, 130 сая ам.долларын татварын актыг 30 сая ам.доллар болтол буулгасан байна. Өөрөөр хэлбэл 100 сая ам.долларын татварын асуудлыг баллуурдаж найр тавьсан хэрэг л дээ.   
Ер нь хоёр талын гэрээнд Оюутолгойгоос татвар авна гэж заасан байдаг ч тохиролцож чадаагүйгээс болоод өнөөдрийг хүртэл цугларсан өр нь 130 сая ам.доллар байтугай болсон нууц биш. Гэвч энэ асуудалд “Улсын нууц” гэх халхавчаар холбогдох албаныхан нь хариулт өгөхөөс татгалзсаар байна.
 
“Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн

Энд “Саусгоби Сэндс” компанийн татварын асуудлыг яагаад ч орхиж болохгүй юм. Яагаад гэвэл энэ татварын маргаан дээрх хоёр компанийг бодвол шүүхээр таслан шийдвэрлэгдсэн билээ.

“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудад татвараа нуун дарагдуулсан хэмээн анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа. Харин тэдний Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
 
Мөн энэ хэрэгт хөндлөнгөөс хэтэрхий олон субьект оролцоод эхэлсэн нь  шүүхийн шийдвэрт нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон гэж эрх зүйчид тайлбарлаж байна.
 
Тодруулбал, АНУ-ын Элчин сайдын яамнаас “Саусгоби Сэндс” компанийн Гүйцэтгэх захирал асан Жастин Капла өмгөөлж мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд ерөнхий дөө “Монголын шүүх хэрхэн ажиллахыг цаашид ажигласаар байх болно” гэх утгатай зүйлийг бичсэн байв.
 
Мөн АНУ-ын Улаанбаатар дахь Худалдааны танхимын тэргүүн Жексон Кокс гэгч “Мянганы сорилтын сангийн хоёрдугаар ээлжийн санхүүжилт олгох яриа хэлэлцээрийг нэн даруй зогсоох болно” гэж мэдэгдсэн тухай хэвлэлүүд онцлох болсон. Үүнээс гадна Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Гүйцэтгэх захирлуудын “Сео” клубын гишүүдийн хүсэлтээр “Саусгоби Сэндс” компанийн шүүхээс ял сонссон ажилтнуудтай хорих ангид очиж уулзсан. “Саусгоби Сэндс” компаниас гадны аудитын компаниар шүүхийн болон мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт шалгалт оруулахаар болсон гээд олон хүчин зүйлс байгаа юм.
 
                   Энэ бүгдийн дараа Монголын шүүх хүчин мөхөсдвөл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь өөрчлөгдөж ч болох хандлагатай болоод байна. Гэхдээ дээрх бүх татварын маргаанууд Монгол Улс дахь эдийн засгийн орчин гэнэт өөрчлөгддөг байдлаас л үүдэлтэй.  Тиймээс гадны хөрөнгө оруулагчид эдийн засгийн нөхцөл байдлыг даган, эсвэл зөрчин татвараас зайлсхийх, зугтах, тойрох гэсэн арга замуудыг сонгосоор байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийхэд таатай байсан хуулийг хэдэн жилийн дараа 360 градус эргүүлж байгаа Монголын улс төрийн тогтворгүй байдлаас энэ бүхэн хамааралтай гэж харж байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүдүүн дарга. 2015-02-12 15:08:11
    Гадаадыхныг бүгдийг нь хөөж гаргая бүх юмаа өөрсдөө хийе.Нүүрсээ хүрзээр ухаж шуудайлаад Бээжин хүртэл тэмээн жин тээе.
    172.56.13.78
    Мэдэгдсэн Хариулах
  • darga 2015-02-12 10:47:48
    guilgachin mongolchuud duugai bai ta nar yugaa meddiin mongoliig yaj ch zarsan bayartsogt minii erh
    150.129.142.171
    Мэдэгдсэн Хариулах
  • 23 2015-02-12 01:54:36
    America нөхөж өгөөд байгаа юм бишүү айн. Бүр хэд дахин ихэсгээд л.
    122.201.24.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Учиртай дуугар. 2015-02-12 01:49:58
    Сэтгүүлч нар улс орны эрх ашиг сонирхолыг хөндсөн асуудлаар ингэж өдөөн турхирсан шинжтэй юм бичиж цацаж байгаа нь буруу!!! Аль ч улсад ингэж тэнэглэдэггүй.
    202.179.15.248
    Мэдэгдсэн Хариулах
    • MGL 2015-02-12 14:30:56
      Ter teneg huuliig batlaad baiga avilgachdiig l shuuh heregtei bn.Gadniihan manai buh baylgiig zugeer achaad yavj baihad bas duugui baih estoi yu.
      202.21.106.128
      Мэдэгдсэн Хариулах
    • zaza 2015-02-12 13:50:10
      тэгээд яах гэж дуугуй байх ёстой юу төрийн бүдүүн даргаа
      150.129.141.229
      Мэдэгдсэн Хариулах