Миний талд байна уу, баавгайн талд байна уу
ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаад амиа алдсан, талийгаач Д.Амарсайханы хэрэг олны анхаарлын төвд байгаа. Яагаад энэ хүнийг хорьсон, гадуур мөрдөн байцаалтад оруулж болохгүй шалтгаан юу байсан, цаашлаад энэ мэт хэрэгт холбогдон хоригдож байгаа өч төчнөөн бие муутай хүмүүжигч, сэжигтнүүдийг гадуур эмчлэх боломжгүй байгаа асуудал анхаарлын төвд байгаа юм. Дан ганцхан Д.Амарсайхан талийгаачийн асуудал ч энд хөндөгдөхгүй. Хорих ангид амиа алдаж байгаа маш олон хүмүүс байгаа. ШШГЕГ-аас нэлээд өндөр тоо хэлж байсан санагдана. Энэ бүхэн монголыг “шоронжуулсан” гэх Эрүүгийн хуулийн нэг том алдаа байсан гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх биз. 10 мянган төгрөг, 100 мянган ам.доллар хумсалсан ч адилхан 10, 20 жилээр таслуулдаг. Мөнгөтэй нэгэнд нь гурван cap тэнсэн өгч, мөнгөгүй нэгнийг 10 жилээр тасалдаг хуультай улс, бид. 8000 иргэнээ нийгмээс тусгаарлаж, шорон хүрэлцэхгүй байна, нэмж барих төсөв хэрэгтэй гэж суугаа манайх шиг улсыг дэлхийгээс хайгаад ч олохгүй.
 
Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн бол нэг өөр, согтуу биш бол ял нь арай хөнгөн тусдаг хуулийн гажуудал ганцхан манай улсад байдаг нь нууц биш. Цаашлаад Д.Амарсайхан агсаны хэрэгт холбогдуулан эрүү үүсгэх гэтэл ямар зүйл ангиар үүсгэхээ мэдэхгүй болчихож гэнэ. Тиймдээ ч хорих ангийн эмч нарыг “Бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэсэн Эрүүгийн хуулийн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж, буруутай нь тогтоогдвол таван жнлийн ял оноох юм гэнэ ээ. Ийм л завхарсан хуулиар бид олон жил замналаа. Одоо цэг тавих цаг нь болжээ. Юуг гэмт хэрэг гэж үзэх юм. Гэмт хэрэгтэн гэж хэнийг  хэлэх вэ гэдгээ ялгаж салгах цаг нь болжээ. Гадны жуулчин, төлөөлөгч хэмээн Монгол Улсад дураараа туйлж байгаа нэгэнд ч энэ улс хуультай юм шүү гэдгийг харуулах цаг нь болсоң. Гадаадаас жуулчин нэрээр орж ирээд мөнгө угаадаг, ATM ашиглан мөнгө завшдаг гэмт хэргүүд ч ар араасаа гарч байна. Гэтэл тухайн улс нь манай улсын иргэн, бид хуулиараа шийднэ гэхээр өгөөд явуулчихдаг.
 
Харин Монгол Улсын иргэн гадны улсад ял эдэлж байхад наадах чинь манай хэрэг гэж татаад авчихаж чадахгүй байгаа юм. Энэ бүх алдаа завхрал, учир дутагдалтай байдлыг залруулах Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг УИХ- ын чуулганаар хэлэлцэж эхлэх гэж байна. Зарим нэг гишүүд энэ хуулийг буцааж татах хүсэл сонирхол байх шиг. Тэр дундаа “шоронжсон” гэх тодотголтой хуулийг баталж, олон хүнийг хэцүү нэртээр овоглуулах эх үндсийг тавьсан Хууль зүйн сайд асан, өмгөөлөгч нэр зүүсэн хүмүүсийн эсэргүүцэл хүчтэй байгаа юм. Ёстой л баавгайны талд байна уу, миний талд байна уу гэж асуумаар санагдаад байгаа юм.
 
Хууль тооцоо судалгаагүй гэх шалтгааныг тэд нэрлэж байгаа. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээс өмнө хуулийн төслийн агуулгыг 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд  Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны нэгдүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгасан гэж Хууль зүйн сайд танилцуулга хийхдээ дурьдаж байсан юм. Хуулийн төсөлд баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг нэг сараас хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг тусгажээ.
 
 Хуулийн төсөлд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүнээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих замаар хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг ангилахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэхээр зохицуулалт оруулсан байна. Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой, хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгасан.
 
Ингэснээр 10 мянга, 10 сая ам.долларт адилхан байсан ялын хэмжээ өөрчлөгдөх учиртай. “Бүлэглэн” болон “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч буюу зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байх бодлогыг баримталсан аж. Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтой хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж хянан харгалзах, хүмүүжүүлж хянан харгалзах, эмчилж хянан харгалзах, хүүхдэд хүлээлгэх хариуцлагын төрлийг шинээр хуулийн төсөлд тусгасан байна.
 
Хүүхдээ заазуурдчихаад шийтгэсэн гэх нь ариун явдал уу
 
О.Баасанхүү гишүүн өнгөрсөн даваа гарагт нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө хүүхэд шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах асуудлыг гэмт хэрэгт тооцсон асуудлыг буруутгасан юм. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг хуульчлах зайлшгүй шаардлага бий болчихоод байна. Монголд хамгийн их зөрчигдөж байгаа эрх бол хүүхдийн эрх. Хэн дуртай нь хүүхдээ зоддог, ташуур сурны амт үзүүлдэг, хаздаг, бүр болоогүй заазуурддаг болоод байна.
 
Үүнийгээ хүүхдээ эцэг хүний ёсоор сургаж байгаа гэж хэлээд ял зэмээс мултрах, дахин тэгэхгүй, хүүхдээ хүмүүжүүлсэн эцэг хүн гэх мэтээр өөрийгөө өмгөөлдөг байдлыг арилгахад энэ заалт зайлшгүй чухал. Цаашлаад цэцэрлэгийн багш нь хүртэл асаагуураар хүүхэд түлчихээд шийтгэсэн юм гэж хэлээд зогсч байх нь нийгмийн эрүүл үзэгдэл гэж хэн ч хэлэхгүй билээ.
 
Саяхан Баян-Өлгий аймгийн нийгмийн халамжийн ажилчид нас барсан хүний нийгмийн халамжийн мөнгийг авч байсан гэмт хэрэг бүртгэгдсэн юм. Мөн ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжийг үр хүүхдүүд нь хууль бусаар авдаг, дарамталж байгаад тэтгэврийн мөнгийг нь авдаг гэх гомдол цагдаа хүчний байгууллага, хүний эрхийн төлөө ажилладаг албан тушаалтнуудад маш их ирдэг. Тиймээс санаатай хийсэн үйлдэл гэдэг нь нотлогдвол энэ асуудлыг гэмт хэргийн зүйлчлэлд оруулан тодорхой хэмжээний ял ногдуулах нь зөв асуудал болно.
 
Хууль бусаар халамж үйлчилгээ авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг. Цаашлаад хууль бусаар гэрэл зураг авах, бичлэг хийхийг хориглоно гэдгийг гэмт хэрэгт оруулсан нь буруу хэмээжээ. Гэхдээ интернет ингэж хөгжсөн цаг үед үүн шиг хэрэгтэй заалт байхгүй. Хууль бусаар элдэв бичлэг хийж түүгээрээ дамжуулан мөнгө нэхэх, мөн ямар нэг байдлаар архи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл өгөөд охид бүсгүйчүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд цацна гэх мэтээр сүрдүүлдэг байдлыг гэмт хэрэгт тооцохгүй юм бол өөр юуг тусгах ёстой гэж. Энгийнээр тайлбарлаж болох ийм заалтуудыг зориуд мушгин гуйвуулж байгаа улстөрчдийн үйлдэл өөрөө буруу байгаа юм. Гүтгэх, танхайрах. Энэ заалтын улмаас маш олон залуус хэцүү нэртэд сууж байгаа. Гишүүдийн тайлбарлаж хэлдгээр эрчүүдийн жижигхэн маргааныг эрүүгийн хэрэг болгож 10 жилээр таслаад байгаа учраас өдгөө шорон ачааллаа даахгүйд хүрчихээд байна.
 
Сэтгүүлч бичсэн материалынхаа төлөө ял сонсч, өдөр болгон шахуу шүүхийн хаалга татаж байна. Цагдаагаас өгсөн мэдээллийг нийтэлсний төлөө редакци руу дайрч орж ирээд “Чи намайг гүтгэлээ. Би чамаас 100 сая төгрөг нэхэмжилнэ. Шүүхэд өгнө” хэмээн сүрдүүлж, сэтгүүлч эх сурвалжаа хамгаалж үлдсэнийхээ төлөө шоронгийн хаалга татдаг байдлыг гэмт хэргээс хасахгүй гэж зүтгэж байгаа улстөрчидтэй сэтгүүлчийн хувиар ч, иргэн хүний үзэл боддоо илэрхийлэх эрхийг боогдуулаагүй Ардчилсан Монгол Улсын иргэнийхээ хувьд ч санал нэгдэж чадахгүй нь. Энэ мэт маш олон чухал заалтыг тусгасан Гэмт хэргийн тухай хууль болон, Зөрчлийн тухай хууль батлагдаж гарах ёстой гэх хүлээлт нийгэмд бий болчихлоо.
 
Баавгайны талд зогсох бус иргэн миний, бидний талд зогсч хуулиа хурдан батлаад өгөөч, гишүүд ээ.
 
Зөрчлийн шийтгэлийг торгох, эрх хасах байдлаар ногдуулна
 
Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ. Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заажээ. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгах бол эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгах юм байна. Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, эд зүйл, хэрэгслийг орлуулан хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн зургаан төрөлтэй байхаар тусгажээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2014-05-27 01:53:19
    Цагдаа хуулийн ажилтанууд бүдүүлэг бид л гэсэн байдлаар асуудалд ханддаг тухайн үед асуудалд ухаалаг хандаж сурмаар олон алдаанууд бий
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-27 01:51:43
    БААВГАЙН Л ТАЛД Л БИЗ ЭЭ...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах