З.Амгалан: Тоон телевизийн DVB-T2 стандартын хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж борлуулагдаж эхэлсэн
Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас (МТШХХГ) санаачилан эхлүүлсэн.
 

Хөтөлбөрийн хэрэгжилт, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн  талаар ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалангаас тодрууллаа.

-Монгол Улс 2014 оны 7 дугаар сарын 31-нээс тоон системд шилжиж эхэлсэн гэж ойлгож байгаа харин энэ шилжилтийн явц ямар байна вэ?

-МТШХХГ болон ХХЗХ нь хамтран “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх  үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд даруй 4 жил болж байна. Аливаа шинэ ажлыг эхлүүлэх, улс орныг хамарсан системийн шилжилт хийхэд цөөнгүй асуудалтай тулгардаг ба үүнийг бид шат шатанд нь шийдвэрлэсээр өнөөдрийг хүрээд байна.

Бид 2011, 2012 онд олон судалгаа шинжилгээний баг зохион байгуулж өөрийн улсад нэвтрүүлэх тоон телевизийн стандартыг сонгох, дэд бүтэц, сүлжээний зохион байгуулалт, тоон студийн шийдэл, техник эдийн засгийн судалгаа тооцоо, баримтлах бодлого зохицуулалтын баримт бичгүүд гэх мэт шаардлагатай бүхий л ажлыг өөрсдийн болон салбарын эрдэмтэн судлаачдынхаа нөөц боломжоор хийж олон удаагийн семинар, форум зохион байгуулсан. Бидний ажлыг Засгийн Газраас дэмжиж 2012-2014 онд Тоон телевизийн үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр Монгол Улсын хүн ам төвлөрөн суурьшсан нийт 361 сум суурин газарт Тоон телевизийн дахин дамжуулах станц суурилагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн.

-Одоо нэмж тоон телевизийн станцууд суурилагдах уу, суурилуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Тоон телевизийн станцуудын суурилуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 100% биелэгдсэнийг дуулгахад таатай байна. Засгийн Газраас төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн 361 сум суурин газарт, мөн 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийслэл хот болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд нийт 10 тоон телевизийн нэвтрүүлэгч станцуудыг суурилуулах ажлыг зохион байгуулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

-Ихэнх тоног төхөөрөмжүүд манай урд хөршид үйлдвэрлэгддэг гэж боддог, энэ суурилуулсан тоон станцууд нь хаана үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд вэ?

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд суурилагдсан тоон телевизийн нэвтрүүлэгч, дахин дамжуулагч станцууд нь Герман, Франц, АНУ, БНХАУ гэсэн 4 өөр улсын 4 үйлдвэрийн төхөөрөмжүүд байгаа.

-Өнөөдөр хэрэглэгчид тоон телевиз үзэж байна уу эсвэл хуучин аналог телевизээ үзэж байгаа юу? Ер нь хэрэглэгчид шилжиж эхэлсэн үү?

-Өнөөдөр нийслэл хот төдийгүй бүх аймаг, сумдад тоон болон аналог телевизийн нэвтрүүлэгчүүд нь давхар ажиллаж байна. Хоёр нэвтрүүлэгчийг зэрэг ажиллуулснаар эрчим хүчний, ашиглалт үйлчилгээний зардал өндөр байна. Харин электроникийн дэлгүүрүүдээр DVB-T2 тюнертэй телевизорууд мөн тус хороогоор баталгаажиж тохирлын гэрчилгээ авсан тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжүүд нь 50-70 мянган төгрөгийн үнэтэй зах зээлд борлуулагдаж байгаа боловч худалдан авалт борлуулалт муу байна.

Тус хорооноос 2014 онд баталсан Аналог-тоон шилжилтийн журмын дагуу орон даяар аналог телевизийн нэвтрүүлэгчүүдийг 2015 оны 1 сарын 1-ээс эхлэн унтрааж 2016 оны 1 сарын 1 гэхэд бүрэн унтрааж дуусгах ажлыг хийнэ. Аналог нэвтрүүлэгчүүдийг үе шаттайгаар унтраах төлөвлөгөөг тоон телевизийн газрын сүлжээний ашиглалтыг хариуцаж байгаа Радио телевизийн сүлжээ УТҮГ хийж байгаа бөгөөд тун удахгүй олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

-Тоон телевизийн станцаар дамжуулж байгаа телевизийн програмын тоо хэд байгаа вэ? Хэрэглэгчид чанартай олон суваг үзнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж бодож байна.

-Тус хорооны радио долгион хяналтын инженерүүд нь тоон телевизийн хөтөлбөрийн хүрээнд суурилуулсан тоон телевизийн станц бүрийн чадал, хамрах хүрээ, сигналын чанарыг шалгасан. Телевизийн дүрс дууны чанарын хувьд өмнөх аналог системтэй харьцуулахад хүн радио сонсож байгаад телевизор үзсэнтэй адил эерэг чанарын өөрчлөлт гарсан. Нийслэл хотын хувьд бид Их тэнгэрийн амны зүүн талд байрлах Соёмбот толгой дээр телевизийн өргөн нэвтрүүлгийн үндсэн цамхагийг босгохоор төлөвлөсөн боловч өнгөрсөн жилд шийдвэрлэж чадсангүй. Одоо Улаанбаатар хотын тоон телевизийн үндсэн станц нь телевизийн төв цамхаг дээр суурилагдсан учраас зарим хаалттай бүсүүд үүсээд байгаа. Үүнийг бид шийдвэрлэх тал дээр холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн.

Дамжуулж буй телевизийн сувгийн тооны хувьд өнөөдрийн байдлаар хуучин орон даяар дамжуулж байсан 6 телевизийн програм хэвээрээ байгаа. Тус хороо нь “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Тоон телевизийн газрын сүлжээ, хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан нэвтрүүлгээ хүргэх телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын төслийг боловсруулсан ба удахгүй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж үйлчилгээ эрхлэгчдийн саналыг тусган баталсны дараа Тоон телевизийн газрын сүлжээгээр дамжуулах телевизийн сувгийн тоо тодорхой болно.

-Тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн баталгаажилт болон борлуулж буй газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

-МТШХХГ-аас 2013 онд “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх журам”-ыг  баталсан. Энэхүү журам нь чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, ард иргэдэд тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай нийлүүлэх, түгээх зохицуулалтын таатай орчинг бий болгох мөн чанартай, баталгаатай хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр зах зээлийн эрэлт хэрэгцээг богино хугацаанд хангахад чиглэсэн юм.

Тус хороо нь Монгол Улсын зах зээлд худалдан борлуулагдах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж нь үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна. Мөн тус хороо нь мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан төхөөрөмж дээр наах, хэвлэх тохирлын тэмдгийн загварыг баталж Оюуны өмчийн газраар албан ёсоор баталгаажуулсан. Мөн тус хорооны 2014 оны 43 тоот тогтоолоор Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам, хэрэглэх зааврууд нь батлагдсан.

Таны худалдан авч буй тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж дээр энэхүү тохирлын тэмдэг наалттай байвал энэ төхөөрөмж нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан, үндэсний болон олон улсын стандартад бүрэн нийцсэн төхөөрөмж байна гэж ойлгоно.  Аналог, тоон 2 сүлжээ давхар ажиллаад худалдан авалт муу байгаа гэсэн шалтгаанаар борлуулагчид маш идэвхгүй байна. Аналог сүлжээг үе шаттай зогсоох төлөвлөгөө мэдээлэл нээлттэй болсны дараа мэдээж борлуулалт, зар сурталчилгаа идэвхэжнэ. Одоогоор орон нутагт Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчид, нийслэл хотод РТС УТҮГ, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүрт тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд борлуулагдаж байна.

Тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн нийлүүлэлт түгээлтийн ажилд төрийн байгууллага оролцохгүй бөгөөд энэ нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчим, одоогийн борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээг ашиглаж явна. Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх журмын дагуу хэрэглэгчийн төхөөрөмж нийлүүлэгчид нь нутаг дэвсгэрийн байршлаас үл хамаарсан үнэ тарифыг мөрдөх ба улирал бүр борлуулалтын мэдээгээ МТШХХГ-т хүргэх үүрэгтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-10 07:19:17
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах