“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов
“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүд, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцжээ

Төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргахтай холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их Хуралд удахгүй өргөн баригдах юм. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 14 жил өнгөрч байна. Тиймээс цаг хугацааны хувьсал өөрчлөлт, МУЗН-ийн үйл ажиллагааны шинэчлэлд нийцүүлж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа ажээ. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл болон Төрөөс баримтлах хүмүүнлэгийн бодлогыг тодорхойлоход Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ахлагч, гишүүд хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх намрын чуулганаар хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Орчин үед Монгол Улсад төдийгүй бусад улс оронд хүмүүнлэгийн туслалцаа шаардсан шинэ нөхцөл байдал ар араасаа улам нэмэгдэж байна. Хүмүүс цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт дагасан гамшгийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн байнгын эрсдэл дор аж төрж байна. Зөвхөн Монгол Улсад гэхэд жилд дунджаар 2700 гаруй аюулт үзэгдэл тохиолдож, түүнд 700 гаруй хүн өртөж, 200-гаад хүн амь насаа алддаг бөгөөд улсад 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн тооцоо бий. Үүнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад найм дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь хүмүүнлэгийн үйлсийг төрөөс зохицуулах нэгдсэн бодлого хэрэгтэй байгаагийн тод жишээ гэдгийг оролцогсод хэлж байлаа.

Засгийн газрын тогтоолоор 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр МУЗН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан ч бүрэн хэрэгжээгүй. Иймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуульд зарлан тунхагласан хүмүүнлэг иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг үндэс болгон төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг тодорхойлох шаардлагатай байгаад хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдсэн юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.