Эпилепси өвчтэй хүмүүсээ бид л нийгмээс тусгаарлаж байна
Эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүс бидний дунд чимээгүйхэн амьдарсаар байна. Тэднийг нийгмээс хөгжлийн бэрхшээлтэй хэмээн шууд тусгаарлах явдал ч цөөнгүй байдаг. Өнөөдөр Монгол Улсад ийм өвчтэй 12500+ хүн байна гэсэн албан бус тоо бий. Энэ тоонд л тулгуурлаж элдэв судалгаа, шинжилгээний ажлууд явагддаг юм.

Гаднаасаа жирийн иргэдээс ялгагдахгүй мэт боловч унаж, татах өвчнөөсөө болж үргэлж өөрсдийгөө тусгаарлах, нийгэм ч ийм өвчтэй хүмүүсээс зайгаа барих нь элбэг учраас хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талын ойлголт тун хомс байдаг.

Өнөөдөр гудамжинд хэвтэж буй хүнийг “согтуу хүн” гэж хүлээн авах нь их.  Гэвч Эпилепси буюу унаж татах өвчтэй хүн хэзээ ч хаана ч унасан байж болно. Тэдний таталт янз бүр зарим нь богино хугацаанд таталт өгдөг бол зарим урт хугацааны таталт өгч, яаралтай тусламж хүргээгүйгээс болоод амиа алдах тохиолдол ч цөөнгүй.

Жил бүрийн 02 дугаар сарын 09-ний өдрийг унаж, татах өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улс энэ өвчний бодит шалтгаан, шинж байдлыг гүйцэт тодорхойлохын тулд жил бүр тодорхой цар хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Зарим нэгэн үйл ажиллагаа шиг бүх нийтийг, олон нийтийг хамарч чаддаггүй нь төрийн оролцоотой холбоотой хэмээн иргэд тайлбарлаж байна. Энэ жил “Өвчтөн-Эмч-Гэр бүл” гэсэн гурвалсан уулзалтыг Монгол-Японы төвд зохион байгууллаа.

Эпилепси өвчнийг илрүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг учир мэргэжлийн байгууллагууд өвчтөнтэй гэхээсээ илүүтэйгээр гэр бүл, хамт олонтой нь харилцах нь илүү үр дүнтэй хэмээн энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын талаар Клиникийн профессор Т.Сувдаа “Манай оронд энэ өвчнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудлууд их байна. Эмчилгээний ялгавартай байдлыг бууруулж, эмчлүүлэгсдийн эмчилгээ үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, хүмүүст ирэх дарамтыг бууруулах, нийт хүн амын дунд Эпилепсийн талаарх ойлголтыг сайжруулах, өвчтөн, эмч, гэр бүл, хамт олон холбоо тогтоон ажиллаж байж амжилтанд хүрнэ гэдгийг ухааруулах, Эпилепсийн анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, нийгмийн анагаах ухаан, сэтгэцийн халамжийг сайжруулах, өвчтэй хүний гэр бүл болон нийгэмд учирдаг дарамтыг багасгах, эрүүл мэндийн байгууллагад мэргэшсэн эмч ажилтанг бэлтгэх нэн шаардлагатай болоод байна. Манай орны хувьд иргэд тээврийн гэнэтийн осолд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс болоод гэмтлийн гаралтай  Эпилепси өвчинд өртөгсөд нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс осол гэмтлээс урьдчилан сэргийлж, гэнэтийн олдмол эпилепси өвчнөөс өөрийгөө хамгаалж сурах нь чухал алхам юм” гэж мэдэгдлээ.  

Эпилепси өвчтэй хүмүүс шууд ажил хөдөлмөр эрхлээд явах боломжтой ч төрийн болон хувийн байгууллагууд ажил авахаас татгалзаж байгаа нь эдгээр хүмүүст хүндрэл бий болгодог. Өөрөөр хэлбэл нийгмийн ойлголт нь буруу байгаагаас үүдээд тэдэнд өөрсдийгөө тусгаарлах, сэтгэлийн дарамтанд орох нөхцлийг бүрдүүлдэг аж.

Энэ талаар иргэн С.Чинцогт “Унаж татах өвчтэй хүмүүст ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох боломж хаалттай байна. Тодорхой хэмжээнд эрсдлээс хамгаалж, эрүүл хүн шиг ажиллаж, амьдрах бидний хувьд чухал асуудал болоод байгаа” гэж учирлав.

Сүүлийн үед Монголчууд ийм төрлийн өвчтэй хүмүүсийг эмчлүүлэхийн тулд бөөгөөр явах хандлага нэмэгдэж байгааг албаныхан хэлэв. Ингэснээр цаг хугацаа алдаж уг өвчинг улам архагшуулах байдлыг бий болгодог байна. Тиймээс цаг алдалгүй зөв оношийг нь тогтоолгож мэргэжлийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй гэдгийг хэлж байна.

Энэ талаар Эпилентологч-мэдрэлийн их эмч Д.Баярмаа “Өвчтөн буюу ар гэрийнхэн нь бөө рүү явах асуудал маш их гардаг. Түүнээсээ болж төөрөгддөг, өвчнөө архагшуулдаг. Эцэст нь эдийн засгийн маш их хохиролд орсны дараа мэргэжлийн байгууллагад хандах тохиолдол бий. Ийм ташаа ойлголтыг бий болгохгүйн тулд төвлөрсөн эрүүл мэндийн боловсролыг олгож байна. Унадаг татдаг өвчин нь мэдрэлийн архаг өвчин болохоос биш сэтгэлзүйн өвчин биш учраас бөөгөөр явах шаардлагагүй” гэв.

Өнөөдөр нийгэмд энэ өвчний талаарх мэдлэг хомс байгаа учраас өвчтний ар гэрийнхэн бөө мөргөлөөс эхлээд л хандаж болох бүхий л арга хэмжээг авч байна. Үүнээс болоод хохирох тохиолдол ч цөөнгүй гарч байгаа юм.

Эпилепси өвчтэй хүнийг хэрхэн таних вэ

Хүн амын 5% орчим нь амьдралдаа нэг удаа ямар нэгэн шалтгааны улмаас унаж татдаг байна. Тодорхой шалтгаангүй хоёр буюу түүнээс дээш удаа уналт таталт давтагдах бол эпилепсийн өвчин болно. Тархины цахилгаан потенциал хэт идэвхижсэний улмаас богино хугацаанд тархины үйл ажиллагаа саатаж, эпилепсийн уналт таталт үүсдэг.

Нэг удаагийн уналт ихэвчлэн цөөхөн минут үргэлжилдэг боловч энэ нь хажуугийн хүнд айдас төрүүлдэг. Улмаар эпилепси өвчний талаар мэдлэггүй хүн буруу дүгнэлт хийж болзошгүй юм. Тиймээс эпилепси нь тархины эмгэг боловч, сэтгэцийн эмгэг биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эпилепси өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Энэ өвчнийг эмчлэх хамгийн чухал зүйл бол цаг алдалгүй эмчилгээ хийлгэх гэж мэргэжилтнүүд хэлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авч, эмчилгээг бүрэн төгс хийлгэсэн үед эдгэрэх магадлал 70-75 хувь байдаг байна. Гэтэл манайхан эм уугаад “зүгээр болчихлоо” гээд хаядагаас болж өвчин архагших тохиолдол элбэг гардаг аж. Эпилепсиг эмийн жороор эмчлэхээр болсон бол эмчийн хяналтад доод тал нь тасралтгүй таван жил ууж байж сая эдгэрэх магадлал 80 хувьтай байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Тэдэнд бидний дэмжлэг чухал байдаг

Эпилепси өвчтэй хүн унаж татахгүй бол өдөр тутмын ажил үйлдэлд оролцох бүрэн боломжтой. Орчин үед хэт идэвхжсэн тархины цахилгаан потенциалыг эм ууж дарангуйлах боломжтой болсон. Эм ууснаар уналтын тоог эрс цөөрүүлж, айдас зовиургүй амьдрах боломжтой. Унаж татдаг өвчтөнийг гадуурхалгүй, түүний өвчнийг нь ойлгож, чадварыг нь үнэлэх зэргээр ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх нь чухал байдаг.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2019-11-30 08:01:51
    Sain bichjee.Gevch tur zasag emy muu ajildgaas tsuuhun em n uvchtund tohiroh tohirohguigees shaltgaalj emchilgeegee sain avch chadahgui hohirsoor bna.
    66.181.161.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Sodnom 2015-06-01 06:04:40
    Хөгжилтэй орнуудад ийм унадаг татдаг өвчтэй хүмүүст гаранд нь өнгөтэй, зөөлөн резинэн материалтай бугуйвч зүүж өгдөг юм байна лээ. Хэрэв хэн нэгэн хүн гудамжинд...
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • $$ 2015-02-12 04:17:52
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    103.229.120.64
    Мэдэгдсэн Хариулах
  • zochi 2015-02-10 00:36:16
    ТУСГААРЛАЖ гээч, наад алдаагаа хурдан зас ичмээр юм.
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах