Ач санах агуулга бүхий хуулийн төслөө Засгийн газарт хүргүүлэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг, Д.Сумъяабазар нар ач санах агуулга бүхий Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Энэ хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нөгөө талаар ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлах зарчмаар үзүүлж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас давуу талтай болох юм байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа дараах таван бодлогын хүрээнд гол анхаарлаа хандуулсан. Үүнд:

   1. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих,

   2. Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох, /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг нэмж байх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах/

   3. Ахмадуудыг орон сууцаар хангах,

   4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, /судалгаагаар ахмад настны 68 хувь нь өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх сонирхолтой нь харагдсан/

   5. Сувилал, амралт гэсэн бодлогыг чухалчлан үзжээ. 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй. Ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын  зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь улс орны хөгжилд төдийгүй ахмад настны амьжиргаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллээ.

 Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянга болж нэмэгджээ.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын хуулийг анх 1995 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь ахмад настан бол халамж хүртэгч  гэсэн үзэл баримтлал дээр суурилсан учир нийгмийн халамжийн чанартай заалтууд голлож байна. Харин ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь чухал гэсэн үзэл баримтлалыг дээрх гишүүдийн боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ.
Г.Сүрэн
olloo.mn
          
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine