Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу
УИХ-ын нэр бүхий 16 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын сайд М.Энхсайханд санал асуулга хүргүүлээд байгаа. Тэд, одоо явж байгаа Тавантолгойн хэлэлцээрт эргэлзмээр, илүү тодруулмаар зүйл олон байгааг албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерт ялагчийн 51 хувийг үндэсний компани эзэмших Засгийн газрын тогтоолтой. Одоо шалгараад байгаа “Энержи ресурс-Шиньхуа-Сумитомо” гэсэн хослолд манай улсын дотоодын компани 51-ээс доошгүй хувийг эзэмшиж чадаж байгаа эсэх, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын суурь бүтэц нь  хуулийн дагуу Монголын талын мэдэлд үлдэж байгаа эсэх, энэ тендерт ард түмэнд тараасан 1072 ширхэг хувьцааг  яаж тусгаж байгаа зэргээр 20 гаруй зүйлийг  тодруулахыг хүсчээ. Гишүүд энэхүү асуулгынхаа хариуг УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулахыг хүссэн байна.

Асуулгын албан бичгийг уншвал, Тавантолгойн тендерт шалгарсан хослол дунд Хятадын Шиньхуа-гийн оролцоо хэт өндөр, Сумитомо зөвхөн 30 хүртэл хувийн борлуулалт хийхээр орж ирж байгаа, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Шиньхуа групп эзэмшиж 30 жилийн дараа 51 хувийг нь Монголын талд хүлээлгэж өгөхөөр гэрээний төслийг бэлтгэж байгаа зэрэг нь гишүүдийг ийнхүү асуулга илгээхэд хүргэсэн бололтой юм.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд “М.Энхсайханы ярьснаар Тавантолгойн тендер явах боломжгүй. Энхсайханы ярианд болохгүй, эргэлзмээр юм олон бий. Хэрвээ тэр үгэнд орохгүй, зүтгээд байвал УИХ хариуцлага тооцож болно л доо” гэж хэлсэн удаатай.

Эндээс УИХ “Тавантолгой төсөл”-ийг тийм ч амар батлаад явуулчихгүй нь харагдаж байгаа юм. Гэхдээ удаан дуншсан энэ асуудлыг цэгцэлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нэн чухал болоод байгаа.

Хэрэв энэ төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр амжилттай болвол эхний гурван жилд гурван тэрбум, дараагийн 30 жилд 94 тэрбум долларын ашиг хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоог ажлыг хэсгийнхэн гаргасан. Хамгийн гол нь Монгол Улс энэ төслөөс ашиг авч чадах уу. Аль эсвэл бусдын хоол болгох уу гэдэгт хамгийн ихээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байгаа юм. Ажлын хэсэг ч үүнд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг ярилцлага болгондоо учирлаж байгаа.

Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Том төсөл дээр алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсна. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгойн унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл энэ төсөлд аль нэг нам, бизнесийн бүлэглэл, мөнгө, эд хөрөнгө бус гагцхүү Монголын эрх ашиг, Монголчууд нийтээр ялах нь чухал гэдгийг бүгд чухалчилж байгаа билээ. Хэрвээ Монголчууд ялбал Тавантолгой маань мөнгө, эдийн засаг болж өгөөжөө өгч эхэлнэ. Харин мөнгө, эрх мэдэл ялбал Тавантолгой Монголчуудын мэдлээс гарч,  Оюутолгойн араас  явах магадлал өндөр юм. Тиймээс ч УИХ-ын нэр бүхий гишүүд Тавантолгой төслийн зарим асуудалд эргэлзээтэй хандаж байгаа юм.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-02-05 02:58:49
    Ene tusul yakha kheregtei. Gekhdee Enkhaikhnii khiij bgaa zamaar bish. Bykh yum khuuli togtoomj, shiidveriin daguu baikh yostoi.