Авлигыг номхотгох Нийтийн сонсголын тухай хууль
Ашгүй дээ, аливаа ажил, асуудлаа шйидвэрлүүлэхийн тулд албан тушаалтанд авлига өгөх шаардлагагүй болох нь. Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай, Иргэдийн оролцооны тухай хуулийн төслүүдийг санаачилсан.
 
Энэхүү төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьснаас хойш олон нийт “ашгүй ажил хөөцөлдөхөд амар болж, нуруу тэнийх нь” хэмээж байна. Учир нь дээрх хуулийн санаачлагч “Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгочдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна” гэх үгийг хэлсэн.
 
Үнэхээр бодит байдлыг онож харсан үг хийгээд энэ төрлийн хууль нийгэмд хүлээлт үүсгэсэн гэдгийг төрийн тэргүүн мэдэрч чаджээ. Ерөнхийлөгч дээрх хуулийн төслүүдээс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг “Ардчиллыг ажиллуулах хууль” хэмээн тодорхойлсон.
 
Учир нь энэ хуульд “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал хариуцсан хороо хэлэлцэн хүлээн авсан” тохиолдолд УИХ “Ерөнхий хяналтын сонсгол”-ыг зохион байгуулж, иргэний таьсан асуудлыг шийдэх гэсэн заалт бий. Орон нутгийн ИТХ-ын хувьд ч дээрх зарчим мөрдөгдөхөөр төсөлд тусгагдсан байна.
 
Тиймээс дарга нэр зүүсэн тангараг өргөсөн этгээдүүд ямар нэгэн ашиг сонирхол, атаа жөтөө, ах, дүү, найз, нөхдийн хүрээгээр аливаа асуудалд ханддаг байдал нь үгүй болно гэсэн үг. Хэрвээ хэн нэгний ашиг сонирхол, эрхийг зөрчсөн гэж үзвэл тухайн иргэн, хуулийн этгээд асуудал хариуцсан хороонд хүсэлтээ илгээснээр “дарга” буюу албан тушаалтанд сэм атгуулдаг мөнгөө өөрийн халаасанд үлдээнэ гэсэн үг.  Ингэснээр төр менежерийн ажлаа төвөггүй хийж, иргэд болон хувийн хэвшлийнхэн ч албан тушаалтнуудад бухимдахгүй байх боломжтой болох юм.
 
Тухайн орон нутаг, салбартаа өөрөөс нь өөр эрх мэдэлтэн үгүй мэт аашилдаг дарга нарын хуучинсаг сэтгэлгээ өөрчлөгдөх шанг татах энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нь дэгээдэж унагахыг хүсэгчид чамгүй олон бий. Үнэн чанартаа хууль батлагдах хамгийн өндөр босго нь УИХ. Одоогийн парламентын гишүүдийн хувьд дээрх хуулийн төслүүд нь өөрсдийгөө боомилох олсыг бэлдэж байгаагаас өөрцгүй. Учир нь Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ  хуульд өөрсдөө ч бүдэрч мэднэ гэдгээ аль эрт мэдчихсэн байгаа.
 
Тиймээс хэлэлцүүлгийнх замыг нэлээд бартаатай болгох биз. Энэ тухайгаа зарим гишүүн "Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэхээр бөөнөөрөө дэмжээд гаргаад байж болохгүй. Тэгэхээр сайн судлаж үзэх хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй асуудлыг Ерөнхийлөгч ганцаараа олж хардаг. УИХ 76 гишүүн нь муу муухайн үүр уурхай мэт байдаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж болохгүй” гэх зэргээр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа.
 
Үнэн хэрэгтээ нийгэмд ийм агуулгатай хууль шаардлагатай байна гэдгийг мэдэрсэн л юм бол өөрсдөө санаачлах боломж, эрхтэй байсан шүү дээ. Гэсэн ч өөрийнхөө “дархан” эрхийг үүрдийн мэт хадгалан үлдэхийн тулд ганц үг ган хийгээгүй байж өдгөө хууль санаачлагчийг гоочилж байгаа нь зохистой үйлдэл гэж хэлэхэд тун ч хэцүү.
 
 Зарим нь бүр гоочлох аргаа олж ядан “Сонсгол хийнэ гэдэг чинь социализмын үе рүүгээ буцаж байгаагийн шинж” гэх үгийг чулуудах болжээ. Үнэндээ тэрхүү хуучин цаг гэж адлах үеэс авах юм зөндөө бий. Тэгснээрээ өнөөг хүртэл алдаа, оноогоо дэнсэлж чаддаг газрууд байсаар л байна. Тухайлбал УБТЗ-ынхан л гэхэд баасан гараг бүрийн өглөө "Сонсгол”- оо хийсээр ирсэн. Олон ажилтантай болоод ч тэр үү, тэд сонсголынхоо үеэр УБТЗ- ын удирдлагуудын тогтоол, шийдвэр болон ажилтанд ногдуулсан хариуцлага, шагнал урамшуулал гээд бүхий л асуудлын талаарх мэдээллээр хангагдаж чаддаг. Энэ бол мэдээж хуучны арга барил.
 
Харин шинэ буюу хуулийн төсөлд тусгаснаар бол өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэлсэн ажлаа хуулийн хүрээнд хийдэг хүн айгаад, одооноос тэвдээд байх ямар ч шаардлагагүй. Чухамдаа манайхан л гэж хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэдэггүй болохоор дээрх хуулиудыг эсэргүүцэхийг илүүд үзээд байгаа юм.
 
Улстөрийн нам, судлаачдын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч уг хуулиуд дээр Ерөнхийлөгч хатуу байр суурьтай буйгаа чуулганы индрээс илэрхийлсэн. Түүний хувьд, ард иргэдийн төр, албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явцыг тусгайлан хуульчлах нь “Үнэт зүйлтэй хүн” байхад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-01-30 06:07:40
    Хуучин арга барилын агуулга нь зөв бол арга замыг нь өөрчлөөд хэрэглэхэд болохгүй гэх газаргүй. хэдэн цагаар хуралдахын дотоод сүлжээгээр хэлэлцэж болно.
    203.91.118.170
    Мэдэгдсэн Хариулах