Төрийн өндөрлөгүүд эзгүй өдрүүд
Өнгөрөгч өдрүүдэд тө­рийн тэргүүн эзгүй байлаа. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэх­жүүлэх бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаа­гийн уулзалтад оролцсон юм. Мөн “Энх тайван, тогтвортой, хамтын ажил­лагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэл­цэл, харилцан уялдааг нэ­мэгдүүлэх нь” сэдвийн дор болсон арга хэмжээнд үг хэлж хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Түүнийг яваад ирэхтэй зэрэгцэн Засгийн газрын тэргүүн ч мөн хилийн дээс алхсан юм. Тэрбээр ОХУ явж, тус улсын Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Д.Медведевтэй уул­заж хэлэлцээр хийн, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон.

Тэдний энэхүү айлч­лалыг олон нийт анхаа­рал­тай ажиглахын зэрэгцээ хөрш гүрнүүд манай улсыг гадуурхах, дээрэлхэх бай­дал ажиглагдаж байна хэмээн шүүмжилж байлаа. Гэсэн хэдий ч албаны эх сурвалжууд дээрх айлч­лалуудыг үр дүнтэй түүхэн үйл явдал болсон хэмээн дүгнэж байгаа юм.

Харин төрийн өндөр­лөгүүдийг эзгүй байх хой­гуур манай парламентад хэд хэдэн онцгой зүйл бо­лов. Ту­хайл­бал улсын мөнгөний бодлогыг “баригч” Мон­гол­банкны ерөнхийлөгч Н.Зол­жаргалыг суудлаас нь салгая гэдэг саналыг УИХ дахь бие даагч гишүүд гаргачихсан байгаа.

“Изнис”-ийн дампуурал эдийн засгийн байдлыг харуулав

Сүүлийн хэдэн сарын турш эдийн засаг, хямарлаа, элгээрээ хэвтлээ, олон аж ахуйн нэгж хаалгаа барилаа гэж байсан ч нүдэнд ил байсан нь үгүй. Гэтэл өнгөрөгч долоо хоногт “Изнис Эйрвейз” агаарын тээврийн ХХК-ийн удирдлагуудын хий­сэн мэдэгдэл олныг гайхшруулж орхи­сон юм. Тэдний хувьд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд голлон орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан.

Түүнчлэн УИХ-ын нэгд­сэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн то­дот­голыг хэлэлцэн батал­сан. Энэ удаагийн то­дот­­голыг эдийн засагчид бо­лон олон ний­тийн зүгээс хүүх­дэд зориулах мөнгө­нөөс та­наж, барилга байшинд шил­жүүллээ хэмээн ихэд таа­ламжгүй хандаж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон НИТХ-ын төлөөлөгч Т.Гантөмөр нар нийслэлийн данхайсан бүтэц болон төсвийн үргүй зардлын талаар сэтгүүлчдэд дэлгэсэн. Тухайлбал нийс­лэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2012 онд 3809 албан хаагчтай байсан бол 2014 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг бай­гууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27.2 хувиар өсчээ. Цалингийн зардал нь 2012 онд 25.8 тэрбум байсан бол 2014 онд 50.2 тэрбум төгрөг болж өссөн буюу 94.5 хувиар цалингийн зардал өссөн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар онцоллоо. Тэдний цалин хоёр жилийн өмнө 25.8 тэрбум байсан бол энэ онд 50.2 тэрбум төгрөг болж, 94.5 хувиар өссөн хэмээн тайлбарласан.

Рейлбус зогсоолоо товлож, согтуу залуу сандаргав

Хэдхэн хоногийн өмнө Монголын төмөр замаар явахаар ирсэн Рейлбус хаа­на, зог­сож, хаашаа явах тухай шийдвэрийг алба­ныхан та­нилцууллаа. Шинэ унаа Амгалан-Толгойтын чиг­лэлд зургаадугаар са­рын 6-наас эхлэн Таван­шар, Барс-2 захын зүүн тал, Вокзал, Дундгол, Наран­туул, Улаанхуран гэсэн байрш­луудад зогсохоор болжээ.

Энэ тухай мэдээлэл ца­хим ертөнцөд ноёлохтой зэрэгцэн “согтуу хүн өндөр хүчдэлийн шон дээр авир­лаа” гэх мэдээ­лэл хаа саагүй тарах болов. Тодруулбал Гурвалжингийн гүүрний ойролцоох өндөр хүчдэлийн шон дээр согтуу хүн авирч 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яр­гайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын хэ­рэглэгчдийн цахилгаан эр­­чим хүчийг гурван цаг хэр­тэй хязгаарлуулж, олон нийтийг багагүй бухим­дуулсан.

Мөн өнгө­рөгч өдрүүдэд нийслэлийн хөшөө, дурс­­галуудын хөдөлгөөн одоо ч хүртэл зогсоо­гүйг “анхаа­руулав”. Тухайлбал жуулч­­ны гудамж буюу “Урт цагаан”-ы урд байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Сам­буу­гийн гу­дамжны төгсгөл Гэсэр сү­мийн уулзвар руу “туухаар” болжээ.

“Сэрэлт”-ийн Бумаа хөшөөтэй болох нь

“Сэрэлт” кино Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан нь саяхан. Тэр киноны нэгэн чимэг нь орос эмчийн туслах Бумаа буюу МУГЖ Т.Цэвээнжав гуай байсантай хэн ч маргахгүй биз. Тэгвэл түүнд зориулж хөшөө босгох болсон байна. Тэрбээр Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг олон бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг.

Монголын киночид ашиг орлогоо мэдүүлдэг бо­лоод удаагүй байгаа. Гэх­дээ үүнээс үүдэн долоо хо­ног тутамд хэний кино тэргүүлж, хэний бүтээлийг үзэгчид илүү ихээр үзэж байгааг мэдэх боломжтой болсон. Тэгвэл өнгөрөгч до­лоо хоногт залуу уран бү­тээлч­дийн хамтран бүтээсэн “Хүүгүй ломбард” кино тэргүүлсэн байна.

Харин шинэ киноны тухайд “Шүүдэр” продакш­ны дэлгэцийн уран бүтээл “Улаан пальто” кино мөн өдрүүдэд нээлтээ хийсэн. Уран бүтээлчдийн хувьд Э.Чинзориг найруулж, гол дүрд нь жүжигчин О.Долгор тогложээ.

Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.