Долоо хоногийн тойм
Өнгөрч долоо хоног адал явдал, сонин содон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тэр тусмаа улс төрийн амьдрал халуухан байлаа. Түүхэндээ анх удаа 2015 оны төсөв нэг ч өдөр хэрэгжилгүйгээр тодотгол хийгдлээ. Мөн төсөв хэмнэх нэрээр янз бүрийн хэмнэлт хийх гэсэн санал Засгийн газраас гарсан боловч олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, жирэмсэн болон одонтой ээжүүдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, хабрид машины татвар нэмэгдүүлэх байдлыг буцааж хэвэнд нь байлгахаар болов.

Мөн Багануур, Налайх дүүргийг хот болгох асуудлаар иргэдээс санал хураалт явуулав. Энэ мэтчлэн олон үйлдэл өрнөсөн юм.
 
Өрийн таазыг 58.3 хувиар баталлаа
 
Эрх баригч намуудыг талцуулаад байсан өрийн таазыг 58.3 хувиар батлахаар боллоо. Уг нь Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өрийн хэмжээг 60 хувьд хүргэхээр оруулж ирсэн. Гэвч МАН-ынхан болон бусад  гишүүдэд таалагдаагүй учир УИХ-ын чуулганаар Засгийн газрын хуулийг өөрчилж улсын өр ДНБ-ий 58.3 хувиас хэтрэхгүй байхаар боллоо.

УИХ-ын зарим гишүүдийн хэлж байгаагаар 60 хувь, 58.3 хувийн хооронд 460 тэрбум төгрөгийн зөрүү үүсэж байгаа аж. Хэрэв 60 хувиар нь баталбал Засгийн газар 460 тэрбумын зээл авах эрх үүсчих учир одоо байгаа өрийн хэмжээгээр нь батлахыг илүүд үзсэн нь энэ. Мөн Засгийн газар 900 тэрбум төгрөгийн бонд гаргахаар зэхэж байгааг оруулан тооцсоноор өрийн хэмжээ 58.3 хувьтай тэнцэж байгаа болохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. УИХ ч Засгийн газрыг бонд гаргахыг дэмжсэн.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэж бууруулах эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.
 
2015 оны төсвийн тодотголыг хийлээ
 
Засгийн газар одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжээс танах,цалин тэтгэврийг нэмэгдүүлэхгүй гэх мэт саналыг 2015 оны төсвийн тодотголд оруулж ирсэн нь нийгэмд нэлээн шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс энэ талаар намын бүлгүүд ярилцаад тэтгэмжүүдийг хэвээр үлдээж, өөр эх үүсвэрээс танах, орлого бүрдүүлэх аргыг гаргалаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байгаа юм байна.

Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Түүнчлэн улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцжээ.

Улсын төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг таван хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.
 
Дэд сайд нарын суудал дэнжигнэж арайхийж тогтов
 
Энэ долоо хоногийн шуугиан тарьсан бас нэгэн асуудал бол Засгийн газар дэд сайдтай байх уу, үгүй юу гэдэг асуудал байсан юм.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүд дэд сайд нарын орон тоог хасаж,тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг оруулсныг чуулганы хуралдаанаар дэмжсэн юм. Гэтэл маргааш нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж дэд сайд нарын орон тоог бууруулах асуудлыг оруулж ирэх   тохиолдолд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эхлээд оруулж ирэх ёстой.

Тиймээс дэд сайд нарын орон тоог хасаж, зардлыг танах саналыг  хэлэлцэх боломжгүй гэх  зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн. Ингээд уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд дэд сайдгүй байх саналыг дэмжээгүй юм. Засгийн газрын 17 дэд сайдын жилийн нийт зардал нь 590 сая төгрөг болдог аж.
 
Ийнхүү дөнгөж томилогдоод удаагүй байсан дэд сайд нар нэг өдрийн дотор огцорч маргааш нь буцаад томилогдлоо.
 
Багануур, Налайх дүүрэг хот боллоо

 
Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн. Багануур, Налайх дүүргийн иргэд хот байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд энэ сард багтаан уг асуудлаар дүүргийн нийт иргэдийн дунд санал асуулгыг явуулсан юм.
 
Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга хоёр өдөр үргэлжилсэн. Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс санал асуулгад 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгчээ. Үүнээс 95,76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн байна.

Налайх дүүрэг 34575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62,3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ.

Ингэснээр Багануур, Налайх дүүргийн иргэдийн олонхын саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барих юм.
 
.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.