Б.Шоовдор “Алтан Гран-При” -д түрүүллээ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд  болж байна. Эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Саяхан улсын хошой аварга болсон Б.Шоовдор 58 кг-ын жинд өнгөрсөн онд Казахстан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын барилдаанд японы бөх Кавай Рисакод 0:7 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль дээр бууж байсан бол энэ тэмцээнд нэгдүгээр тойрогт түүнийг хожжээ. Дараагийн тойрогт беларуссын бөх Вероника Ивановаг ялж хагас шигшээ барилдаанд канадын бөх М.Фазарийг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд  казахстаны бөх Айсулуу Тыныбековаг 4:1 онооны харьцаагаар ялж аварга боллоо.

69 кг-ын жинд О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт молдавын бөх С.Саянког төвөггүй хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд канадын бөх Й.Доротийг 10:0 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх Н.Воробьёвад цэвэр хожигджээ. О.Насанбурмаа энэ тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх болов. О.Насанбурмаа санаачилгатай, давшингуй барилдсан ч чац, бяр дутаж хоёрдугаар үед өмсөх дархан мэхэнд нь орж ялагдсан, дэвжээний шүүгч барилдааны эхнээс л манай бөхийг улайм цайм дарамталж байжээ.

57 кг-ын жинд Э.Бэхбаяр нэгдүгээрт тойрогт С.Батболдыг ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд дагестаны бөх Исмаил Мусукаевт 1:11 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Артём Гебековыг 2:1 онооны харьцаагаар дийлжжээ. И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ын жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ын жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш даруй 13 жилийн дараа Э.Бэхбаяр хүрэл медаль авч тасарчихаад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ.

53 кг-ын жинд Э.Сумьяа беларуссын бөх Ирина Курочкинаг ялж дараа нь мөн улсын бөх Надежда Сушкод дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх А.Исмагулова дэвжээнд гараагүй учир ялалт авчээ.

57 кг-ын жинд Д.Цогтбаатар эхний тойрогт якутын бөх В.Лебедевт 2:7 онооны харьцаагаар ялагдсан ч дагах барилдаанд беларуссын бөх А.Лачиновыг ялж хүрэл медалийн төлөө барилдаанд якутын бөх Н.Скрябинд 0:3 онооны харьцаагаар дийлджээ.

Нэгдүгээр тойрогт 57 кг-ын жинд Б.Номин дагестаны бөх Даудов Зелимханыг 7:5 онооны харьцаагаар, 74 кг-ын жинд Д.Гомбодорж оросын бөх Артур Хуцистовыг 10:4 онооны харьцаагар хожсон байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-01-25 01:37:00
    s, battsetseg turuul;sen
    150.129.140.207
    Мэдэгдсэн Хариулах