Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг дахин өргөн барив
Газрын   тосны   тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төслийг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар удаа дараа хэлэлцсэн ч нэгдсэн чуулганаар хуулийг батлах эсэх тогтоол олонхийн дэмжлэг аваагүй билээ. ИймээсУИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг төсөлд тусган дахин өргөн барих тухай яригдаж байсан. Тус хуулиин ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Болорчулуун "Энэ хуулийн хамгийн гол заалт нь бүтээгдэхүүнээс олсон орлогоо Монголоор дамжуулах тухай байсан юм. Харамсалтай нь ашиг сонирхлын зөрчлөөс болж гишүүд хуулийг баталсангүй. Тэр дундаа МАН-ынхан бүлгээрээ энэ хуулийн эсрэг санал өгсөн нь тэдний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж буйг харуулсан хэрэг боллоо. Тэд эдийн засгаа сайжруулъя гэж байгаа ч, эх орноо гэсэн бодол тэдэнд алга. С.Одонтуяа гишүүн ч мөн адил нөхөр нь Газрын тосны газрын дарга болохоор хуулийн төслийн эсрэг санал өгч байсан. Энэ бүхэн тус хуулийн цаана ямар их ашиг сонирхлын зөрчил байгааг илтгэж байна" гэж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн,  Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалий хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг хуульчиллаа. 

Хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс зарим ойлголтыг өөрчилж, нэмлээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  тус тус боловсруулсан тухай төсөл санаачлагч дуулгасан юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.