УИХ-ын гишүүн Д.Батцогт Хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр  Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мейер, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын олон улсын зөвлөх Дэвид Тажман, Мооней Пруденс Жудит болон Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Ноён Тим Дэ Мейер  хэлэхдээ “Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо болон Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван талын оролцоотойгоор явуулж буйд дэмжиж байлаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд цаашид олон улсад нээлттэй байх, зах зээлийн нөхцөлд нийцүүлэх, ажлын байран дахь суурь эрхийг хангах, ажилтанд Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцлийг хангах зэрэг чиглэлд гол анхаарал хандуулан, зөвлөгөө, зөвлөмж өгч байлаа” гэв.

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Хөдөлмөрийн яам зохих журмын дагуу хуулийн төслийг боловсруулж буйг дуулгасан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд дэмжинэ хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын нэг. Тиймээс 2012 онд Засгийн газраас Хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулсан” хэмээгээд уг ажилд туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувиар дэмжин ажиллах болно гэв.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine