Улсын төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэхийг зөвлөлөө
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар эдийн засгийн 2015 оны төлөв, хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Дараах дүгнэлтийг хийж байна.
 
Үүнд: 1. Уул уурхайн салбараас хэт хамаарсан манай эдийн засагт сүүлийн гурван жилийн дотор гадаад валютын орох урсгал ДНБ-ий 72 хувьтай тэнцэх хэмжээгээр дутагдсанаас эдийн засгийн өнөөгийн хүндрэл бий болсон. Тухайлбал, 2011 онтой харьцуулбал 2012-2014 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт -6.8 тэрбум, экспортын орлого -2.2 тэрбум ам.доллараар тус тус буурсан байна. 

2. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь 2015 онд эдийн засгийг агшуулахгүй байлгах, хувийн хэвшилд ирэх ачаалал, дарамтыг бууруулах, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн дотоод актив, хуримтлал, хадгаламжийг үнэгүйдлээс сэргийлэх, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дунд, урт хугацаанд тогтвортой тэлэх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн шийдэл хэвээр байсаар байна. 

3. Эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн харилцан уялдаа бүхий макро бодлогын цогц өөрчлөлтийг хийх нь төлбөрийн тэнцлийг ашигтай болгох, Монгол Улсын гадаад активыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг 2015 онд дахин тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхээр байна. 
 
Дээрх дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Засгийн газарт дараах зөвлөмжийг хүргүүлэхээр тогтлоо. Үүнд:   Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө (CMAP)-г боловсруулан хэрэгжүүлж, энэ хүрээнд: Нэгдүгээрт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, хоёрт, улсын төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх, гуравт, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх арга хэмжээ авах. 

Эдгээр арга хэмжээг нэгдсэн байдлаар хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалж, нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэн, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.   
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.