Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны өсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Засгийн газрын гадаад өрийн асуудлыг хөндөн ярьсан. Тэрбээр, одоо байгаа өрийн хэмжээг нэмэгдүүлэх санал оруулж ирж байгааг, Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдээд байгаа шалтгааныг тодруулах нь зүйтэй хэмээж байлаа.

УИХ-ын гишүүн А.Тлейхан санхүүжилтгүйн улмаас ажлынх нь 70-80 хувь нь хийгдсэн обьектуудын ажил зогсоод байна гээд шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахгүй ингээд зогсоох гэж байгаа хэрэг үү хэмээн тодруулсан юм. Сангийн сайд С.Пүрэв, ажлаа хийлгэчихээд мөнгө байхгүй гэж хэлэх арга байхгүй. Нийт 210 тэрбумын өртөгтэй обьектуудтай холбоотой асуудал бий. Гэрээ байгуулаагүй, ажил нь эхлээгүй обьектуудыг хасвал 120-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Ажил нь хийгдсэн, хийгдээд явж байгаа газруудад Засгийн газраас өрийн бичиг гарган өгөөд, хөрөнгө оруулалтын асуудлыг ондоо багтан шийднэ гэж хариулсан юм.

Энэ өдрийн хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах байсан ч санал гаргасан Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарын гишүүд саналаа татан авч байгаагаа мэдэгдсэн учир төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан дээрх хуулийн төсөл 2015 оны төсвийн тодотголтой холбоогүй учир төслийг хэлэлцэхээс өмнө нарийн судалгааг хийх нь зүйтэй хэмээж байлаа. Тэрбээр, иргэдийг орон сууцаар хангахын тулд түрээсийн орон сууц барих асуудлыг дэмжих ёстой. Залуу гэр бүлүүд шууд байр худалдан авах боломжгүй. Тиймээс эхлээд түрээсийн байранд амьдарч байгаад орон сууцны асуудлаа шийддэг. Гэтэл түрээсийн байр бариад түүнийгээ түрээслүүлж буй хүмүүсээс татвар аваад эхлэхээр энэ салбар уруу орж ирэх хүн байхгүй болно. Хоёр ба түүнээс илүү орон сууцтай бол татвар авна гэдэг буруу. Нэг хүн дөрвөн орон сууцтай байлаа гэхэд нэгэнд нь амьдраад бусдыг нь түрээслүүлж байна. Тэр түрээслүүлж байгаа байранд нь өөр айлууд амьдарч байна. Орон сууцнаас нь татвар авах бус түрээслүүлээд олж байгаа орлогоос нь татвар авч болно. Түрээсийн орон сууц барих асуудлыг дэмжиж байж хотын утаа, гэр хорооллын асуудлыг цэгцлэх боломжтой гэж хэлсэн. Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ хууль төсвийн тодотголтой холбоогүй гээд хууль батлагдсанаар 2015 оны төсөвт ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Төсвийн байнгын хороотой хамтран байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасан ч санал хураалтаар олонхын дэмжлэг авсангүй. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад хүргүүлсэн талаар УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулсан. Тус намын бүлгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь С.Бямбацогт нарыг оруулах санал ирүүлсэн бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.