Хэн юу хэлэв
Д.Тэрбишдагва: МАН АН-д жийгдэх биш, шаардлага гарвал орхиод явах чадвартай улс төрийн хүчин шүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан дээр “бантан хутгаж” байх үед Н.Алтанхуяг сайд “Бид МАХН-тай санамж бичигт гарын үсэг зурсан” хэмээн мэдэгдсэн нь сөрөг хүчний шүүмжлэлийг ихээр хүртсэн билээ.

Тэгвэл энэхүү шүүмжлэл явцын дунд Ерөнхий сайдыг биш МАХН-ыг чиглэж, гишүүд “МАХН Засгаас гарахгүй гэсэндээ АН-ын үйлдэл бүрийг өөхшүүлж байх гэлээ”, “Энэ тохирооны ард ямар балиар улс төр нуугдаж байгаа бол” гэхчилэн шүүмжилсэн. Тэгвэл МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва энэхүү санамж бичгийн талаар хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрбээр санамж бичиг байгуулах болсон шалт­гаанаа “Аль нэ­гийнх нь ажил хэн нэгэнд нь таа­лаг­дахгүй бол огцруулах би­чиг өгч гүйхээ больё гэж ярилц­сан юм. Бид нэгэнт хамтарч ажил­лаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс санамж би­чигт гарын үсэг зурсан юм.

Эл­дэв гацаагүйгээр ажлаа хий­­мээр байна шүү дээ” хэ­мээн тайлбарласан бол “Зас­гаас гарахгүй гэхдээ АН-тай үгсэж, тохиролцсон” гэж шүүмж­­лэгч­дэд “Бид хам­тарч хийсэн гэ­рээнийхээ да­гуу хэлсэн ярь­сандаа хүрч ажил­лана. Хэр­вээ шударга бус үйл ажил­­лагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чад­вартай улс төрийн хүчин шүү” хэ­мээн хатуухан хариу барьсан байв.

Гэхдээ тэрбээр шударга бус юм гэж яг юу хэлснийгээ тодорхой ярьсангүй. Эрхэм сайдын яриа­наас харахад, одоогоор АН-МАХН-ын харилцаанд  “шударга ёс” үйлчилж байгаа юм байна.
    
Б.Бат-Эрдэнэ: Эдийн засаг нь шалан дээр, авч байгаа зээлийнх нь хэмжээ тэнгэрт байна

УИХ-ын чуулганы өчигд­рийн нэгдсэн ху­рал­даанаар гишүүд төс­вийн тодотгол хэлэлцсэн. Энэ үед Б.Бат-Эрдэнэ гишүүн ам.дол­ла­рын ханшийг тогтоохгүйгээр тө­сөвт тодотгол хийгээд ямар ч нэмэргүй хэмээн ихэд бу­химдсан.

Өр зээлтэй байхыг үзэж чаддаггүй монгол зан өөрч­лөгдөөд байгааг ихэд ха­чирхан гайхсан эрхэм гишүүн “Эдийн засаг нь шалан дээр, авч байгаа зээлийнх нь хэмжээ тэнгэрт байна.

Зээл авахгүй бол энэ улс чинь хөдлөж чадахаа больчихсон улс уу. Өрийн асуу­­дал хүнд байдалд хүргэнэ гэд­­гийг мэдээд байдаг. Гэхдээ дэм­­жих ёстой өр тавих ёстой гээд байдаг нь ямар учиртай вэ” гэх зэргээр шүүмжилсэн юм. Нээрээ ч төлж дийлэхгүй зээл авч хэрэггүй гэдгийг 10 жи­лийн хүүхэд ч мэддэг шүү дээ.

“Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх номд “Бид олон ул­сын агентлагуудаар эхлээд ту­хайн улс орны эдийн засаг ирээдүйд маш их өсөх юм шиг өөдрөг төсөөлөл гаргуулж, зээл авахуулдаг. Дараа нь улс­төрчдийг нь хахуульдаж бай­гаад тэр мөнгийг зардлаа удаан нөхдөг дэд бүтэц гэх мэт зүйлд оруулж алдагдалд оруул­на. Үйлдвэрлэсэн бүтээг­дэ­хүүнийг нь худалдаж авах­гүй. Ингээд улс оронд үй ойл­­голцол, улс төр, эдийн зас­гийн хямрал үүсдэг” хэмээн тов тодорхой бичсэн байдаг.

Гэ­тэл зарим хүмүүс “Ямар ч хэ­рэг­гүй ном, капиитализмыг эсэр­гүүцсэн коммунистуудын сур­тал ухуулга” гэж тухайн үедээ бичиж байв даа. Латин Америкийн орнууд, Ирак, Өмнөд Судан, Сири гээд шинэ, шинэ жишээ гарч ирээд байхад л дуугүй суугаад байгаа юм шүү дээ.

Г.Шийлэгдамба: Их өрийн асуудлыг сөхөж байгаа нь улс төрийн шалтгаантай

“Монголросцветмет” нэгд­лийн Монголын та­лын хувь хөрөнгийг бүр­дүүлэх зорилгоор ЗХУ-аас зээл­сэн 180 сая ам.долларын зээл одоо болтол төлөгдөөгүй бай­гаа гэсэн мэдээлэл хэвлэлд гарч шуугиан тарьсан билээ.

Мон­гол Улсын Засгийн газар уг өрийг тэглэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийж, 97.8 хувийг хөнгөлүүлэн үлд­сэн 3.6 сая ам.долларыг 2011 оны төсөвт суулгасан тухай мэдээлж байсан ч энэ онд хойд хөршийн хэвлэлд дээрх 180 сая ам.долларын өр хэвээр байгаа гэсэн мэдээлэл гарснаар энэ сэдэв анх сөхөгдсөн юм.

Тэг­вэл энэ асуудалд МАН биш, МАХН илүү санаа зовж, хэв­лэлээр тайлбар хийжээ. МАХН-ын нарийн бичгийн дар­га Г.Шийлэгдамба “Одоо хэв­лэлээр яригдаад бай­гаа 180 сая ам.долларын ту­хайд Мон­голросцветмет нэг­­дэл, Эр­дэ­нэт үйлдвэртэй холбоо­той.

Их өрийн нэг хэсэг хэмээн тайл­бар­­лаж байгаа нь тухайн үед их өрийг тэглэх багц асуудлуудад оруулж байсантай холбоотой. Түүнээс биш улс хооронд тавь­сан өрөөс ангид. Ер нь их өртэй хол­бон гаргаж ирж байгаа асууд­лууд нь өөрсдийнх нь ярьж, бичиж байгаагаар зүгээр л улс төрийн ашиг сонирхолтой хол­боотой” хэмээн өгүүлсэн байна.

Гэхдээ түүний хэлж бай­гаад бас эндүү ташаа зүйлс байна. “Их өр” гэдэг бол ЗХУ-ын үед хамаарах өрийг хэлж байсан. Яригдаад байгаа 180 сая ам.доллар бол их өрийн нэг хэсэг мөн. Дорж, Иван хоёр нийлж байгуулсан үйлдвэр биш шүү дээ. ЗХУ, Монгол хоёр улс нийлж байгуулахад Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэх зорилготой зээл.

Тиймээс их өрийн хэсэг мөн. Н.Энхбаяр, МАХН /тухайн үеийн нэрээр/ монголчууд өргүй боллоо гэж хэлэх эрхгүй байсан юм. Гэтэл “бага сага асуудал үлдсэн” гэж амандаа аяархан шивнэсэн хэр­нээ их өр тэглэсэн гэж чанга хашгиран улс орныг “уяраагаад” хаячихсан билээ.

Л.Болд: Бид ийм ардчиллыг хүсээгүй
 
Газрын тосны газрын дар­га Д.Амарсайхан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид саа­туулагдаад байхдаа нас барсан ха­­рамсалтай хэрэг өнгөрсөн до­лоо хоногт гарсан билээ. Түү­ний энэхүү хэрэг Монголын хууль шүүхийн байгууллагын өнөө­гийн байдлыг гадаад ертөн­цөд муугаар харуулах шалтгаан болжээ.

Гадны хэвлэлүүдээр “Монгол Улс асар том шорон болжээ” гэсэн утгатай нийт­лэ­лүүд цацагдаж, олон сайт дам­жин гарсан. Тэгвэл УИХ-ын Ги­шүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Хүний эрхийн дэд хороооны хурал дээр энэ асууд­лаар маш хурц шүүмжлэл хэл­сэн нь олон нийтэд зохих нө­лөөгөө үзүүллээ.

Тэрбээр 1990 оноос хойш бид юуны төлөө тэмцсэн юм бэ. Бид ийм айдсын төлөө 20 жил ажиллаагүй юм шүү. НАХЯ дуртай хүндээ дуртай хэргээ тулгадаг байсан. Бүх хүнийг айдаст байлгаж байсан. Бид өнөөдөр НАХЯ-тай л ижил байна. Бид хувьсгал хийж байж өөрчилсөн, одоо дахиад та нар НАХЯ байгуулах гэж байгаа бол үүнийг өөрчлөх гэж дахиад хувьсгал хийх болох уу. Бид бүгдээрээ нэг эх оронтой. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хямралтай байна.

Хөрөнгө оруулалт буурлаа л гэж байна. Үүнд хүн бүрийн оролцоо байгаа шүү. Тэр дундаа хуулийн байгууллагын оролцоо асар их байгаа шүү. Өнөөдөр дэлхий хавтгай болж, нэг мэдээллийн орон зайд амьдардаг боллоо. Монголыг дэлхий дахин яаж дүрсэлж байна? Монгол Улс бол асар том шорон юм” гэсэн нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдээр гарлаа.

Үүний цаад эзэд нь хэн юм бэ. Ямар зорилгоор гадаадад ийм нөхцөл байдлыг үүсгэж, нэр хүндийг маань унагаж байгаа юм бэ. Үүний үр дагавар нь айл өрх, хүн бүрийн амьжиргаанд очиж тусч байгаа шүү дээ. Энэ байдлаас хамгаалахын тулд манай хуулийн байгууллага юу хийж байгаа юм бэ. Хэн тайлбарыг нь өгч байгаа юм бэ.

Хэн няцаалт өгч байгаа юм бэ. Эсвэл үнэн юм уу, том шорон юм уу. Хүний эрхийн үндэсний комисс энэ мөрөөр юу хийх юм бэ. Хүний эрхийн дэд хороо хуралдаад одоо нэг тайлбар гаргах ёстой байх.  “ШШГЕГ-ын хорих байранд хүн нас барахыг ноцтой учрал гэж хэлдэг юм байна. Үнэндээ энэ бол “учрал” биш Монголын эмгэнэл” хэмээн мэдэгдсэн юм.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2014-05-23 19:09:53
    Манай улс яав ч бишээ. энэ юу л болж хувирах бол гэдэг асуудал монгол хүн бүрийн толгойн өвчин болж байна. Бид чинь хаашаа яваад байна аа. хөгжил үү? мөхөл үү?. хүнээрээ хүн хийж чадахгүй байж сайхан байшин зам юуны хэрэг байна. Үүнээс илүү үнэтэй юм Мон
    188.244.38.9
    Мэдэгдсэн Хариулах