“PC”-д донтсон 40 хүүхэд эмчлүүлж байна

Нийслэлд интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй бий гэх судалгаа байдаг ч өдөр ирэх тусам олширч хоосон байр сав болгон цахим тоглоомын газар болсон хэмээн иргэд гомдоллодог. Энэ төрлийн зөвшөөрөл авахад ч хялбархан юм билээ. Чамгүй ашиг олдог энэ бизнесийг бараг хүссэн бүхэн нь орц, хонгилд  ажиллуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүүхэд, залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна. Тоглоомын газруудад архи тамхи хэрэглэн, хонон өнжин тоглох нь эрс нэмэгдэж хүүхдээ сурагласан эцэг эх цагдаагийн байгууллагад хандах болсоор удаж байгаа. Хүүхдүүд агаар муутай  бохир орчинд ширхгийн хоол, ундаагаар голоо зогоон гэрээсээ даажин өдөр шөнөгүй цахим ертөнцөд “тулалдах” нь тэднийг сэтгэцийн эмгэгттэй болгож донтуулж байгааг эмч нар хэлж байгаа юм.

Хүүхдүүд PC тоглоомонд донтож улмаар  Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс бидний хэлж заншсанаар “Шар хад”-ны эмнэлэгийг  зорьсон юм. Төмөр сараалжин хаалгатай, бетонон хашаа бүхий эмнэлгийн хашаагаар оров. Хуучирч элэгдсэн барилга, эмнэлгийн хаалгыг дөнгөж татмагц угтсан эль хуль байдал гээд цаанаа л дүнсгэр  хөндий  Эмнэлгийн хоёр давхарт гарвал дүүргүүдийн  нэр өлгөсөн өрөөний гадаа хүмүүс дараалал үүсгэсэн харагдана. Сэтгэцийн өвчтэй нөхрөө үзүүлэхээр сугадсан жирэмсэн  эмэгтэй, хүн хүн рүү харж чангаар  инээх хүүгээ аргадан явах эмээ ч байна.

Биднийг  Хүүхэд өсвөрийн үеийн эмчийг хүлээх зуур хэд хэдэн эмэгтэй 3-5 насны хүүхэд дагуулсаар ирж дараалал авлаа. Сөөвгөр үсээ ишигний эвэр шиг хоёр салаа боож, эрээн алаг хувцас өмссөн мурийлдан татаж, үл мэдэг инээвхийлэх  гурван настай охиноо ээж нь эвийлэн хайрлаж байн байн үнсэх нь үрээ гэсэн эх хүний сэтгэл агуу гэдгийг бодогдуулж сэтгэл өвтгөх шиг.

Хэсэг хугацааны дараа хүүхдийн эмчийн зааж өгснөөр эмнэлгийн дотоод журмын дагуу гадуур хувцсаа тайлж, цэнхэр өнгийн нөмрөг нөмөрч, улавч өмсөөд “Хүүхэд, өсвөр үе” гэх хаягтай наймдугаар тасгийн үүдэнд ирлээ. Үүдэнд нь “Хүүхэд тайван амарч байна. Та хонхыг нэг удаа дарна уу” гэсэн бичиг хадсан байв. Тус эмнэлгийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Б.Баярмаа “Чимээ гаргаж болохгүй шүү. Хүүхдүүдийн сэтгэл санааг тайван байлгах ёстой” гэв.

Хаалганы цаанаас элэг эмтрэм дуу сонсогдох аж. Уйлж орилон, шулганах чимээ...Энэ тасагт янз бүрийн шалтгаанаар сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Эмчийн өрөө рүү алхах замд саажилттайгаас болж  нүд халтирам төрхтэй болсон хүүхдүүд харагдав. Тэдний хувьд удамшлын оюуны хомсдолтой юмуу эхийн хэвлийд байхдаа архи тамхи хэрэглэснээс үүдсэн сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд байна. Энэ тасагт жилд 250 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэнэ.

Бид их эмч Б.Баярмаатай ярилцах зуур цахим тоглоомонд донтсон хүүхдүүд эмчлүүлж байгаа тасагт орлоо. 13-16 насны арваад  хүүхэд тэнд байна. Зарим нь орон дээр хэвтсэн харагдав. Харин хоёр хүүхэд шоо  шажигнуулан эвлүүлж гар нь компьютер тоглоом тоглосоор дассан байдалтай бараг үеэрээ нугларахгүй байгаа нь ажиглагдав. Яагаад энд ирсэн билээ гэхэд огт дуугарахгүй, биднээс жийрхэж байгаа нь илт. Нүд нь гөлийж хамаг анхаарлаа шоо руу хандуулсан эрэгтэй хүүхэд тоглоом тоглосоор байгаад ирсэн гээд инээв. Инээх үед царай нь сонин болж догшин төрхтэй болох нь анзаарагдав.

Уг нь харваас сэргэлэн байрын хүү юм. Хажуу өрөөнд ганцаараа хана гөлрөн хөдөлгөөнгүй суух  хүү ирээд гурав хонож байгаа аж. Биднийг дэргэдүүр нь өнгөрөхийг ч анзаарсангүй.  Энэ үеэр Б.Баярмаа эмч “Хүүхдүүдэд аль болох тоглоомыг нь орлох эмчилгээ хийдэг. Эдгээр хүүхдүүд архаг сульдаанд орсноос  нүүр ам нь татвалздаг уналт таталт өгдөг , зан төрхийн өөрчлөлттэй орж ирдэг. Зарим хүүхэд их догшин зантай болсон байдаг.Асрамжийн газрын хүүхдүүд  ч цөөнгүй ирдэг. 

Саяхан гурван настай хүүхэд газ үнэрлээд түүндээ донтож манай эмнэлэгт эмчлүүлсэн. Хүүхэд гурван нас хүрт­лээ аав ээжийн хайрыг гүйцэд мэдрээгүй бол тог­лоомонд амархан донтдог. Донтолт удаан хугацааны турш үүсдэг учраас  бүрэн эдгэрнэ гэж байхгүй. 10-12 хоногт хор уршгийг нь таниулах сэтгэл заслын эмчилгээ хийгээд гаргана. Ер нь дахиад тоглоом тоглох, эмчлэгдэх эсэх нь гэр бүл, өөрсдөөс нь шалтгаална. Хүүхдүүд донтохоороо сэтгэцийн хараат байдалд орж мөнгөгүй бол бусдын тоглож байгааг харж тайвшрах, цаашлаад бүлэглэн хулгай дээрэм хийж тоглоом тоглох мөнгөө хайдаг” гэлээ.

Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийн тоо 2009 онд 18 байсан бол 2012 онд 30, энэ оны хагас жилийн байдлаар 40  хүүхэд эмчлүүлсэн нь жил ирэх тусам хурдацтай өсөж байгаа тоо гэдгийг албаны хүн онцолсон юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс гадна зөвлөгөө аваад гадуур эмчлүүлж байгаа хүүхэд олон байдаг байна. Мөн  25 ортой энэ тасаг  сурагчдын амралтаар нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлэх тохиолдол ч гардаг гэнэ. Эмчлүүлээд гарсан хүүхэд давтан эмчлүүлэх нь цөөнгүй байдаг аж.

Дашрамд дурдахад эцэг эхчүүд хүүхдээ хоол, өмсөх хувцсаар нь дутаахгүй өсгөж байгаагаа хайрлаж байна гэж эндүүрдэг гэдгийг эмч хэллээ. Ха­рин таны хүүхэд буруу зам руу хальтирч гудамжны буланд газ үнэртэж, найзындаа хононо гэчихээд цахим толгоомын газарт хонож байгаа юм биш биз.  Та хайртай үрээ хаана юу хийж байгааг нэг анзаараарай.

С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.