Монголын сайхан бичигтнүүд улам олон болох болтугай

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцогчдын тоо буурсан ч, оролцож буй бүтээлүүдийн хувьд улам чанаржсан байна-

“Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 18 дахь удаагийн шилдгүүд өнөөдөр/2015.01.12/ тодорлоо. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Хэнтийгээс бусад бүх аймгаас бүтээлүүд ирсэн бөгөөд нийт 800 гаруй хүн оролцож, тэдгээрийн тодроос шилдгийн шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулсан байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс бага оролцогч орсон. Гэсэн ч оролцогчдын ирүүлсэн бүтээл бичлэгийн ур чадвар, өнгө хийц жилээс жилд сайжирч байгаа нь ажиглагдлаа. Мөн шагналын сан өсч байгаа нь ч оролцогчид бүтээлийн чанарт анхаарлаа хандуулахад нөлөөлсөн болов уу хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Бүтээл бичлэгүүдийг үндсэн зургаан ангилалд хуваан өрсөлдүүлсэн. Тодруулбал, 1-7-р ангийн сурагчдын, 8-11-р ангийн сурагчдын, 12-р ангийн сурагчдын, Мэргэжлийн багш нарын, Насанд хүрэгчдийн, Уран бичлэг, уран бүтээлийн гэсэн 6 ангилалд шилдэгүүдээ тодруулсан. Улмаар уралдаанд ирүүлсэн шилдэг 99 бүтээл, үйс, торго, мод арьсан эдлэлүүдээс гадна арвижихуйн бэлгэдэл болсон дорно дахины алдартай урлаг цаасан урлагийг Монгол бичигтэй холбосон бүтээлүүдээр Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаад байгаа юм.



“Монгол сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулан өгдөг уламжлалтай. Гэвч энэ жил төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүрэлцэн ирж амжсангүй. Гэхдээ өөрийнхөө оронд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг явуулсан байлаа.



Тэрээр арга хэмжээний үеэр ““Монгол уран бичлэг”-ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн бахдам амжилт байсан. Монгол хэл бичгийн эрдэмтэд, багш, оюутнууд, энэ уралдаанд оролцогчид бол Монголынхоо түүх соёлыг уламжлан авч яваа гавьяатай хүмүүс юм. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг тасралтгүй 18 жил зохион байгуулж, эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулан, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчилдаг “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархал илэрхийлье.  Их эвслийн Засгийн газрын гишүүний гадаадад хэрэглэдэг нэрийн хуудасны нэг тал нь англиар, нөгөө тал нь босоо Монгол бичгээр байдаг. Харин дотооддоо хэрэглэдэг нэрийн хуудасны нэг тал нь кирилл үсгээр, нөгөө тал нь босоо Монгол бичгээр байдаг. Үүнийг албан ёсоор журамлаж хэрэглүүлж байгаа. Ер нь Монгол төрийг төлөөлж буй хүмүүс гадаад, дотоодод хэрэглэдэг албан бичигтээ англи хэлнээс гадна босоо Монгол бичгээ хэрэглэдэг ийм журамд шилжээд ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Миний хувьд энэхүү арга хэмжээнд анх удаа оролцож байна. Тэгээд Ц.Оюунгэрэл гишүүн, Л.Энх-Амгалан гишүүнийхээ уламжлалыг хадгалж, дараа жилийн наадмаас эхлээд өөрийнхөө зүгээс энэ арга хэмжээг нэг сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцож байя" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ жилийн хувьд шагналын сан өндөр болсон гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Тодруулбал, тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчийг хилийн чанадад аялуулах, төгсөх ангийн дөрвөн сурагчийг Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэйгээр МУИС, МУБИС-д Монгол хэл, эх бичиг судлалын мэргэжлээр суралцах боломжийг олгосон юм.

Гэвч Их, Дээд сургууль Монгол хэл, эх бичиг судлалын чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах оюутны тоонд чамлалтай байна хэмээн БСШУ-ны дэд сайд Б.Тулга хэлсэн юм. Энэ тухай тэрээр “Монгол бичгээ мэддэг, түүгээр уран гоё бичдэг хүн бол Монголоороо гоёно гэдэг шиг аль ч улс оронд Монгол орноо гайхуулан, сурталчлах чадвартай болж байгаа юм. Тиймээс Монгол бичгийг сонирхож, түүгээр өөрийгөө хөгжүүлж байгаа залуусыг дэмжиж урамшуулахаар энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний цаад чухал ач холбогдол нь түүхээ мэдэхэд оршиж байгаа. Манай дундад зууны үеийн түүхийн маш олон баримт бичиг, хууль, ном зохиолууд босоо Монгол бичгээр бичигдсэн байдаг. Эдгээр түүхүүдийг уншиж судлахын тулд Монгол бичгийг төгс эзэмших шаардлагатай болж байна. Үүнийг дэмжихийн тулд бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулсаар байна. Мөн Их сургуулиудын удирдлагуудтай ярилцлаа. Гэхдээ сургуулиуд хоёр хоёрхон хүүхэд суралцуулахаар болж байгаа нь хангалттай тоо биш юм. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой юм байна гэж бодогдож байна” гэв.

Гэхдээ  хоёр гэлтгүй төгсөх ангийн сурагчдыг дэмжиж байгаа явдалд сурагчид баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ “ “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан оролцож, төгсөх ангийн сурагчдын ангилалд шилдгээр тодорч МУБИС-д дөрвөн жил 100 хувийн тэтгэлэгээр суралцах болсондоо үнэхээр баяртай байна. Миний хувьд эх хэл, эх бичиггүй Монгол хүн гэж байх ёсгүй гэж боддог. Тийм ч учраас энэ чиглэлээр бэлтгэж, тэмцээн уралдаанд оролцож, чамлахааргүй амжилттай суралцаж байна” гэсэн юм.



Энэ жилээс эхлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн нэрэмжит шагналыг уран бичигтнүүддээ гардуулахаар болсон байна. Түүний хувьд “уран бичигтэн” улсын уралдааныг тэр үеийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж байжээ. Энэ тухайгаа “Миний хувьд 1993 онд Монцамэ агентлагийн “Ил товчоо” сонинд Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэх албан тушаалыг хашдаг байлаа. Тэр үед “Хүмүн бичиг” сонины анхны дугааруудыг гаргаж байсан юм. Улмаар “Уран бичигтэн”-ий уралдааныг улс орон даяар зохион байгуулж эхэлж байсан түүхтэй. Г.Акем  , Ц.Шагдарсүрэн Ш.Чоймаа багш нартайгаа хамтран энэхүү “уран бичигтэн” шалгаруулах уралдааныг зохион байгуулж байсан. Энэ уралдаан маань өнөөдрийг хүртэл тасралгүй үргэлжилж, явагдаж байгаад би хувьдаа баярлаж, бахархаж байна. Монголын ард түмний дэлхийн соёлд оруулсан хамгийн том өв бол Монгол бичиг юм” гэсэн юм.





Монгол бичгийг өнгөрөгч 2014 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын үнэт өв”-өөр бүртгэсэн. Гэхдээ Монголын ард түмэнд “Монгол бичгээ яаралтай хамгаалах” сануулгатайгаар бүртгэсэн байдаг. Ер нь бичиг үсгийг хамгаална гэдэг нь албан ёсоор хэрэглэхийг л хэлж байгаа юм. Албан ёсоор төрийн хэмжээнд хэрэглэхгүй бол Монгол бичиг устах нөхцөл бүрдсэн гэдгийг ЮНЕСКО-гоос анхааруулжээ.

Тиймээс Монгол бичгээ хайрлан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэхийн тулд зөвхөн багш, эрдэмтдээр хязгаарлагдахгүй, Монголын ард түмэн бүгд оролцох шаардлага тулгараад байгаа юм. Энэ утгаараа “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ач холбогдол өгч байгаа билээ. Гэхдээ Монгол бичгээ шилдэг уран бичээч, сайхан бичигтэн гээд хэдхэн хүмүүс дунд хэрэглэгддэг зүйл төдий байгаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Монголчууд минь Босоо Монгол Бичгээ шимтэн суралцаж, Монголын сайхан бичигтнүүд улан олон болох болтугай гэж ерөөе.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-13 01:58:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах