Өсвөр насныхан дээрэмдүүлэх явдал ихэсчээ
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болсон хэд хэдэн тохиолдол гарсан байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын НХЖХГ-ын УСХ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.

-Хүүхдүүд гэмт хэргийн халдлагад өртөх тохиолдол их гарч байна гэсэн?

-Ерөнхий боловсролын сур­гуулийн улирлын амралттай холбоо­тойгоор сургуулийн насны хүүхдүүд гэмт халдлагад өртөх тохиолдол багагүй гарч байна. Тухайлбал, дээрмийн халдлагад ихэвчлэн 14-15 насны хүүхдүүд өртсөн байна. Эдгээр хүүхдүүд гар утсаа дээрэмдүүлэхдээ бусдад зо­дуул­сан гэх олон тохиолдол бүрт­гэгдэн шалгагдсан. Учир нь хүүхдүүд үзвэр үйлчилгээний газруудаар буюу олон хүнтэй газарт явахдаа үнэтэй гар утсаа ил бариад явж байдаг.

Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсаараа тоглох, дуу сонсох зэргээсээ болж хулгай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болох то­хиолдол багагүй бүртгэгдсэн. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад хараа хяналт тавьж анхаарах шаардлагатай.

-Гэмт хэргийн хохирогч болохоос гадна холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа байх?

-Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд хэн нэгэнд уруу та­тагдан гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсан. Учир нь зарим эцэг ,эхчүүдийн хараа хяналт сулаас  нэг нэгэндээ уруу татагдан  хэсэг бүлгээрээ нийлж нэгнийгээ дээрэлхэх, дээрэмдэх хэрэгт холбогдсон хүүхдүүд ч байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ 15 нас хүрчихсэн, биеэ даах чадвартай болсон гэж тоохгүй орхиж болохгүй гэдгийг сануулах нь чухал. Хэдий  хүүхэд өсвөр насанд хүрсэн ч хэнтэй хаана, юу хийж байгаад нь заавал хараа хяналт тавьдаг байх нь эцэг, эх асран хамгаалагч та бүхний үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна. Тэгээд ч энэ насандаа хүүхэд хэн нэгэнд уруу татагдаж гэмт хэрэгт холбогдох нь их байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Сургуулийн хүүхдүүд амарч зугаалахдаа ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдох буюу бэртэж гэмтсэн тохиолдол хэр их бүртгэгдэж байгаа вэ?

-Сургуулийн амралт эхэл­сэн болохоор энэ үед тэдний уулзалтууд ямар нэгэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй болж байгаагаас үүдсэн асуудал их гардаг. Тухайлбал, агаар салхинд гарч гулгах, амрах зугаалахдаа хэсэг бүлгээрээ харгалзах хүнгүйгээр явж байна. Үүнтэй холбоотой болзошгүй аюул осолд өртөх, гэмт хэрэг, зөрчил, гэмт халдлагын хохирогч болж  болзошгүй юм.

Саяхан буюу энэ сарын 2-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагч  золгүй байдлаар хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Тодруулбал, “Хандгайт” амралтад хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад 60 настай эрэгтэй Б-г  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 15 настай эрэгтэй  Г нь санамсар болгоомжгүй байдлаасаа болж чаргаар мөргөж, золгүй байдлаар амь насыг нь хохироосон хэрэг шалгагдаж байна. Сурагчдын амралт дуусах болоогүй байна. Тиймээс ч хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.

-Сүүлийн үед томчууд олноороо харзны усанд орох болсон байна. Үүнтэй хол­боотойгоор ямар нэгэн гэмт хэрэг зөрчил танайд бүрт­гэгдсэн тохиолдол байна уу?

-Ер нь жилийн жилд сурагчид амралтынхаа өдрүүдэд салхинд гарах, гулгахаар хэсэг бүлгээрээ нийлж явдаг. Гэхдээ энэ жилийн хувьд харьцангуй дулаахан байгаа. Тиймээс нийслэлийг тойрсон гол хөлдөөгүй байна. Тиймээс голд живж эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай гэдгийг гол дээр тоглохоор явж байгаа хүүхдүүддээ анхааруулах хэрэгтэй байна.

Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй байгаа. Гэхдээ өмнөх жилүүдэд гол цөмөрч эрүүл мэнд амь насаараа хохирсон нэлээн олон тохиолдол бүртгэгдэж, шалгагдаж байсан. Сүүлийн олон нийтийн цахим сүл­жээ­гээр иргэд харзны усанд орж байгаа зургуудийг маш их тавьж байна. Гэтэл үүнийг нь хүүхдүүд дуурайж харзны усанд орохоор очоод эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь хэт туйлширч хүн бүр фэйсбүүк хуудсандаа харзны усанд орж байгаа фото зургийг тавьж байгаа.

Тиймээс энэ тал дээр бас анхаарахад илүүдэхгүй байх.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-12 04:45:42
    Эцэг эхд нь шууд даатгах ёсгүй хэрэг хүлээгээд бүртгэж суудгаа болиод гадуур явж ажиллах хэрэгтэй.Миний цагдаа намайг хамгаална гэдэг шүү.
  • 1958.mn 2015-01-12 01:40:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!